Азийн оюутны АШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Азийн оюутны АШТ эхэллээ

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах өчигдөр /2016.09.19/ эхэллээ. Тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Макао Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдөж байна. Манай оюутны шигшээ багийн хувьд В хэсэгт Тайвань, Хонг Конг, Макао Казахстаны багтай учраа таарсан юм.

МОНГОЛ-КАЗАХСТАН 137:32

Өчигдөр манай залуус хэсгийн эхний тулаанаа Казахстаны багтай хийлээ. Монголын шигшээгийн хувьд хэдхэн хоногийн өмнө "Чингис хаан кап" олон улсын тэмцээнд БНАСАУ-ын хүчирхэг багийг буулган авч, хүрэл медаль хүртэн бэлтгэл сайтай байгаагаа харуулсан юм.

Тэгвэл тэдний учраа Казахстаны багийн гол суурь нь тус улсын спортын академийн оюутнууд аж. Тоглолтын эхнээс Монголын оюутны шигшээ бүтэн талбайн хамгаалалтаар өрсөлдөгчөө хүнд байдалд оруулав. Улмаар Казахстаны баг хүнд байдалд орж, бүтэн талбайн хамгаалалтаас гарч хэрхэн тоглох учраа олохгүй байсан юм. Эхний үед илт илүүрхсэн манай залуус хоёрдугаар үед ч давамгайлж чадсан юм. Улмаар манай багийн бүтэн талбайн хамгаалалт бүрэн утгаараа ажилласаар байлаа. Ийнхүү тоглолтын ялагч бараг хоёрдугаар үед тодорсон гэхэд хилсдэхгүй. Улмаар сүүлчийн хагаст манайхан бүтэн талбайн хамгаалалтаар өрсөлдөгчөө зовоосоор байсан юм. Сагсан бөмбөгт хамгаалалт хэрхэн ажиллаж довтолгоо хэрхэн нямбай явдагийг манай залуус Казахстаны багт мэдрүүлсээр. Ийнхүү тоглолтод 137:32-оор Монголын шигшээ өрсөлдөгчөө бутниргэв. 105 оноогоор өрсөлдөгчөө илт илүүрхсэн тоглолтыг сагсан бөмбөг сонирхогчид ойрд хараагүй болов уу. Монголын оюутны шигшээгээс найман тоглогч 10-аас дээш оноо авчээ. Манай залуус өнөөдөр хэсгийн хамгийн эвгүй учраа болох Тайванийн багтай хүч үзнэ. Бидэнд тус багтай хийх тооцоо бий гэдгийг санах хэрэгтэй.

ТАЙВАНЬ-МАКАО 95:63

Тайванийн оюутны шигшээгийн хувьд хоёр жилийн өмнө тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ. Ер нь Ази тивд Тайвань сагсан бөмбөгийн хөгжлөөр дээгүүр ордог. Тайванийн оюутны шигшээг NBA-д дасгалжуулагчаар ажиллаж байсан Чарльс Паркер удирдаж байгаа нь олон хүнийг анхааралыг татаж буй. NBA-д ажиллаж байсан эрхэм багаа хэрхэн тоглуулахыг манай сагсан бөмбөг сонирхогчид харахыг тэсэн ядан хүлээж байлаа. Макаогийн шигшээ мөн Хятадыг дагаад сагсан бөмбөгийн хөгжил нь илт сэргэж яваа орон. Хоёрын багийн тулаан тун тэнцүүхэн эхэлсэн. Гэвч төд удалгүй Тайванийн залуус хамгаалалтаа чамбай хийж, эргээд довтолгоогоо төгс гүйцэтгэсээр өрсөлдөгчөө “нуман тулгуур”-т оруулав. Энэ байдлаас Макао гарч чадалгүй явсаар ялагдал хүлээлээ. Ийнхүү Тайвань учраагаа 95:63-аар илүүрхэв.

ХОНГ КОНГ-БНСУ 109:71

А хэсэгт учраа таарсан Хонг Конг БНСУ-ын тулаан мөн өчигдөр боллоо. Хонг Конгийн оюутны шигшээгийн хувьд өнгөрсөн жил Хятадын хот хоорондын АШТ-д амжилттай оролцсон хүчирхэг баг. Манай урд хөршид зөвхөн оюутны сагсан бөмбөгийн тэмцээнд хоёр сая гаруй тоглогч оролцдог гэсэн тоон мэдээ бий. Харин БНСУ-ын баг бол “DANKOOK” их сургуулийн шигшээ юм. Тэд өнгөрсөн жил БНСУ-ын оюутны спортын их наадамд амжилттай оролцон хүрэл медаль зүүжээ. Хоёр багийн тулаан сонирхолтой болох учиртай хэмээн таамагласан хүн олон. Гэвч тийм зүйл болсонгүй. Тоглолтын эхнээс Хонг Конг илүүрхсээр өрсөлдөгчөө 109:71-ээр буулган авлаа. БНСУ-ын баг өнөөдөр тэмцээний гол фаворит БНХАУ-ын шигшээтэй нүүр тулна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж