“Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.09.21-нд нийтлэгдсэн

“Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн нээлт боллоо

“Сайн цагийн залуус” төрийн бус байгууллагаас санаачлан байгуулсан “Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн нээлтийн ёслол өнөөдөр /2016.09.21/ боллоо. Төвийн нээлтийн ёслолд тус төвийн тэргүүн, Хуульчдын холбооны гишүүн хуульч О.Алтангэрэл, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд болон бусад албаны хүмүүс оролцож, төвийн үйл ажиллагаатай танилцав.

Нээлтийн үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд төвийн үйл ажиллагаанд амжилт хүсээд, "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа буюу хуульчид бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх нь эрх ашигаа төдийлөн хамгаалж чаддаггүй нийгмийн эмзэг бүлгийнхэнд томоохон тус болохын зэрэгцээ иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй оролцох боломжийг хангаж байгаа хэрэг" хэмээн онцолж байлаа. Мөн тэрбээр "Хуульчдын холбооноос гишүүн хуульчдынхаа санаачилсан бүхий л үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахын зэрэгцээ энэхүү нийтэд тустай үйл ажиллагааг бусад хуульчид ч үлгэрлэн авч хэрэгжүүлэхийг уриалж байна" гэв.

“Иргэний хамгаалалт”  төв нь иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 102 дугаар сургуулийн зүүн талд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Ашгийн төлөө бус, сайн дурын байгууллага болох тус төв нь иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэх аж. Үүнд:

  1. Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөх,
  2. Эрүүгийн болон Захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох,
  3. Иргэний эрх зүй болон Захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд амаар болон бичгээр зөвлөгөө өгөх,
  4. Шүүхэд гаргах нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлт, гомдлын эх боловсруулах, шүүхэд төлөөлөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх,
  5. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хооронд иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход туслах гэрээ, хэлэлцэл, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шаардлага гэх мэт эрх зүйн ач холбогдолтой баримт бичгийн эх боловсруулах зэрэг юм.

Мөн тус төв нь иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулах сургалт, хөтөлбөр, сурталчилгааг явуулах бөгөөд ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж