СӨХ иргэдийн мөнгөөр хөлждөг үү?

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

СӨХ иргэдийн мөнгөөр хөлждөг үү?

Орон сууцны иргэд сар бүр тухайн байрныхаа Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-д мөнгө төлдөг. Гэтэл СӨХ иргэдийн мөнгөөр ямар ажил хийсэн нь зарим тохиолдолд бараг мэдэгддэггүй. Бас СӨХ оршин суугчдаас авсан мөнгөө юунд зарцуулснаа тайлагнадаггүй.

Бүр сүүлдээ барилгын компаниудтай тохиролцон СӨХ байгуулж, бизнес хийдэг жишиг ч тогтсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Мөн иргэдийн гарын үсгийг хууль бусаар ашиглан СӨХ байгуулж, ямар ажил хийх нь тодорхойгүйгээр иргэдээс сар бүр мөнгө нэхдэг бүлэг ч олширчээ.

Хувийн судалгааны компани цахимаар 189 хүний дунд СӨХ-ны үйл ажиллагааны талаар санал, асуулга явуулахад СӨХ-ийн дундаж төлбөр 20-50 мянган төгрөг байдгийг хэлжээ. Судалгаанд оролцсон иргэдийн 80 орчим хувь нь СӨХ хангалттай түвшинд ажилаа хийдэггүй, иргэдээс хураасан мөнг юунд зарцуулдаг нь ч ойлгомжгүй байдаг тул СӨХ-гоо шинэчилмээр буйгаа илэрхийлсэн байна.

Баянгол дүүргийн гуравдугаар хороо буюу Нарны гүүрний зүүн талд байрлалтай “Хурд” групп барьж, өнгөрсөн өвөл ашиглалтад оруулсан Нарны хорооллын гуравдугаар ээлжийн байруудын “Мөнх-Өргөө” СӨХ-оор жишээ авъя. 

14-20 хүртэл дугаарлагдсан зургаан цуврал байр дундаа нэг СӨХ-той. Гэхдээ СӨХ-г хэзээ, хэдэн оршин суугч хуралдан байгуулсан талаар оршин суугчдын ихэнх нь мэддэггүй. Ус, цахилгааны хэрэглээний төлбөрөө төлөхдөө СӨХ-ныхоо мөнгийг хамт өгдөг ч орц нь бохир, зургаан байрны дунд нэг цэвэрлэгчтэй. Нэмж цэвэрлэгч авна гэсэн ч СӨХ нь ажил хэрэг болгодоггүй. Тэгсэн мөртөө байрны талбайн хэмжээгээр нь бодож, айлуудаас төлбөр авдаг тухай оршин суугчид нь ярилаа.

Ашиглалтад ороод удаагүй байрныхаа түлхүүрийг  дөнгөж хүлээж аваад, шинэ гэртээ нүүж ирээгүй байхад нь хүртэл иргэдээс “Мөнх-Өргөө” СӨХ мөнгө нэхэмжилжээ. Иймээс иргэн Д.Ананд орон сууцандаа нүүж ирсэн өдрөөсөө буюу хог гаргаж хаясан, лифт ашиглаж, машинаа гаднах талбайд нь байрлуулсан цагаасаа эхлэн СӨХ-нд мөнгөө төлнө гэж СӨХ-ийн даргадаа хүсэлт гаргасан гэв.

“Мөнх-Өргөө” СӨХ сар бүр 55.4 метр квадрат талбайтай гурван өрөө байранд амьдардаг нэг айлаас 30 мянган төгрөгийг үйлчилгээний хөлс болгон авдаг ажээ. 

Нарны хорооллын гуравдугаар ээлжинд ашиглалтад орсон байруудын талбайн хэмжээ 49-80 метрийн хооронд байдаг. Ингээд нэг байранд 92 айл, зургаан байранд нийтдээ 600 орчим өрх байдаг гэж бодъё. Нэг айлын сар бүр төлөх СӨХ-ны үйлчилгээний төлбөр дунджаар 30 мянган төгрөг гэж тооцвол “Мөнх-Өргөө” СӨХ нэг сард 18 сая төгрөгийн хураамжийг иргэдээс авдаг болж таарна. 

Энэ байр өнгөрсөн хоёрдугаар сард бүрэн ашиглалтад орсон, шинэ байр болохоор СӨХ засвар хийх шаардлагагүй. Байруудын орц, давхар бүрийг цэвэрлэж, машины зогсоолыг зохицуулан, оршин суугчдын эд хөрөнгийг хамгаалах л үүрэг хүлээнэ. Гэтэл зургаан байр дундаа нэг цэвэрлэгчтэй. Цэвэрлэгч сарын 350 мянган төгрөгийн цалинтай. Хамгаалалтын нэг ажилтай. “Мөнх-Өргөө” СӨХ шинээр цэвэрлэгч ажилд авна гэсэн ч одоог хүртэл аваагүйг иргэд ярив. 

Орон сууцны барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “Мегамакс” компанийн инженер оршин суугчдад хурлын урилга тарааж, урилгаа авсан хүн бүрээс гарын үсгийг нь цуглуулжээ. Гэхдээ хэзээ хэдэн цагт иргэдийн хурал болж, нийт оршин суугчдаас хэд нь хуралд оролцож, СӨХ байгуулав гэдгийг иргэд мэдээгүй өнгөрсөн байна. Иймээс оршин суугчид нэгдэж, СӨХ-г ажлаа тайлагнан, хуулийн дагуу байгуулагдсан эсэх, СӨХ-ны удирдах зөвлөлд хэддүгээр байрны хэдэн тоотын оршин суугчид бүртгэлтэй зэргийг мэдэхийг хүсч, “Мөнх-Өргөө” СӨХ-ны даргадаа хандсан ч оршин суугчдын дуудлагыг авахаа больсон гэнэ. Мөн СӨХ-ны хаягтай байр нь байнгын цоожтой байх болжээ. 

Эх сурвалжийн хэлж буйгаар “Хурд” группийн барьж, ашиглалтад оруулсан орон сууцны СӨХ-үүд хоорондоо холбоотой, хамаатан садны хүмүүс голдуу “Энх-Өргөө”, “Цэнгэлдэх-Өргөө” “Мөнх-Өргөө” зэрэг СӨХ-г байгуулж, иргэдээс хураасан мөнгөө юунд зарцуулсан эсэхээ тайлагнахгүй, иргэдийн хайхрамжгүй, завгүй байдлыг ашиглан зүгээр сууж, мөнгө олдог болсон гэх юм билээ. 

Энэ мэтчилэн айл бүрийн амьдралтай уяатай байдаг СӨХ хэмээх эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй "байгууллага"-ын учир олдохгүй жишээ цөөнгүй. Иргэд ч тэдэнд ямар хэлбэрээр, ямар зориулалтаар мөнгө өгч байгаагаа сайн ойлгодоггүй бололтой. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар СӨХ-г нийт оршин суугчид 50 хувийн ирцтэйгээр хуралдан байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгодог аж.

Дараа нь тухайн СӨХ-ны Удирдах зөвлөл хуралдан, нийт айлынхаа тоог гаргаж, сард гарах зардлаа тооцон СӨХ-ны нэг сарын хураамжийг тогтоон, иргэдээрээ хэлэлцүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл, СӨХ-д төлөх мөнгөн дүнг сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, СӨХ-ны дүрмээр тогтооно. Энэ дүрэмдээ сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэх болон бусад СӨХ-ны үйл ажиллагаанд шаарлагатай хөрөнгө бүрдүүлэх асуудал зэргийг давхар тусгах ёстой байна.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хуулиудаар зохицуулдаг.

Эдгээр хуулиудаар ерөнхий байдлаар талуудын эрх, үүргийг хуульчилсан. Үүнээс гадна тухайн байрны нийт оршин суугчид СӨХ-ны дүрэмдээ нарийвчилсан байдлаар тусгах эрхтэй. Мөн сууц өмчлөгчид төлбөр төлж, үйлчилгээ авч байгаагийн хувьд ямар үндэслэлээр төлбөрийн хэмжээг тогтоосон, юунд зарцуулсан зэргийг хянах, хардах эрхтэй ажээ. 

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ БУСАД МЭДЭЭЛЭЛ, БОДИТ БАЙДЛЫГ БИД ЦУВРАЛААР СУРВАЛЖЛАН ХҮРГЭХ БОЛНО.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж