Монгол Улсад морилон саатаад байгаа Ю.Цэдэнбал агсны хүү Зориг өчигдөр Монгол улсын иргэний үнэмлэх, гадаад паспортаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас гардан авсан мэдээ олны анхаарлыг татаад байна. Учир нь, Ц.Зоригийг ОХУ-ын иргэн байсан учраас Монгол улсын иргэний үнэмлэх олгох нь хуульд харшилсан эсэхийг иргэд мэдэхийг хүсч байгаа юм. Ц.Зориг ОХУ-ын иргэншлээс татгалзсан Монгол Улсын иргэн болов уу, эсвэл МАН-ынхан шоу хийгээд иргэншлээсээ татгалзаагүй байгаа хүнд Монгол Улсын иргэний үнэмлэх гардуулж, хуулиа зөрчив үү зэрэг олон эргэлзээг араасаа дагуулж буй.
Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад Ц.Зориг нь Монгол Улсад мэндэлж, ерөнхий боловсролын дунд сургуулиа Улаанбаатар хотод төгссөн, Монгол Улсын иргэн юм байна. Нэгэн үе ОХУ дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байсан ч 1990-ээд оны үеийн бужигнааны үеэр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Мөн Монгол Улсын иргэн мөн гэдгийг 1997 онд Монгол Улсын шүүхээс тогтоож байжээ. Энэ үед өмгөөлөгчөөр нь Монгол Улсын Гавьяат хуульч С.Нарангэрэл ажиллаж байсан аж.
Монгол Улс 2000 оны эхэн үеэр иргэнийхээ бүртгэлийг шинэчилсэн. Түүнд Ц.Зориг хамрагдаагүй байсан учраас шинэ иргэний үнэмлэхийг, гадаад паспортын хамт өчигдөр гардуулжээ.
Харин сая Монгол Улсын хилээр орж ирэхдээ хуучин бичиг баримтаа ашигласан юм байна. Тодотгож хэлбэл, шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, мөн гадаад паспорттой болсноор бичиг баримтын зөрчилгүй болжээ.
Г.ДАРЬ