Дизайнерын болон консалтингийн үйлчилгээ дагнасан Arcadis компани илүү тогтвортой (sustainable) гэх тодорхойлолтод нийцүүлэн дэлхийн 100 хотыг судалжээ. Эдийн засаг, нийгэм, экологи гэсэн гурван чиглэлээр хотуудын тэнцвэртэй хөгжлийг тодруулдаг байна.
Ер нь бол Arcadis Sustainable Cities Index нь боловсрол, эрүүл мэнд, ундны усны чанар, агаарын бохирдол, тээврийн дэд бүтэц, жуулчлал, бизнес явуулах таатай нөхцөл зэрэг 32 үзүүлэлтийг авч үздэг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч хот зөвхөн орлого олохдоо биш харин өөрсдийн хүн амын цэцэглэлт болон дэлхийн экологийн төлөө ажиллах ёстой ажээ.
Энэ чансааны нэгд бичигдсэн Цюрих хотод хотын тогтвортой хөгжлийг хангах бүх нөхцөл бүрдсэнээс гадна ирээдүй үеийнхээ төлөө тэмцдэг гэнэ. Экологи, нийгэм, эдийн засгийн хөгжлөөр тэргүүн хотын тоонд Сингапур, Стокгольм, Вена, Лондон, Франкфурт, Сөүл, Гамбург, Прага, Мюнхен багтлаа.
Судалгаанд хамрагдсан олон хотод нэг үзүүлэлт нь нөгөөгөөсөө давсан байгаа гэнэ. Жишээлбэл, Сингапур, Гонконгт (чансааны 2-рт, 16-рт) эдийн засгийн үзүүлэлт нь нийгэм ба экологийн үзүүлэлтээс дээгүүр. Эдгээр үзүүлэлтийг тэгшитгэн нийгмийн чинээлэг байдал, хүний эрүүл мэндийг дээш татах ёстой гэж мэргэжилтнүүд тэдэнд уриалжээ.
Хэрэв зөвхөн экологийн үзүүлэлтийг авч үзвэл энэ чиглэлээр Цюрих, Стокгольм, Женева, Вена, Франкфурт, Веллингтон, Ром, Сидней, Лондон, Гамбург хотууд эхэнд бичигджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР