Зурхайн шинэ орд бий болоогүй

Хуучирсан мэдээ: 2016.09.21-нд нийтлэгдсэн

Зурхайн шинэ орд бий болоогүй

Зурхайн шинэ орд бий болж, хүмүүсийн мэддэг зурхайн ордны харгалзах сар, өдөр өөрчлөгдсөн мэдээлэл сүүлийн хоёр өдөр шуугиан тариад байна. NASA буюу АНУ-ын Үндэсний агаар, сансрын байгууллага зурхайн 13 дахь ордыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэсэн мэдээлэл тараад байгаа юм. “2000 жилийн түүхэнд анх удаа NASA-аас одон оронд шинэ орд гарах 86 хувийн магадлалтай байгааг баталлаа. Офикиус нэртэй шинэ ордыг 13 дахь орд болгосон байна” гэх мэдээлэл зарим гадаадын сайт гарсан нь худал гэдгийг NASA мэдэгджээ. “Таны ордод ямар нэг өөрчлөлт ороогүй гэдгийг баталж байна” хэмээн ЭНД бичжээ.

Монголын холбогдох хүмүүс ч үүнийг баталлаа. Тухайлбал, 13 дахь ордыг шинээр бүртгээгүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн хэлж байна. Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Батмөнх “Одны орд ямар байдаг тэр хэвээрээ л байгаа. Шинээр орд нээгдсэн зүйл байхгүй. Хуучин Вавилоны үед 13 ордонд хувааж байсан түүх бий. Гэхдээ сүүлд больж 12 ордонд хуваасан нь түүх болж үлдсэн. Тэнгэрт байгаа бүх одыг 88 ордонд хуваасан байдаг. Тэгээд нарны шар замын дагуу 12 одны орд байдаг. Үүнийг олон улсад мөрдөж байгаа. Шинэ орд нэмэгдэж хасагдсан зүйл байхгүй” гэлээ.

Монголын зурхайн академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Пүрэвсүрэн “Цаг тооллын хувьд 12 орд эхний гурав, гурван аравтаараа яг таардаг юм. 30 хоногоо бариад нар, сарны эргэлтэд онцын нөлөөлөл үзүүлэхгүй явж байдаг. Энэ мэдээлэл бол ташаа гэдгийг хэлье. Энэ мэдээллийг хаанаас гаргасан бэ гэдэг нь сонин байна. NASA бол ийм мэдээлэл тавихгүй. Шинжлэх ухааны үндэстэй, яг тооллын дагуу ажиллана. 13 дахь орд нээгдэх боломж ч байхгүй. Ингэж орд нэмэгдэх тохиолдолд дэлхийн цаг хэмнэлд ч өөрчлөлт орж, магадгүй аюул ч болж мэднэ.

Нар экваторт ойртох туйлын хугацаа зургадугаар сарын 22, хамгийн их холдох хугацаа нь арванхоёрдугаар сарын 22, дундаж есдүгээр сарын 22, гуравдугаар сарын 22 гээд тогтсон хэмнэлээр явдаг учраас орд өөрчлөгдөх үндэс байхгүй” гэлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж