25 жилийн дотор онгон байгалийн 10 хувь сүйджээ

Хуучирсан мэдээ: 2016.09.21-нд нийтлэгдсэн

25 жилийн дотор онгон байгалийн 10 хувь сүйджээ

Энэ зууны эцэс гэхэд хүний үйл ажиллагаанд өртөөгүй ганц ч газар нутаг дэлхийд үлдэхгүй гэж экологичид сануулж байна. 1993 оноос хойш нийтдээ Аляскийн хэмжээнээс хоёр дахин том газар нутаг “сүйрээд” байна.

Сүүлийн 25 жилийн дотор онгон байгалийн аравны нэг буюу 3,3 сая квадрат километр газар хүний буруугаас болон сүйджээ. “Онгон байгаль” гэдэг нь “хүний гар хүрээгүй” гэж тодорхойлж байгаа юм. Гэхдээ энэ хүн суурьшаагүй гэсэн үг биш. Одоо ч онгоноороо байгаа газар нутагт хүмүүс суурьшиж байгаа бөгөөд тэнд амьдарч буй иргэд байгалиас бүрэлдэн тогтсон экологийн системийг нь эвдээгүй байгаа юм.

Эрдэмтдийн тэмдэглэснээр, хамгийн эмгэнэлт байдал Өмнөд Америк, Төв Африкт байгаа гэнэ. Засгийн газар нь хориглосон хэдий ч тэнд халуун орны ширэнгэн ойг идэвхтэй огтолсоор байгаа юм. Төв Африкт гэхэд л онгон байгалийн 14 хувь нь устаж, тэнд амьдардаг заан, шимпанзе зэрэг хэдэн мянган төрлийн амьтан, мөн ургамал мөхөөд байгаа юм.

Эрдэмтдийн тогтоосноор өнөөдрийн байдлаар онгон байгаа газрын хэмжээ дэлхийд 30 сая кв.км-аар хэмжигдэж байгаа нь хуурай газрын 23 хувь юм. Хойд Канадын тайгын ой, Австралийн баруун хэсгийн ой мод ба цөл, Ази, Төв Африкийн зарим нутаг дэвсгэр онгон гэдэг тодорхойлолтод багтаж байна. Онгон байгаа хэсгийн ой мод устах нь биологийн төрлүүдэд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүлэмжийн хийг багасгах хүчин чармайлтыг үгүй хийнэ гэж экологичид хэлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж