Хуучирсан мэдээ: 2016.09.19-нд нийтлэгдсэн

Худ, ургийн томилгоо

Монголд зөвхөн улстөрчийн хүүхэд л төрийн өндөр дээд албан тушаал хашдаг эс бөгөөс улстөрчидтэй ураг төрлийн холбоотой хэсэг л чухал ажил залгуулдаг болжээ. Ийнхүү Энэтхэгийн эртний касстын систем ноёрхож эхэллээ.

Уг нь дөрвөн жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Г.Дэнзэн гэх 25 настай залуу томилогдоход “Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэнээ ажилд авч, төрийн албыг төрлийн алба болголоо” гэцгээн нийгмээрээ шуугиж, чөлөөлөхийг шаардаж байв.

Ийм шаардлага тавихад бас ч гэж улстөрчдийн чих нь халууцдаг байсансан. Одоо тэгтэл ахынхаа нөлөөгөөр, аавынхаа карьераар, худынхаа буянаар гэхчлэн янз бүрийн “шошго” зүүсэн нөхөд төрийн хамгийн чухал албанд томилогдож байхад “Юу болж байна вэ” гэж хяналт тавьдаг сөрөг хүчин ч үгүй болж, Засгийн эрхийг гартаа авсан МАН дөрвөн жилийн өмнөх төрлийн томилгоог давуулж хийнэ гэсэн шиг аашилж байна.

Хийсэн томилгоо бүрийнх нь цаана нэг бол сайд, нэг бол намын дарга нь, эсвэл УИХ-ын гишүүний нэр дагалдана. Эцэстээ мэргэжил, мэдлэгийг нь дагуулж хийдэг томилгоо ч үгүй болж хувирав. Жишээ татвал, уурхайн ашиглалтын инженер, эрх зүйч мэргэжилтэй хүн Төрийн банкны ерөнхий захирал боллоо. Монголд эдийн засагч мэргэжилтэй хүн ховордсондоо биш, ар талд нь ах нь УИХ-ын гишүүн учраас ийм эрээ цээргүй хуваарилалт хийсэн тухай улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийж байна.

Уг нь ухамсартай хүн бол ийм чухал албанаас татгалзах ёстой юм. Ердөө хоёр жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны ажлыг унагаж байна гэх үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж явснаа бодсон ч, УИХ-ын гишүүн ахынхаа чихийг хангинуулж явахгүйгээ бодолцсон ч, төрийн чухал ажлыг унагахгүй байх зарчмыг бодсон ч татгалзах ёстой байлаа. Гэтэл “Үгүй” гэсэнгүй. Намын даргатайгаа барьцдаг юм уу эс бол цаанаас нь зорилготойгоор томилдог юм уу, бүү мэд. Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр гэх нэрээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү, Д.Баярсайхан Төрийн банкийг удирдаж эхлээд байна.

Үүний өмнө Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү С.Баттүшиг, Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар тус, тус томилогдсон.

Төв банкны зүгээс С.Баттүшигийг Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр томилсон үндэслэлээ “Бизнесийнхний өмнө тулгарч буй бэрхшээлийг мэдэж байхын тулд төлөөллөөс нь багтаасан” гэж тайлбарласан ч олон нийтэд үнэмшил төрүүлээгүй бол Э.Анарын албан тушаал ахисныг улстөрчид эцгийнх нь карьертай холбож гаргалгаа хийснээр тэгсхийгээд өнгөрсөн.

Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг томилогдоход “МАН-ын даргын худ” гэх яриа гарсан бол хэзээ мөдгүй томилогдох нэр бүхий таван яамны Төрийн нарийн бичгийн даргын ард бас л МАН-ын улстөрчдийн нэрс бичээстэй байгаа. Тэр ч бүү хэл шалгалтаа ч аваагүй байхад Төрийн нарийн бичгийн даргын нэрс тодорсныг санаж буй биз.

Гэтэл эдгээр чухал албууд нь улстөрчдийн үр хүүхдээ, төрөл саднаа залдаг, дөрвөн жилийн циклээр хэмжигддэг ажил юм гэж үү. Үгүй шүү дээ. Хамгийн мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс нь улс төрийн нөлөөгүйгээр тогтвортой ажиллаж байж гэмээнэ төрийн дархлаа тогтоно. Төрийн алба чадварлаг болно. Төр хүнд сурталгүй болно.

Төрийн хар хайрцагны бодлогыг улстөрчид биш төрийн мэргэшсэн албан хаагчид тээж явдаг гэдэг үгийн утга учир бол энэ. Харамсалтай нь, энэ дүрмийг аль ч Засгийн газар нь мөрддөгүй, ард түмний сонголтоор бий болсон эрх мэдлээ төрийн албыг хувааж идэх арга хэрэгсэл болгон хувиргаснаар хүслийг нь гүйцэлдүүлж байдаг утсан хүүхэлдэйнүүдийг л төрүүлэх боллоо.

Улстөрчид ярьдаг шигээ улс төрөө хөөгөөд, төрийн томилгооноос хэзээ савраа татах вэ?

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж