Сонгуулийн тухай хуулийн зарим заалт үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэв

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тухай хуулийн зарим заалт үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэв

NEWS АГЕНТЛАГ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА


  • Үндсэн хуулийн Цэц өчигдөр Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Улмаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж уг заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

  • Жил бүрийн есдүгээр сарын 21 ний өдөр дэлхийн улс орнууд буу зэвсгээ буулган, 24 цагийн турш гал зогсоохыг уриалж, Олон улсын энхтайваны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Олон улсын энх тайвны өдрийг тохиолдуулан өчигдөр /2016.09.21/ 14.00 цагт Дашчойлин хийд дээр хоёр дахь жилдээ Энхийн хонхыг цохих ёслол боллоо. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй шашны төлөөллүүд 16 дахь удаагаа хамтран Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэсэн юм.


  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа. С.Батболд даргын баг ирэх дөрвөн жилд хүнээ дээдэлсэн бодлогыг баримтлан ажиллаж, Улаанбаатарыг эрүүл, аюулгүй хот болгон өөрчлөх төлөвлөгөөг боловсруулжээ. Хамгийн эхэнд агаарын бохирдлыг бүсчлэн авч, түүхий нүүрсийг хэрэглээнээс хасч, хийн түлшийг ашигладаг болоход Засгийн газартай хамтран ажиллана. Мөн автомашинаас гардаг утаанд хяналт тавьж, гарц хайх юм байна. Эдийн засгийн хувьд хямралтай байна гээд хойш суух биш одоогийн 600 гаруй тэрбумаар тоологдох нийслэлийн нэг жилийн төсвийн хөрөнгийг нэмнэ гэлээ.

  • Монгол Улс 2012 оныг хүртэл Өмгөөллийн тухай бие даасан хуультай байсан боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дээрх хуулийг хүчингүй болгосон. Үүнээс хойш шүүх танхимд иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй өмгөөлөгчдийн бие даасан байдал хангалтгүй болсон гэж тайлбарлалаа. Бие даасан хуульгүй гэдэг нь өмгөөлөгчдийн ажлаа хийх нөхцөл, иргэдийг өмгөөлөх орчин, эргээд нийгэм, төрөөс ирэх дарамт шахалтаас мэргэжлийн үйл ажиллагаагаа хамгаалах боломжгүй гэсэн үг аж.

  • Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлд үйлдвэрлэлийн 61 осол гарснаас хоёр нь бүлэг осол гэж бүртгэгджээ. Харин үйлдвэрлэлийн осолд өртсөн хүний тоо 2013 онд 231, 2014 онд 157, 2015 онд 196 бүртгэгдсэн байна. Ослын дийлэнх нь барилга, зам тээвэр, төр захиргаа, хөнгөн хүнсний салбарт гарсан гэсэн судалгаа гарчээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж