Галын аюулгүй байдлыг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Галын аюулгүй байдлыг шалгажээ

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх болон шингэрүүсэн хий цэнэглэх станц, хий борлуулах цэгүүдийн томоохон агуулахуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлын шалгалтыг хийжээ.

Шалгалтаар доорхи зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
Петровис, Магнай трейд, Жайст Ойл, Мон Петэкс, Шунхлай, Содмонгол байгууллагын шатахуун түгээх станцуудын  талбайд янз бүрийн техник хэрэгслийг удаан хугацаагаар зогсоодог.
Шуурхай албаны автомашин яаралтай үед шууд орох бололцоог бүрдүүлээгүй. Агуулах болон ШТС-д галын дохиоллын систем тавигдаагүй.
Галын анхан шатны багаж  хэрэгслийг стандартын  дагуу бэлтгэгээгүйгээс гадна  гал унтраах автомат тоног төхөөрөмж огт суурилагдаагүй, төвлөрсөн усан хангамж байгаагүй зэрэг их хэмжээний зөрчил илэрсэн байна.
Мөн аянга зайлуулагч, агуулахын  болон ШТС-ын байрны хяналтын самбарын гал хамгаалагч нь зориулалтын бус байснаар зогсохгүй төмөр утсаар орлуулсан байсан гэнэ.
Түүнчлэн ослын үеийн гэрэлтүүлэг тавигдаагүй, түгээгчийн байранд  гадагш гарах  гарцанд  ослын тэмдэглэгээ болон аврах  гарцын схем зураг байхгүй байсан аж.
Шалгалтанд хамрагдсан зарим байгууллагуудад гамшгаас хамгаалах төлөвлөгөө огт хийгдээгүй байжээ. Мөн баригдсан болон баригдаж байгаа барилга байгууламжийг барьсан болон барьж буй барилгын компанийн үйл ажиллагаанд нь түр суурилагдсан цахилгааны утсанд ямар ч хамгаалалт байхгүй байсан аж.
Дашваанжил, Юни Газ зэрэг компанийн шингэрүүлсэн хийн түлшний агуулах буюу хий цэнэглэх станцын барилга байгууламжийн зам гарцын төлөвлөлт, шуурхай албаны автомашин нэвтрэн орох гарах , зам гарцын байдал хангалтгүй байжээ.
Эдгээр компанийн хийн вагон цистерн, автоцистерн, ачих буулгах стакадууд зэрэг үйл ажиллагааг нь гүйцэтгэх зориулалтын төхөөрөмжийнх нь галын аюулгүй байдал хангагдаагүй нь илэрсэн байна.
Шалгалтынхан нийт 129 зөрчил илрүүлж газар дээр нь наймыг нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар аж ахуйн нэгж байгууллагуудад заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж