Д.Эрдэнэбат: АН хүний хэлснээр задардаг нам биш

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: АН хүний хэлснээр задардаг нам биш

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс орон нутгийн сонгуулийн штабыг удирдан ажиллах үүрэг хүлээгээд байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр /2016.09.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ирэх аравдугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлснээс 7500 орчим нь Ардчилсан намын гишүүд аж.

Тэрбээр энэ тухай “Орон нутгийн сонгууль нь МАН-ын зүгээс хийсэн олон ухралтыг зогсоох, нөгөө талаас ардчиллын төлөөх бусад намууд, иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд нэгдэн энэ бүх ухралтыг зогсоох хариуцлагатай сонгуулийн өмнө ирж байгаа. Тийм учраас Ардчилсан намын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлана. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор бүртгэлийн хугацаанд үл ялиг шалтгаанаар нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, сонгуулийн хорооны бүтцээ нэг талыг барьж байгуулах зэргээр сонгуулийн хуулийн зөрчлийг үүсгэх зэрэг маргаантай асуудал бий. Хууль хяналтын байгууллага шалгаад шийдвэрээ гаргах байх. Тэгэхдээ сонгуулийн штаб бүх нэр дэвшигчдээ дэмжих, орон нутгийн сонгуульд зохион байгуулалттай орох бэлтгэлдээ орлоо гэж хэлж болно.

Сонгуультай холбоотойгоор эргэлзээ дагуулж буй нэг асуудал нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөн юм. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан Ардчилсан намд ирсэн. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно.

УИХ-ын 2016 оны сонгуулиар царцааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд гомдол үүсгээд явж байна. Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. Энэ бол бидний сонгуульд оролцох, иргэд зөв сонголт хийх ганц боломж юм” гэлээ.

Мөн “Ардчилсан намын шинэчлэлийн асуудалд олон хүн санаа чилээж байгааг ойлгож байна. Нэг чулуун дээрээ бүдэрсэн хүн дахиад бүдэрнэ гэдэг ухаантай хүний шинж биш. Алдаа оноо аль аль нь байсан. Тэгэхдээ нээлттэй нам байсан. Эрх ашигтаа хөтлөгдөж бидний алдаан дээр дөрөөлсөн 2016 оны сонгууль сөрөг үр дүнг авчирсан. Тийм учраас Ардчилсан намын шинэлчлэлийн асуудлыг орон нутгийн сонгуулийн үеэр орхигдуулахгүйгээр цаашаа яриад явна.

Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа хойш 16 жилийн нүүр үзэж байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийхээр төлөвлөсөн, хийнэ. Ард иргэд Ардчилсан намыг шинэ даргатай болоосой гэж хүлээж байгаа гэж бодохгүй байна, харин шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүсэж буй болов уу.

Ардчилсан намын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын шинэчлэл болно гэж харахыг хүсэж байгаа. Энэ зүйл рүү шинэчлэл явуулахыг хүсэж байгаа.

Их хурлаараа шинэ дүрмээ батална. Орон нутгийн сонгуультай хамтатгаад орон нутгийн сонгуулийн дараа шинэ дүрмийн хэлэлцүүлгийг нийт ард иргэд гишүүдийнхээ дунд хийх нь зөв гэж үзэж байна. Намын даргыг нийт гишүүд дэмжигчдийнхээ дундаас гаргах нь зөв.

Ардчилсан намын шинэчлэлийг нээлттэй харуулах ёстой гэж бид үзэж байгаа.

2017 он Ардчилсан намын хувьд шинэчлэлийн жил байх болно, энэ шинэчлэл нь 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах суурийг тавьсан цоо шинэ шинэчлэл байх болно гэж үзэн ажлаа төлөвлөж байна” гэлээ.

Дээрх мэдээлийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Ардчилсан намын залуучуудын зүгээс фракциудын зөрчлөөс болж 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн. Тийм учраас Ардчилсан нам тарах ёстой гэж үзэж байна?

-Ардчилсан нам бол ард түмний дундаас бий болсон, үндэсний хэмжээний нам. Нийт иргэдийн 35 хувь байдаг нам. Тийм учраас тэдний санал бодол оролцохгүйгээр задарна тарна гэдэг ойлголт байхгүй. Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан уу гэвэл байсан. Сөргөөр нөлөөсөн. Алдаагаа давтахгүйн тулд манай шинэчлэгчид арай өөр байр сууринаас хандах ёстой гэж хэлж байгаа. Залуучуудтайгаа би уулзсан, ярьсан. Бодлого дээрээ нэгдсэн фракц байх нь зөв шинэ дүрмийнхээ хүрээнд хийх ёстой гэж үзсэн. Тийм учраас би залуучууддаа одоо та нар яваад сумынхаа жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонс, тэрний дараа дахиад эрэмбэлээд яръя гэсэн. Ингэх нь бидний хувьд зөв шийдэл.

Ардчилсан нам нэг хэсэг хүний хэлснээр задардаг нам биш ээ гэдгийг хаа, хаанаа хатуу ойлгох ёстой.

-Намын дүрмийн шинэчлэл дээр ажиллаж байгаа гэлээ. Намын гишүүдээрээ хэлэлцүүлэх хугацаа бий юм уу?

-Намын дүрмийн шинэчлэлийн анхны драфтыг 6 жилийн өмнө хийсэн. Зургаан жил хийхдээ 2 удаа орон нутгийн намын байгууллагаар хэлэлцүүлсэн байдаг. Өнөөдөр Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа, ҮЗХ-ны хуралдаанаар Их хуралд оруулах үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулахаар төлөвлөж байгаа. Хугацаа хангалттай.

-Дүрмийг ҮЗХ-ны хуралдаанаар оруулъя гэж байна. Гэтэл ахмадууд ҮЗХ-ны бүрэлдэхүүн эрх зүйн чадамжгүй фракцидаа хуваагдчихсан, Хурлаас үр дүнтэй шийдвэр гаргадаггүй гэх юм?

-Үндсэн дүрмийг өнөөгийн ҮЗХ батлахгүй, үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг ажиллаад ирэх 12 дугаар сарын 6-нд үндсэн дүрмээ Их хурлаараа батлахад хуучин ҮЗХ өөрөө шинэ дүрмийнхээ хүрээнд татан буугдана. Бүх зүйл цоо шинээр эхлэх ёстой гэж харж байгаа. Хөрсөн дээрээсээ ургах ёстой. 16 жилийн дараа Ардчилсан нам хоёр дахь амьсгалаа авахдаа зөв авах ёстой гэсэн хатуу байр суурин дээр байгаа.

-АН олон янзаар дуугарч байна, нэгдэж чадах юм уу?

-Муугаар ярих юм бол Ардчилсан намыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Сайнаар ярих юм бол Ардчилсан нам долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэж ярьдаг. Би сүүлийнхэд нь санал нэгддэг, цаашдаа тэвчиж явна.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүчгүйдээд байна уу гэж харагдах боллоо?

-Парламент дахь 65х9 гэсэн тоог харьцуулаад үздээ. Хариултыг нь хэлнэ. УИХ дахь Ардчилсан нам бүлэг буруу шийдвэрт байр сууриа хангалттай илэрхийлж байгаа.

“Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосон асуудалд байр сууриа тодорхой илэрхийлсэн.

“Сайн оюутан” хөтөлбөр хариуцлагын хөтөлбөр байсан гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Мөнгөний бодлогоор хэрэгжиж байсан зээлийн бодлого. Хэрвээ “Сайн оюутан” хөтөлбөрт оюутан хамрагдсан бол сургуулиа сонгох, мэргэжлээ сонгох эрх нь өөрийнх нь нуруун дээр хариуцлага болж бууж байсныг харамсалтай нь байхгүй болгосон. Мөнгө хүүлдэг олон сургуулийг үгүй болгохын төлөө байсныг өөрчилсөн нь алдаа болж байгаа.

-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ тарах ёстой гэх. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ тараасай гэдэг мэдээ хаанаас явж байгаа юм мэдэхгүй. Энэ нам дүрэмтэй журамтай энэ хүрээндээ асуудлаа шийдээд явж байгаа.

-УИХ-ын дарга асан З.Энхболд “Тавантолгойг монголчуудад авч үлдлээ” гэж байсан боловч өнөөдөр үнэгүйдэж, энэ орд үндсэндээ Хятадуудын мэдэлд орсон тухай ярих боллоо. Австралын нүүрс үнэ ороод байхад Монголын нүүрс үнэ ордоггүй?

-“Эрдэнэс тавантолгойн” асуудал дээр манай нүүрсний үнэ яагаад өсөхгүй байна вэ гэдэг асуудал яригдах болсон.

Анх “Эрдэнэс тавантолгой”-н борлуулалтын гэрээг хийхдээ барьцаалж авсан зээлэн дээрээ тэгшитгэж хийсэн гэрээ нь өнөөдөр сөргөөр нөлөөлөх байдал үүсэж байна уу гэж харж байна. Нүүрсний үнэ өсөхөд дагаж үнэ нь өсөхгүй байгаа учраас. Засгийн газар тодорхой хариулт өгөх байх, үүнийг хэн нэгэн хүнд нааж болохгүй.

Ардчилсан намын хувьд анхнаасаа яах гэж Хятадуутай нийлж гэрээ хийсэн юм бэ гэдэг байр суурьтай байдаг. Тавантолгой нүүрсний уурхайг ажиллуулахын тулд үндэсний компаниа оролцуулсан консерциум хэлбэрээр явах ёстой гэдэг байр суурин дээрээ Ардчилсан нам өнөөдөр ч хэвээр байгаа.

-Есдүгээр сарын 16-нд болох байсан ҮЗХ-ны хурлыг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр хойшлуулсан нь дүрмийн бус. Ш.Түвдэндорж тэргүүтэй хурал тэргүүлэгч нар энэ асуудлыг шийдэх байсан гэдэг зүйлийг зарим гишүүн ярих. Ийм асуудлыг хэрхэн шийдэхээр намын дүрэмд заасан байдаг юм бэ?

-Намын дүрэмд тодорхой нэг заалт байдаг. Гүйцэтгэх зөвлөл улс төр нийгмийн асуудлаар өдөр тутмын асуудлаар дүгнэлт хийгээд шийдвэр гаргах эрхтэй.

Орон нутгийн сонгууль ойртсон учраас Гүйцэтгэх зөвлөл хуралдаад ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан нь зөв гэж би хувьдаа үзэж байгаа. Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн өмнө даргаа солих нь чухал байна уу, орон нутгийн сонгуулийн үеэр шинэчлэлээ явуулаад, орон нутгийн сонгуульд амжилт гаргах нь зөв юм уу гэдэг дээр л шийдлээ гаргасан.

Хурлын тэргүүлэгчид эрхтэй гэнэ, хурлын тэргүүлэгч бол тухайн хурлын нөхцөл байдалд таарсан шийдвэр гаргах эрхтэй болохоос биш намтай холбоотой улс төрийн шийдвэр гаргах эрхгүй байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж