Орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн Төрийн орон сууц корпораци /ТОСК/-ийн захирал асан, АН-ын гишүүн А.Гантулгыг Хан-Уул дүүргийн /ХУД/ Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан байна. Энэ талаар ХУД-ийн АН-ын сонгуулийн менежер Ж.Батбаяр, АН-ын гишүүн А.Гантулга нар мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар дүүргийн сонгуулийн хороо АН-аас нэр дэвшигчдийг есдүгээр сарын 5-нд бүртгэж, “Өдрийн сонин”-ны есдүгээр сарын 12-ны дугаарт нийтэд мэдээлсэн гэв. Тухайн үед АН-ын гишүүн А.Гантулгыг бүртгэж, сонгуульд оролцох эрх олгосон ажээ. Гэтэл есдүгээр сарын 20-нд ХУД-ийн Сонгуулийн хороо тогтоол гаргаж, А.Гантулгыг бүртгэлээс хассан тул өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийх болсон байна.
НИТХ- ын хурлын дарга Ц.Сандуй хуралдаанаар хороо, дэд хороодыг байгуулж, дарга нарын сонгоно гэдгийг танилцуулсан. Хороод, дэд хороог байгуулахдаа төрийн албаны залгамж бодлогыг хадгалах зарчим барьсаны зэрэгцээ Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулж байгааг онцолсон юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь бодлогын 7 хороо, 11 дэд хороотой ажиллана. Хуралдааны эхэнд НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Төлөөлөгч нарт танилцуулсан байна.
“Эрдэнэс Монгол” компанийн дотоод дүрмийн дагуу удирдлагууд нь хуралдаж, өнгөрсөн баасан гаригт “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүн Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг чөлөөлсөн билээ. Дээрх гурван гишүүний оронд ямар албан тушаалтай, хэн гэж хүмүүс томилогдох бол гэсэн хүлээлт нийгэмд байсан. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд хуралдаж, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон Н.Багабанди, Ч.Алтаннар нарыг томилжээ.
Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг Монгол Улсад 400 ам.доллараар худалдаалж байсан бол энэ үнийг дахин бууруулжээ. Нэг хайрцаг эмийг 300 ам.доллар буюу 700 орчим мянган төгрөгөөр худалдаалах боломж бүрдсэн талаар өчигдөр албаныхан мэдээллээ. Ингэснээр иргэд “Харвони” эмийн нэг курсыг 900 ам.доллараар авах боломж бүрдэж байна.
Жил бүрийн есдүгээр сарын дунд үеэс ханиад, томуу идэвхжиж эхэлдэг. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор улаанбурхан өвчин дэгдэх магадлал өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Эцэг, эхчүүдийн анхааралд хүргэхэд ирэх аравдугаар сарын 3-наас эхлэн зургаан сар хүрсэн хүүхдүүдэд улаанбурхны вакцин хийж эхлэхээр болжээ. Улаанбурхны вакцинжуулалтыг өмнө нь есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаа урьдчилан сэргийлэх үүднээс “0” тунгаар хийнэ гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцинжуулалтын албаны дарга В.Байгаль хэллээ. Нярай хүүхдийн ванцинжуулалтыг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудад болон Нийслэлийн есөн дүүргийн харьяа эмнэлгүүдэд хийнэ.
Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны ээлжит хуралдаан өчигдөр /2016.09.21/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. СЗХ-ны энэ оны зургадугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар тогтоолоор нэмж бүртгэсэн “Багануур” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 9,870,287 ширхэг энгийн хувьцаа болон нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгэсэн “Айтүүлс” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргасан нэг бүр нь 1,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,324,263 ширхэг энгийн хувьцааг тус, тус үнэт цаасны бүртгэлээс хассан байна.