Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв гемодиализ эмчилгээ буюу бөөр орлуулах эмчилгээний тасагтай боллоо.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Гемодиализын төвд ажиллах нэг эмч, хоёр сувилагч, нэг техникчийг сургалтад хамруулсан учраас аппарат ажиллуулж, эмчилгээ хийх тал дээр бэлтгэгдсэн гэж Эрчимт эмчилгээ, гемодиализын эмч Б.Намуунбайгаль хэллээ.
Хан-Уул дүүргийн Гемодиализын төвд гурван аппарат олгосон бөгөөд одоогийн байдлаар бөөрний архаг өвчтэй 12 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж эхлэхэд бэлэн болжээ.
Монгол улсын хэмжээнд 19 эрүүл мэндийн байгууллагын харьяанд хүчин чадлын хувьд ялгаатай, нийт 95 гемодиализын аппарат ажиллуулдаг байна. Үүний гурвыг нь цочмог, 89 аппаратыг архаг гемодиализын эмчилгээнд ашигладаг ажээ. Архаг гемодиализын эмчилгээнд ашиглаж байгаа нийт аппаратын 56-г нь нийслэл болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд, 33-ыг нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад суурилуулжээ.
Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг нь суурьшдаг нийслэлийн төвийн дүүргүүдэд гемодиализын аппарат байдаггүй учир энэ төрлийн эмчилгээ бараг хийгддэггүй. Бөөрний дутагдалд орсон, зайлшгүй аппарат хэрэглэх шаардлагатай иргэд зөвхөн П.Н.Шастины нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлэг, Клиникийн нэгдүгээр эмнэлгийн 56 аппаратаар дугаарлан үйлчлүүлэх болдог.
Харин энэ оны есдүгээр сараас эхлэн Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдийг гемодиализын аппараттай болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас санаачлан, “Авеко” компанитай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв гемодиализын аппаратаа бүрэн суурилуулаад байна.
Улсын хэмжээнд бөөрны дутагдалд орсон 429 хүн эмчилгээ хийлгэж байгаа талаар Эрүүл мэндийн яамны албаны дүн мэдээнд /2016 оны хоёрдугаар сарын байдлаар/ тэмдэглэжээ.
Т.ДАВААНЯМ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ