Эрүүгийн хэрэг өсч, иргэн, захиргааны хэрэг буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хэрэг өсч, иргэн, захиргааны хэрэг буурчээ

Анхан шатны шүүхүүд  энэ оны эхний хагас жилд 5873 хүнд холбогдох 3809 эрүүгийн хэрэг хүлээн авч, 574 хүнд холбогдох 316 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, зургаан хүнд холбогдох гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 269 хүнд, цагаатгах тогтоолоор 97 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 4138 хүнд холбогдох 3005  хэргийг таслан шийдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үеэс шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг найман хувиар, ял шийтгүүлэгчид  13.7  хувиар өссөн байна. Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Сэлэнгэ, Завхан, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймагт 3,1–29,4  хувиар буурч, Нийслэл, Орхон, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар, Увс, Төв, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл, Ховд, Булган, Говь-Алтай аймагт 2.1 хувиас 1.2 дахин нэмэгджээ. Ял шийтгүүлэгчид Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймагт 3.2–27.3  хувиар буурч, Нийслэл, Өвөрхангай, Ховд, Говьсүмбэр, Архангай, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Баянхонгор, Дундговь, Увс, Орхон, Хэнтий, Булган, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт  5.1 хувиас  хоёр  дахин өссөн байна.

Шүүхээр таслан шийдвэрлэгдсэн нийт хэргийн зургаан хувийг онц хүнд, 19.2 хувийг хүнд, 61.1 хувийг хүндэвтэр, 13.6 хувийг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Өнгөрсөн оны мөн үеэс албан тушаалын гэмт хэрэг 10, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 15.9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 25.7, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 27.6, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг  52.8 хувиар тус тус буурсан бол хүнийг санаатай алах гэмт хэрэг 1.6, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 9.2, танхайрах гэмт хэрэг 19.7  хувиар өссөн байна. Түүнчлэн ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд 10.1, эмэгтэйчүүд 12 хувиар тус тус өссөн байна. Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 1356 хүний 66.2 хувийг жирийн, 31.6 хувийг чанга, 1.7  хувийг онцгой, 0.5  хувийг гяндангийн дэглэмд ял эдлүүлэхээр тогтоожээ.

Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 1117 хэрэг хүлээн авснаас 998 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар эрүүгийн 383 хэрэг хүлээн авч, 20 хэргийг хянан хариу өгч, 350 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж