Дээрээ суудлаа, доороо гүйдлээ олдоггүй

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Дээрээ суудлаа, доороо гүйдлээ олдоггүй

Хөвгүүд болсон хойно хөөрч яваад хэрэгт холбогджээ. Тэдний буруу гишигдэл хэцүү газарт хөтлөж, хэрэгтэн болохдоо тулсан байна. Арга, чарга хайсан эцэг, эхчүүд нь Хүүхдийн төлөө үндэсний газрын ялыг нь хойшлуулж өгөх хүсэлт бүхий алгын чинээ бичгийг аваад очих л эцсийн найдвар гэдгийг учир мэдэх нэгнээс олж сонсоод тэрхүү эрэлд гарсан. Ингээд үр, хүүхдээ гэмт хэргийн ертөнцөд алдчихгүй гэхдээ “амьдралын виз”-ийг нь авахаар Хүүхдийн төлөө үндэсний газрыг зорьсон байна. Гэтэл шинээр ирсэн дарга нь бүх ажилтнаа үүрэг гүйцэтгэгч болгоод хамаг тамга, тэмдгээ хураагаад авчихсан аж. Ажилтнууд нь учир байдлаа тайлбарлаад нийслэлийн салбараас тэрхүү бичгийг авч болохыг зөвлөв. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрынхан ч бас л үндэсний газрын ажилтнуудын хэлснийг хэлжээ. Нохой сүүлээ, сүүл хонхорцгоо гэгчээр. Эцсийн найдлага Дүүргийн гэр бүл, хүүхдийн хөгжлийн төв. Залбирах нь залбирсаар очтол бас л “Манайд тамга байхгүй. Хураагаад авчихсан. Бид хийж өгч чадахгүй нь” гэх хариултыг өгөв. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л болж.  

Золоор гэх үү, шүүгч хэргийг нягтлан шалгаад анхны удаа, гэмээ ухаарсан гэх зэргээр хуулийн хүрээнд байж болох бүх байдлаар хөнгөлж, ялыг нь хойшлуулжээ. Амьдралыг сайхнаар төсөөлж, дэрвэж, доргиж явсан өсвөрийнхөн ийнхүү гэмт хэргийн ертөнцөд хөл тавихаас аврагджээ.

Гэхдээ тэднээс өөр хэдэн хүүхэд энэ бичгээс болоод хэрхэснийг чөтгөр бүү мэд.

Төр эзгүйрсний ердөө ганцхан жишээ нь энэ. Төрийн аль ч агентлагаар орсон айдас, хүйдэстэй, амралтаа авчихвал халагдчихна гэсэн болгоомжлол дүүрэн. Хаа сайгүй хоморголон халаад эхэлжээ. Зарим газар тэр чигтээ татан буугдаж байна.

Огт эсрэгээрээ тийм дарга болно, тэнд ахлах мэргэжилтнээр ажилд орно гээд "бэрс" гарчихсан "шатрын хүү" ч бишгүй олон харагдах болов.

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрыг л гэхэд ахмадууд олохоо байсан аж. Майжигнасаар арай ядан очиход нь гурван ч газар хуваагдсан болохоор дахиад л өөр газар явах хэрэг гарна. Очлоо ч нөгөөх нь хүүхдийн төлөө газрууд шиг бас л халаа, сэлгээ хавтгайрчихсан.

Төрийн алба иймэрхүү л байдалтай. Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт л гэхэд боловсрол, туршлага, чадвартай гэхээсээ илүүтэй томилохоор тохиролцсон хүнийхээ төгссөн сургуулийн нэрийг цохох нь холгүй шаардлага тавьж байх жишээтэй.

УИХ-ын гишүүд нь ширээнийхээ кнопны учрыг олохгүй, албан хаагчид нь бужигнасан иймэрхүү л дүр төрхтэй төр бужигнаж байна. Хэзээ цэгцэндээ орохыг хэн мэдэх вэ?

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг л болж байна. Арай л хэтрээд байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж