
-Хэдийгээр биднийг хууль бусаар цагдан хорьсон ч цагдан хорихын ажилтнууд миний эрхийг зөрчөөгүй. Тэд ажлаа хийж яваа бидэнтэй адил, эгэл жирийн хүмүүс, ард түмний хэсэг. Ирээдүйнхээ төлөө санаа зовдог хүн бүр биднийг дэмжиж байгаад баярлаж байна.
-Одоо та бүхэн нутаг чөлөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлэх үү?
-Цагдан хорихоос гараад хэд хоног хөдөө байлаа. Манай хэд ойрын хугацаанд уулзаж, цаашдын арга хэмжээнийхээ талаар ярилцана. Ер нь сэтгүүлч та бүхэнд тухайн үед нь мэдэгдээд, мэдээлэл ч хийх болов уу.
-Та бүхнийг Өвөрхангай аймгийн төв дээр хууран мэхэлж авчраад баривчилсан гэсэн. Энэ талаарх нотлох баримтыг устгасан гэдэг үнэн үү?
-Аймгийн засаг дарга хамтарч ажиллах санал тавьсан, ирж уулз гэж биднийг хууран мэхлэх замаар авчраад шууд баривчилсан нь үнэн. Цагдаагийнхны хэлсэн санал, ярьсан зүйлийг бид баримтжуулж авсан юм. Хоёр хувь баримтжуулсан. Гэтэл тэр бичлэгийг өгөхгүй, нэгийг нь устгасан сураг байна. Бидэнд тэдгээр нотлох баримтыг буцааж өгөхгүй байгаа юм. Хэрэв устгах юм бол асуудал хүндэрнэ гэдгийг тэдэнд анхааруулж хэлсэн гэв.
Харин жагсаал цуглаан зохион байгуулахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатай албадан саатуулагдаад байсан Г.Болдбаатарын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн бол Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нар өлсгөлөн зарлаад байсан ч бие нь муудан Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.