Европт тогоочийн сургуульд таван жил сурахдаа алтан медальтай төгсөж, нийтдээ 12 жил өндөр зэрэглэлийн ресторануудад ажилласан хүн Монголд цор ганц. Европын улсууд дундаа аливаа зүйлийг чанартай гүйцэтгэдэг гэж үнэлэгддэг Швейцарьт сурч, ажиллана гэдэг тэр бүр хүн бүрт оногдох хувь тавилан биш.
Тиймдээ дээд зэрэглэлийн, мэргэжлийн тогооч Д.Буян манайдаа хамгийн шилдэгт тооцогддог “Централ тауэр”-ийн 17 давхрын “Monet” (Монэ) рестораны ахлах тогоочоор ажилласан биз ээ. Үзэгчид түүнийг 20 сая төгрөгийн шагналын сантай “Мастер тогооч” уралдаант шоуд бусдаасаа цойлж, өрсөлдөгчгүй шахам явсаар түрүүлж байснаар нь сайн мэддэг.
Д.Буян бууриа сэлгэжээ. “Monet”-тэй хийсэн гэрээ нь дууссан байна. Сонгодог франц зоогийг гайхалтай урладаг Д.Буяныг үнэ цохьж, булаацалдах ресторанууд их байгаа сурагтай. Д.Буянгийн гарын хоолны амтанд орсон үйлчлүүлэгчид нь дараагийн хоолны хувьсгалаа хаана хийхийг мэдэх санаатай нэг нэгнээсээ битүүхэн сураглаж байгаа гэнэ.