УИХ-аас баталсан товлолоор нэг сарын дараа буюу ирэх аравдугаар сарын 19-нд сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Эл сонгууль нь Ардчилсан нам, МАН-ын хооронд өрнөх дүр зураг бууж байна. Учир нь нэр дэвшигчдээ бүртгүүлсэн оролцооноос харахад ийн дүгнэхэд хүрч буй юм.
Ингэхдээ Ардчилсан намын хувьд УИХ-ын сонгуулийн ялагдлын дараах даагаа нэхэх сонгууль байх бол эрх баригч хүчин МАН-ын хувьд ялалтаа баталгаажуулж чадах уу гэдгийг шийдэх өрсөлдөөн болно.
Сонгуулийн ерөнхий хорооноос нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумыг 1792 тойрогт хуваажээ. Хүн амын тоо, газар зүйн байршил зэргээс шалтгаалж тойрог бүрт ногдох мандатын тоо харилцан адилгүй ч 7006 суудлын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр болж, нэрээ бүртгүүлэн баталгаажуулсан байна.
Эдгээрээс зарим аймгийг тодруулбал, Архангай аймагт 101 тойрогт 433 мандатын төлөө 847 хүн өрсөлдөхөөр болж, бүртгүүлсэн бол Ховд аймагт 91 тойрог дээр 810 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Хүн ам хамгийн олонтойд тооцогддог нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 32 тойрогт 41 мандатын төлөө 82 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлж, баталгаажуулсан байна. Мандатын тоог нь задалбал 1, 2, 7, 22-26 дугаар хороонд тус бүр хоёр мандат, бусад хороодод тус бүр нэг мандат ногджээ.
УИХ-ын сонгууль болохоос ердөө сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог үгүй хийн, тойргийг жижигсгэсэн нь бие даагчдад халтай туссан төдийгүй зөвхөн нэг нам хэт олонхиороо гарч ирэх боломжийг олгосон нь бие даагчид болон жижиг намууд энэ удаагийн орон нутгийн сонгуулиас завсарлага авахад хүргэв үү гэлтэй, тооны хувьд цөөрсөн дүр зураг бууж байна.
Хуулиараа нэр дэвшигчдийн сонгуулийн сунгаа ирэх аравдугаар сарын 1-нд эхэлнэ. УИХ-ын сонгуулийн нэгэн адил сурталчилгааны хугацаа 17 хоног үргэлжилнэ. Тиймээс 10 хүрэхгүй хоногийн дараа нэр дэвшигчдийн сонгуулийн штабынхан айл, айлын хаалга татан сурталчилгааны материалуудаа тараах ажилд орно, харин нэр дэвшигч хороо, сумыг хэрхэн хөгжүүлэх тухайгаа иргэд, сонгогчдод таниулах учиртай.
Нэг үгээр илэрхийлбэл, орон нутгийн сонгууль нь иргэн таны оршин амьдарч буй сум, баг, хороо, дүүргийг ирэх дөрвөн жилд хэрхэн хөгжих вэ гэдгийг тодорхойлдог учраас илүү хариуцлагатай сонголтыг сонгогч хийх учиртай гэсэн үг юм.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд бүртгүүлсэн нэр дэвшигчдийн бүртгэлийг тандвал бие даагч болон жижиг намууд харьцангуй бага өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
УИХ-ын сонгууль болохоос ердөө сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог үгүй хийн, тойргийг жижигсгэсэн нь бие даагчдад халтай туссан төдийгүй зөвхөн нэг нам хэт олонхиороо гарч ирэх боломжийг олгосон нь бие даагчид болон жижиг намууд энэ удаагийн орон нутгийн сонгуулиас завсарлага авахад хүргэв үү гэлтэй, тооны хувьд цөөрсөн дүр зураг бууж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өрсөлдөх нэр дэвшигч дунд нэг ч бие даагч байхгүй, тэр бүү хэл Ардчилсан нам, МАН, Монголын Ногоон нам гэсэн гурван намын төлөөллийн дунд өрсөлдөөн болохоор байна.
Харин Ховд аймагт Ардчилсан нам, МАН, МАХН гурван намын төлөөллөөс нэр дэвшигчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Гэтэл 2016 УИХ-ын сонгуульд нийслэлийн дүүргийн нэг тойрогт 10 гаруй нам, эвсэл, 4-5 бие даагч өрсөлдөж байсан бол орон нутагт ч мөн 10-аад нам, эвсэл, 3-4 бие даагч тулалдаж байсныг сануулахад ёстой болов уу. Ингэхдээ санал хуваах зорилгоор нэр нэгтэй дэвшигчид олноор өрсөлдөж байсан технологи энэ удаад өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын тоотойгоо зэрэгцээд бас цөөрсөн аж.
Сонгуулийн бэлтгэлийг хэрхэн хангасан, яаж удирдсан бэ, намын гишүүд нь нэг цул болж ажиллаж чадсан уу гээд олон зүйлээс шалтгаалж, ялалт авах, ялагдал хүлээх эсэх шийдэгддэг.
УИХ-ын сонгуульд есхөн суудал авч, сөрөг хүчний байр суурьт шилжсэн Ардчилсан нам ялагдлаасаа сургамж авав уу гэлтэй хамгийн тэргүүнд сонгуулийн бэлтгэлээ ханган, ажилдаа оржээ.
Өнгөрсөн долоо хоногт тус намын Гүйцэтгэх зөвлөлөөс орон нутгийн сонгуулийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбатыг орон нутгийн сонгуулийг удирдан орох даалгаврыг өгсөн бол орон нутгийн намын байгууллагууд ч хаа, хаанаа бэлтгэлээ хангаж, ажилдаа орсон байна.
Ардчилсан намын сонгуулийн штаб “Залуучууд” зочид буудалд байрлахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүдэл суудал хийцгээсэн байна.
Харин эрх баригч намын хувьд энэ талын асуудал нь орхигдож яваа гэх мэдээлэл байгаа ч хэзээний хөл сайтай нам нэг л өглөө зохион байгуулалтад ороод сонгуулийн ажилдаа орох тул өрсөлдөгч намууд нь тайвширч болохгүйг сануулах хэсэг ч байна.
Орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгааг тандахад иймэрхүү дүр зураг бууна.
Г.ХОРОЛ