Өлзийгийн галерей: Олзлогдогч

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Олзлогдогч

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


ӨГ=22

ОЛЗЛОГДОГЧ

Шувууны хоёр торыг санагдуулам энэ зохиомжоороо зураач “СЭТГЭЛ ГЭДЭГ БОЛ БИЕД ОЛЗЛОГДСОН АМЬТАН” хэмээн өгүүлсэн мэт ээ хэмээн дүрслэх урлаг судлаач бичжээ. Тор хаалттай биш, чөлөөлөгдөх боломж нээлттэй. Гэвч доош унжсан хэсгүүд өөр хоорондоо нягт холбогдсон тул нэгийг нь орхин одлоо ч нөгөө рүү орохоос өөр аргагүй. Магадгүй энэ зохиомж ганцаардлаас ангижрах гарцыг хайр дурлалаас хайсан, тэгээд л хэн хэнийхээ хүлээсэнд үүрд автсан эхнэр нөхрийн билэгдэл байж болох юм. Маш яруу найраглаг шинжтэй энэ баримал уянгалаг зөөлөн тэгсэн атал зогсолтгүй гүнзгийрэх ута санаагаар дүүрэн. Эспальу Пепе бол 1955 онд Испанид төрөөд гучаадхан насандаа (1993 онд) ДОХ өвчнөөр нас барсан, маш авьяаслаг уран бүтээлч. Түүний, хожуу үеийн бүтээлүүд голчлон өвчний шаналгаан дор төрсөн санаануудад хөтлөгдсөн байдаг. “Матвейн евангели” хэмээх энэ баримлыг төмрөөр урлаж. Гэтэл яг л утас шиг, цуулсан даавуу шиг харагдаж байгаа биз дээ? Ер нь зураач урчуудын гарт очихоороо чулуу даавуу болж, даавуу чулуу болон хувирах юм даа.

“Матвейн евангели”

Эспальу Пепе

Пепегийн бусад ажлаас…

ЭХ СУРВАЛЖ: WWW.FACEBOOK.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж