“Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалт Замын-Үүд боомтод эхэлжээ. Цөмийн материал, цацрагийн үүсгүүр гэхээр хүмүүс холын сэдэв мэт санаж тоохгүй орхидог. Гэтэл цацраг гэдэг зүйл хөрс, агаар, ус гээд хүрээлэн буй орчин, хүнсний бүтээгдэхүүнд ч тодорхой хэмжээтэй байдаг гэнэ. Жишээ нь, анх манай улсад рентген оношлогооны кабинет байгуулснаас /1934 он/ эхлэн цөмийн үүсгүүрийг ашиглах болжээ. Өнөөдөр ч эрүүл мэндийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүрийг өргөнөөр ашигладаг. Тиймээс холын биш ойрын сэдэв болсон цөмийн үүсгүүрийн талаарх сургалтыг эхлүүлжээ. Улсын хэмжээнд рентген аппарат, төхөөрөмж ашиглан оношлогоо шинжилгээ хийдэг 170 орчим байгууллага байдаг бөгөөд тэдгээр байгууллагууд МХЕГ-ын хяналтад байдаг байна.
Энэ удаагийн сургалтад Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Дорнод аймгийн Хавирга, Эрээнцав, Баянхошуу, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Сүхбаатар аймгийн Бичигт, Говь-Алтай аймгийн Бургастай боомтын хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн улсын байцаагчид хамрагдаж байгаа юм.
“Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг АНУ-ын Эрчим хүчний яамнаас дэлхийн 53 оронд хэрэгжүүлдэг ажээ. Нийтдээ 485 хил, 45 далайн боомтод 2000 гаруй цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулсан байдаг байна.
Д.ЦЭЭНЭ