Рио Тинто Айвенхоугийн захирлуудын зөвлөлд гишүүнээ томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Рио Тинто Айвенхоугийн захирлуудын зөвлөлд гишүүнээ томиллоо

Айвенхоу Майнз компанийн Тэргүүн Дэвид Хюбермэн өнгөрсөн Пүрэв гарагт Рио Тинтогийн Төлөвлөлт, мэдээлэл хариуцсан дарга Дэн Ларсэнийг Айвенхоугийн Захирлуудын зөвлөлд томилсныг мэдээлжээ.

Айвенхоугийн Захирлуудын зөвлөлд Ларсенийг томилсноор 14 хүний бүрэлдэхүүнтэй уг зөвлөлд Рио Тинтогийн гишүүдийн эзлэх суудал долоо болж нэмэгдэж буй юм.

Ийнхүү гишүүнээ нэмж томилох эрх нь өнгөрсөн зургадугаар сарын 21-нд Рио Тинто хамтрагч компанийн 55 сая ширхэг хувьцааг 502 сая ам.доллараар худалдаж авснаар хүчин төгөлдөр болсон байна.
Хоёр компанийн 2006 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд Рио Тинто Айвенхоу Майнз компанид хөрөнгө оруулан, эзэмшсэн хувьцааныхаа хэмжээгээр Айвенхоугийн Захирлуудын зөвлөлд өөрийн хүнээ томилох эрхтэй байх нөхцөлийг тусгаж байжээ.

Гэхдээ тухайн үед Рио Тинто Айвенхоу-гийн хувьцааг 2012 оноос өмнө 0.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хүрээнд дунджаар 9.10 ам.доллараар худалдан авна гэж заасан нь Рио-д тун их ашиг авчрах нөхцөл байсан нь энэ цаг мөчид тодорхой харагдаж буй юм. Учир нь одоо Айвенхоу Майнзын хувьцаа Торонтогийн бирж дээр 25 ам.доллараар худалдаалагдаж байна. Ийнхүү “хөнгөлөлттэй үнээр” Рио Тинто өнгөрсөн сарын сүүлээр Айвенхоу дахь хувьцааны эзэмшлээ 4.5 хувиар нэмэгдүүлж, 46.5 хувьд хүргэсэн.

Энэ дашрамд 2006 оны гэрээний дагуу, Рио Тинто хамтрагч компанийн Захирлуудын зөвлөлд дахин нэг гишүүнээ томилох эрхээ эдэлжээ.

Хоёр компанийн хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийг 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд эхний арван жилийн хугацаанд жилд дунджаар 544 мянган тонн зэс, 650 мянган унц алт, 3 сая унц мөнгө олборлоно гэж төлөвлөж буйгаа Айвенхоу Майнз компани мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж