БНХАУ-ын Бээжин хотоос Монголын Замын-Үүд чиглэлд явж байсан автобус өнгөрөгч наймдугаар сард шатаж, түүнд сууж явсан 37 монгол иргэн ачаа бараа, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Азаар монгол иргэд автобус шатахын өмнөхөн амжиж автобуснаас буусан учраас амь нас нь хохирч, бэртэл гэмтэл аваагүй юм. Харин иргэдийн ачаа бараа, заримынх нь гадаад паспорт галд шатсан.
Шатсан автобус нь БНХАУ-ын “Есөн луу” компанийн харъяа автобус бөгөөд галын улмаас хохирсон иргэдийн эд бараа, бичиг баримтын хохиролд нөхөн төлбөр олгохоор болсон юм. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар дээрх компани нь нийт зорчигчийн 21-ийнх нь хохирлыг барагдуулсан байна. Удахгүй үлдсэн 16 иргэний хохирлыг бүрэн барагдуулна гэж мэдэгджээ.
Харин даатгалын компаниас хохирлыг барагдуулахаар нийт 30 иргэний мөнгийг банкаар шилжүүлсэн бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Эрээн дэх Консулын газрын зүгээс үлдсэн зургаан иргэний мөнгийг шилжүүлэн авах асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж. Мөн тус автобусанд зорчоогүй, зөвхөн ачаагаа тээвэрлүүлж байсан нэг иргэний хохирлыг шийдүүлэхээр тээврийн компанид Эрээн дэх Консулын газраас хүсэлт гаргажээ.
Д.УУДАМ