“Харвони” эмийн үнийг 300 ам.доллар болгон буурууллаа

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

“Харвони” эмийн үнийг 300 ам.доллар болгон буурууллаа

БҮХ ЭМИЙН САНГУУД МАРГААШНААС ЭХЛЭН “ХАРВОНИ” ЭМИЙГ  300 АМ.ДОЛЛАРААР ХУДАЛДАНА

Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг Монгол Улсад 400 ам.доллараар худалдаалж байсан бол энэ үнийг дахин бууруулжээ. Нэг хайрцаг эмийг 300 ам.доллар буюу 700 орчим мянган төгрөгөөр худалдаалах боломж бүрдсэн талаар өнөөдөр албаныхан мэдээллээ. Ингэснээр иргэд “Харвони” эмийн нэг курсыг 900 ам.доллараар авах боломж бүрдэж байна. 

Засгийн газраас элэгний вирусыг устгах чиглэлд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Харвони” эмийн үйлдвэрлэгч АНУ-ын "Гилеад Сайнс" компанийн Ази номхон далай хариуцсан захирлыг хүлээн авч уулзжээ. Эл уулзалтын үр дүнд эмийг дахин хямдруулах талаар ярилцаж, тохирсон аж. 

Маргаашнаас эхлэн бүх эмийн сангуудаар “Харвони” эм 300 ам.долларын үнээр худалдаалагдана.

Дэлхийн зах зээлд уг эм курсээрээ 94 мянган ам.доллар болдог. Харин тус эмийг үйлдвэрлэгч АНУ-ын "Гилеад Сайнс" компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд эмийн үнийг хямдруулан, нэг хайрцгийг нь 400 ам.доллараар Монголд худалдах боломж олгосон юм. Хэдий дэлхийн зах зээлтэй харьцуулахад 99 хувиар хямд үнээр Монголд оруулж ирсэн ч иргэдийн худалдан авах боломж тааруу байсан тул эмийг дахин хямдруулж байна. 

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж