“Эм” холбооны ерөнхийлөгч Ж.Рэнцэн-Амгалангаас эмийн салбарт тулгамдаж буй асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Эмийн үнийг бууруулах боломжийн талаар танай холбооноос удаа дараа санал гаргасаар ирсэн. Эмийн үнэ буурахгүй байгаа нь юутай холбоотой байдаг вэ?
-Нэгдүгээрт, эмийг дотооддоо үйлдвэрлэх явцад дөрвөн удаагийн НӨАТ төлдөг. Энэ нь томоохон асуудал болдог. Уг нь “Эрүүл мэндийн салбар бол НӨАТ төлөгч биш” гэж Монгол Улсын хуульд заасан байдаг. Гэвч энэ заалт нь эм хангамжийн салбарт хамаардаггүй. Та бүгд мэдэж байгаа байх. Зах зээл дээр ямар өндөр үнэтэй эмнэлгүүд байдаг билээ. Гэтэл энэ өндөр төлбөртэй эмнэлгүүд НӨАТ төлдөггүй байхад ганцхан эм хангамжийн салбар НӨАТ төлөгч болсон. Уг нь бид төрийн өмнөөс хүн амд чиглэсэн эмийн үйлчилгээг авч явж байгаа тул НӨАТ төлөх асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ гэх хүсэлтийг удаа дараа тавьсаар ирсэн. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
-НӨАТ-гүй худалдаалбал эмийн үнэ одоогийнхоос хэдэн хувиар буурах боломжтой вэ?
-НӨАТ бол үйл ажиллагааны 10 хувьд ногддог. Тэгэхээр бид хэрэгцээт эмээ хийхийн тулд түүхий эдээ гадаадаас импортолдог. Хилээр орж ирэхэд НӨАТ-ын татвар, импортын татвар төлнө, дараа нь эмийн үйлдвэрт очоод эм хийгдэнэ. Бэлэн бүтээгдэхүүн гарч ирлээ гэхэд эмийн үйлдвэр НӨАТ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ханган нийлүүлэх шатанд бас НӨАТ, хамгийн сүүлийн шатанд эмийн санд жижиглэнгийн үнээр очиход мөн тодорхой хэмжээнд НӨАТ тогтоодог. Тэгэхээр эмэнд дөрвөн шат дамжлаганд НӨАТ тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөхгүй бол эмийн үнэ одоогийнхоос 40 хувиар буурах боломжтой гэсэн үг.
Хоёрдугаарт, эмийн үнэд онцгой нөлөөлж буй зүйл нь валютын ханш. Хэрэгцээт эмийнхээ 80 хувийг импортолж авдаг манай улсын хувьд валютын ханшийг дагаад эмийн үнэ энмэгддэг. Тиймээс зайлшгүй шаардлагатай эмэнд ногдож буй валютын ханшны зөрүүг буцааж өгдөг тогтолцоог бий болгох хүсэлтийг ч Засгийн газарт тавьдаг. Харамсалтай нь бидний дуу хоолой хүчтэй хүрч чадахгүй байна.
Жишээ нь, нефть гэх мэтчилэн стратегийн бүтээгдэхүүнд үнэ тогтворжуулах арга хэмжээг Засгийн газраас зохион байгуулдаг. Ингээд Монгол банкны ханшаар валют өгдөг. Тэгвэл эмэнд ийм бодлого явуулж яагаад болохгүй гэж вэ.
Дэлхий дээр нийтдээ 50 мянган эм бий. Үүнээс Монгол Улсын эмийн бүртгэлд 4000 орчим эм бүртгэлтэй байдаг. Үйлчлэх бодисоор нь авч үзвэл 200 орчим нэр төрлийн эм Монгол Улсад эргэлддэг. Тэгэхээр ядаж зайлшгүй шаардлагатай эмийг оруулбал хэрэгтэй байна.
-Төр засгийн зүгээс сүүлийн жилүүдэд эмийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилт дэвшүүлээд байгаа. Энэ хугацаанд дотоодын эмийн үйлдвэрлэлд тодорхой ахиц гарав уу?
Дэлхий дээр нийтдээ 50 мянган эм бий. Үүнээс Монгол Улсын эмийн бүртгэлд 4000 орчим эм бүртгэлтэй байдаг. Үйлчлэх бодисоор нь авч үзвэл 200 орчим нэр төрлийн эм Монгол Улсад эргэлддэг.
-Энэ бол манай салбарт тулгамдаж буй том асуудал. Аливаа улс орон эмээ өөрсдөө үйлдвэрлэдэг байвал ард түмний эрүүл мэндэд тустай. Тэр ч утгаараа ард түмний эрүүл мэндэд аюулгүй. Тиймээс бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх ажилд анхаарал хандуулах нь зайлшгүй чухал. Харамсалтай нь, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье гэсэн он жилүүдэд эмийн үйлдвэрүүдэд чиглэсэн тусгайлсан бодлого байгаагүй. Жишээ нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2010 онд Оросын хэмжээний үндэсний хурал хийж, эм зүйн салбарт 0 гэх үнэлгээ өгсөн. Учир нь 350 эмийн үйлдвэртэй мөртлөө эмийнхээ 80 хувийг импортоор авдаг байсан гэдэг. Яг манай улс шиг. Үүнийг засахын тулд Оросын Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх стратеги гаргаж, хөрөнгө оруулалтыг тийш чиглүүлсэн. Ийм бодлого Монгол Улсад ч үгүйлэгдэж байна. Энэ бол Монгол хүний эрүүл мэндийн төлөө төрийн хийх том үүрэг гэдгийг хэлэх хэрэгтэй.
-Үйлдвэрлэлийн хүчин чадал дорвитойгоор нэмэгдээгүй гэж ойлгож болох уу?
-Тоогоор нь авч үзвэл их байдаг. 38 үйлдвэр байдгаас эдийн засгийн хямралын үед үйл ажиллагаа нь тогтворгүйтсээр 15, 16 нь л үлдсэн. Ийм нөхцөлд импортын эмийн хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ эмзүйн мэргэжилтнүүд сэтгэл гаргасны үр дүнд сүүлийн хоёр жилд 30 гаруй тэрбум төгрөгөөр олон улсын стандарт бүхий хоёр үйлдвэр барьсан. Ингэснээр хүн амаа дуслын тарилгаар 100 хувь хангана. Хоёрдугаарт, жижиг тариа үйлдвэрлэх 3-4 үйлдвэр ажиллаж байна. Энэ жижиг тарианы 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж чадна гэсэн үг. Дараа нь зайлшгүй шаардлагатай эмийн долдугаар жагсаалтаар гаргасан 380 эмийн 50 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болохоор зорьж байна. 2020 он гэхэд Монгол Улсын эмийн үйлдвэр олон улсын стандарт нийцүүлэхээр ажиллаж байна. Харамсалтай нь, энэ салбар төрөөс санхүүждэггүй учраас энэ асуудалд анхаарлаа хандуулж, амьдралаа зориулдаг иргэдийн нуруун дээр л энэ ажил явж байна. Тиймээс энэ салбарт төрийн бодлого, дэмжлэг үгүйлэгдэж байгааг хэлмээр байна.
М.КЕЙТ