Монгол Улсад хоёр дахь удаагаа буюу энэ сарын 19-ний өдөр агаар мандалын стратосфер давхрагад чөлөөт хийн бөмбөлөг хөөргөн, сансрын тоосонцор судлах туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ.
Энэхүү туршилтыг Монголын техник технологийн дээд сургууль, Японы Чибагийн Технологийн дээд сургууль болон Паспермиа Астроэкономикс судлалын хүрээлэн хамтран хийжээ. Хамтарсан туршилтаар хийн бөмбөлгийг Тэрэлжээс 12:06 цагт хөөргөж, 23 км-ын өндөрт хийсэн хоёр цагийн чөлөөт нислэгийн дүнд Баяндэлгэр сумаас урагш долоон км зайд буулгасан байна.
Энэхүү туршилтын агаарын бөмбөлгийг агаар мандалд хөөргөж, сансрын тоосонцорыг барьж авах зорилготой бөгөөд цаашид илүү гүнзгийрүүлэн судлахыг судлаачид дурдаж байв.
Ийм туршилтыг Монгол Улсаас гадна Японы Хокайдод хийдэг бөгөөд сансрын бичил биетнийг олж цуглуулж, судалгаа шинжилгээ хийж байгаа ажээ
Уг туршилтыг хийхэд агаарын бөмбөлгийг 40 км өндөрт хөөргөх үед буцаж 100 гаруй км-ийн радиус дотор унадаг байна. Иймээс Япон улсад туршилт явуулахад хөөргөсөн бөмбөлөг эргээд далайд унах эрсдэлтэй учраас уудам газар нутагтай Монгол улсал туршилтаа хийхээр судалгаагаа эхэлсэн байна.
Монгол Улсад анхдугаар олон улсын сансрын бөмбөлгийн симпозиумыг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. Харин анхны туршилтыг зургаадугаар сарын 10-ны өдөр Арвайхээр хотод хийж, агаарын бөмбөлгийг 40км өндөрт нисгэж, Өвөрхангай аймгийн Баянгол сумын төвөөс зүүн урагш 6км газарт буулгаж байжээ.
А.СҮРЭН