Гадаадад хөдөлмөр эрхэлж буй Хойд Солонгосын ажилчдын тоо сүүлийн саруудад нэмэгдсэн байна. Дэлхийн 30 гаруй оронд Хойд Солонгосын 110-120 мянган иргэн ажил эрхэлж байгаа аж. Пхеньян өнгөрсөн арванхоёрдугаар сард 50 мянган ажилтныг 300 сая ам.доллар олуулахаар гадаадад илгээсэн хэмээн Хойд Солонгосын хүний эрхийг судлах байгууллагаас мэдээлжээ. Хойд Солонгосын иргэдийн олонх нь Хятад болон ОХУ-ын хүнд үйлдвэрүүдэд хөдөлмөр эрхэлдэг аж. Албан ёсны тооцоогоор Хятадад 70-80 мянга, ОХУ-д 30 мянган Хойд Солонгосын иргэн ажил эрхэлдэг гэнэ. Түүнчлэн Кувейт, Эмират, Катар, Польш улсад Хойд Солонгосчууд ажилладаг аж.
Хойд Солонгос ажилчид Европт долоо хоногийн зургаан өдөр 10-12 цагаар ажиллаж, цалингийнхаа 90 хувийг Пхеньян руу илгээдэг нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл юм. НҮБ-ын мэдээлснээр гадаад ажилладаг Хойд Солонгосын иргэд жилд нийт 2.3 тэрбум ам.долларыг олдог байна. Харин Хойд Солонгосын статистикийн газрын мэдээгээр ажилчид жилд 150-230 сая ам.долларыг олдог гэнэ.
Эх сурвалж: UPI