Дуулиант хэргүүд юу болов?

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд юу болов?

ГАЗРЫН АЛБАНЫХНЫГ АТГ ШАЛГАЖ БАЙНА

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин бүтцээр/ Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/ /2016.09.14/ баривчлан саатуулсан билээ. Б.Амаржаргалыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан юм.

Үүний өмнө АТГ, ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэн, цагдан хорьсон юм. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг саатуулсан.

Дээрх хэргийн араас өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган , АТГ-аас баривчилж, хорих 461 дүгээр ангид хорьсон байсан юм. Гэхдээ Т.Мөнхбаатарыг хуулийнхан энэ сарын эхээр батлан даалтад гаргаж, гадуур байцаах болжээ.

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан юм. Харин Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгасан юм.

Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцаа,  НӨХГ гэхчлэн газрын албаныхан ийнхүү хуулийн байгууллагынхны анхаарлыг татаж эхэлсэн. Бусдаас мөнгө авч, хууль бусаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн хэрэгт холбогдох хүний тоо цаашид нэмэгдэх магадлалтайг ч эх сурвалж онцолж буй.


Б.БУЛГАНЫГ СУЛЛАЖ, Э.БАТ-ҮҮЛИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАВ

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаад энэ сарын 9-нд сулласан юм. Түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчлан хорьж байсан билээ. Б.Булганы биеийн байдал хэвийн байгаа бөгөөд багагүй турсан тухай  эх сурвалж мэдээлэв. Мөн түүнийг тагнуулын байгууллага  хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн гарын үсэг зуруулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн суллажээ. Харин ЦЕГ, ТЕГ, УЕПГ-аас Б.Булганыг хэзээ, хэдэн цагт ямар шалтгаанаар сулласан эсэхээ одоог хүртэл олон нийтэд тайлбарлаагүй байна. Харин нийслэлийн Ардчилсан намын дарга, хотын дарга асан Э.Бат-Үүлийг нийслэлийн Прокурорын газраас энэ сарын 09-ний өдөр дуудаж, хурууны хээ, үсний шинжилгээ, цусны шинжилгээ авчээ. Мөн 16 жилийн дараа дахин яллагдагчаар татсан юм. Гэхдээ Э.Бат-Үүл дарга хуулийнхны энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн, хууль зөрчихгүй байхыг шаардсан юм. Тэрбээр “Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэн нэгнийг,тэр дотроо тухайлан намайг хаацайлах зорилгоор гаргаагүй юм шүү дээ. Харин ч гэмт хэргийг илрүүлэхэд зориулсан хууль. Тийм учраас хуулиа чандлан барихаас халгаад байх шаардлагагүй юм. Би хувьдаа хуулийн дагуу байцаалтыг явуулбал мэдүүлгээ өгмөөр байна, шалгуулмаар байна. Ядахдаа цагаан малгай гэхээс өөр ямар үндэслэлээр намайг бусадтай бүлэглэн, ямар улс төрийн зорилгоор нөхрийгөө хөнөөсөн гээд байгааг сонсмоор байгаа юм.

Гэтэл байцаалтын үйл ажиллагаа хууль зөрчиж явагдаад байдаг.Сэжигтнээр тооцсон хоёр тогтоолтой. 2000 онд үйлдсэн, нийтэд ил яригдаж ирсэн, тэгтлээ хэзээ ч юм нууцаар зэрэглэчихсэн. Нөгөөх нь 2016 онд сая шинээр зүйлчилж журамласан гэх тогтоол. Тэр нь нууц биш. Байцаагчаасаа аль нь хүчинтэй юм бэ гэхээр хоёулаа хүчинтэй гээд байв. Нэг хэрэгт сэжигтэнд тооцсон хоёр тогтоол үйлдэж байсан тохиолдол хуулийн практикт байгаагүй гээд хуульчид ихэд гайхаж байх юм. Тэгтэл, хууль зөрчин байж тогтоол үйлдсэн шалтгаан нь арав гаруй хоногийн дараа өмгөөлөгч болон надад ойлгогдож эхэлсэн юм. Сүүлийн тогтоолыг давхардуулан үйлдсэн зорилго нь улс төрийн зорилгоор бусадтай бүлэглэн Зоригийг хөнөөсөн хэмээн яллагдагчаар татах явдал байжээ. Сэжигтнээр тооцсоноос хойш нэг л удаа мэдүүлэг авсан шүү дээ. Мөрдөн байцаалтыг анхнаасаа буруутгах санаа зорилгоор явуулах нь хуулиар хамгийн хориотой зүйл билээ. Уг нь яллагдагчаар татах бол хангалттай нотолгоо бүрдүүлсний дараа татдаг. Гэтэл яллагдагчаар татсаныхаа дараа нотлох баримт хайгаад явж байгаа… Прокурор яагаад прокурор шиг ажиллаж чадахгүй байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэг бол дээрээсээ захиалгатай, үгүй бол ажлаа мэдэхгүй байна” хэмээн тайлбарлажээ.

Энэ тайлбарын дараа буюу өчигдөр нийслэлийн Прокурорын газар Э.Бат-Үүл баатарт үүсгэсэн эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болголоо гэсэн бор шувуу нисэх боллоо. Гэхдээ тагнуулын байгууллагаас дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.


АТГ-ЫН ШАЛГАЛТ ТӨРИЙН БАНКИЙГ АЛГАССАНГҮЙ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн, энэ сарын 09-ний өдөр баривчилжээ. Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан тухай эх сурвалж мэдээлсэн. Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж буруутгасан байна. Мөн удахгүй Т.Дорждэрэм улсад хэдий хэмжээний хохирол учруулсан нь аудитын болон шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болох аж.


Н.БАТБАЯР АТГ-Д БАЙЦААГДАЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж буй юм. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр ийнхүү АТГ-т байцаагдах болжээ.


Н.ЭНХБАЯРЫГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХ САНАЛЫГ АТГ ГАРГАЛАА

Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасанаа есдүгээр сарын 12-ны өдөр мэдээлсэн билээ. Авлигатай тэмцэх газар МАХН-ын дарга Н.Энхбаярыг худалдан авах гэрээгээр халхавчилж, бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөлгүй авч, залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож, өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татаж, улмаар хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Хуулийн заалтаар нь тайлбарлавал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт Н.Энхбаярыг яллагдагчаар татахаар санал гаргажээ. Гэхдээ прокурорын байгууллага дээрх АТГ-ын яллах дүгнэлтийг хэрхэн хүлээн авсан нь тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж