Цэцэгс хаа сайгүй дэлгэрдэг

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

Цэцэгс хаа сайгүй дэлгэрдэг

Хараа минь муудсан. Хөмсөг минь духан дээрээ атиралдчихсан. Тэгсэн хэрнээ, үүндээ бид “үнэнч”. Их хотын имиж, эрин цагийн эмгэг ч гэсэн болно. Бид бултаараа иймэрхүү. Биш ээ, бас өөр. Амьдралдаа хийж үзээгүй ч компьютер, гар утасныхаа ард бол долоо буудуулсан “чоно” аятай бусдыг зүхэж, харааж, зааж, зааварласан их мэдэгчид. Инээж, ханиаж, элэглэж, доромжилж, гүтгэж, гүжирдүүлэхдээ ч бид хүнийрхүү. Үгүй ээ, “өөриймсөг”. Огт уулзаж үзээгүй ч онч мэргэн үгээр туслаастай, хайрласандаа хатуу ширүүн үгээр булаастай…

Илүү дотносог. Энхрий, ялдам үгсийг эр, эмгүй, хэнд ч хамаагүй түгээн дэлгэрүүлэгчид. Байгаагаасаа ч илүү бурханлиг. Бузрын “чөтгөрүүд”-ийг хамаг амьтны тусын тулд өдөр шөнөгүй ниргээстэй… Монголоос, тивээс, дэлхийгээс, бүр ертөнцөөс хөөх энүүхэнд. Бидний шинэ ертөнцөд инээд чимээгүй, уйлалт нулимсгүй. Харин илэрхийлэл бий.

Галзуурахад ганц хуруу дутуучууд. Дутуу хурууны хэмжээсээ гүйцээгээд хэд маань эмнэлэгт хэвтэж, хэд нь ч хэвтүүлж, араас нь хэд нь очихоо өөрсдөө ч “бүү мэд”.

Хуруугаараа инээж, уйлж, уурлаж, зүхнэ. Харваас онцгүй байхад “хөөрхөн байна” гэж худал хэлж, түүнээсээ таашаал авна. Амьралыг нь огт мэдэхгүй байж “арай ч дээ” гэж ирээд л хүссэнээрээ хараана, ерөөнө.

Дурсамжаас нь өөр юу ч үлдээгүйг нь мэдэхгүй атлаа “хөгшинд бууз аваачиж өглөө” гэж арзайтлаа маасайж байгаад хүүг нь хайр найргүй муулдаг. Тэрэндээ өөрсдөө итгээд, бусдын “зовлонгоор” жаргадаг мэргэдүүд их болжээ, монголд.

Ижийдээ ганц цайны сүү аваад оччихгүй байж бусдыг шүүмжлэгчид бидний хэдэн хувийг эзэлдэг болсон бол оо!

Авдаг цалингаасаа хэд дахин үнэтэй брэндийн хувцсаар гангарч, ашиг орлогын нүдээр анд нөхрөө тодорхойлдог болсон энэ цагт өвчтэй ээждээ эмийг нь авах гээд өдөржин тэрэг түрж, хоолойгоо сөөтөл хашгирч яваа хүүхдийг таны үргэлжлэл “халтар банди” гэж зургийг нь дарж, зугаацан суугаа болов уу, “хөөрхий дөө, туслах юмсан” гэж өрөвдөө болов уу? Өтөлж, хүний гар харахад өргөөд аваад явахгүй юм гэхэд хөлийг тань хучих болов уу, зүхэх болов уу?! Ахмад настанд суудал тавьж өгдөггүй манай залуу үеийнхэн тэднийг хэзээ хүндэлж сурах бол оо…

Амьддаа биенээ хайрла гэдгийг амны уншлага болгосон хэр нь ядсан нэгэндээ яагаад туслахаа бид больчихсон юм бэ, төр бас буруутай юу?

Дараагийн загвар нь худалдаанд гарахад өмнөх нь үнээ алддаг гар утас, ганган машин шиг болчихсон бидний нийгэмд хайр дурлал, хүндлэл, ачлал бас өнгө, мөнгөөр хэмжигддэг болчихсон энэ амьдралаас зугтмаар. Хүнийг албан тушаалаар нь эрэмбэлж мэндэлж, хүндэлдэг. Өөрт нь ашиггүй бол гадаа намар ирчихсэн, ганганан дуудсаар шувууд буцаж байхад ч, цэцэгс дэлгэрч, тэгээд хагдарсан ч, цас малгайлан лавссан ч цэв хүйтэн мөс шиг хахир хатуу, аминд нь ашигтай бол худал бялдуучилж, хүнээ байчихсан , хэн рүү ч нулимж, өөд болсон хойно нь ч амар заяа үзүүлдэггүй адгийн энэ хорвоогоос аль болох олон сайхныг харахыг явахаасаа өмнө хичээнэм.

Авах хүн олдвол ариун, нандин бүхнээ худалдахад бэлэн энэ ертөнцөөс хэзээ нэгэн цагт бид үүрд явна. Би хувьдаа зугтаана. Эргэж ч харалгүйгээр инээмсэглэсээр "алхаж" одно.

Харин одоо цэцэгс дэлбээлэх шиг аль сайн сайхныг харахыг хичээнэ. Тийм ээ, бүх юм байгаагаараа, өнгө мөнгө үнэ цэнгүй тэр ертөнц рүү явахаас өмнө өөрийн хийгээд бусдын сайхныг олж харна. Олж харахыг хүссэн хүн бүхэнд цэцэгс хаа сайгүй дэлбээлдэг. Намар цэцэгс хагдардаг. Дараагийн цэцэгсээ ургуулахын тулд өөрийгөө зольсон нь тэр. Тэгэхээр ургадаг биш гэж үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж