Японы хамгийн идэвхтэй галт уул 30 жилийн дараа дэлбэрэх аюултай хэмээн эрдэмтэд дүгнэжээ.
Японы Кюшү арал дээр байдаг Сакуражимо галт уул нь маш аюултай нөхцөл байдалд байна хэмээн Бристолийн их сургуулийн эрдэмтэд мөн хэллээ. Тус галт уул нь 600,000 оршин суугчидтай Кагосима хотын ойролцоо байхын сацуу Сэндай цөмийн үйлдвэрээс 49 км-ийн зайд оршдог аж. Сакуражима галт уулын хамгийн сүүлийн дэлбэрэлт 1914 онд болж, 49 хүн амь үрэгдэж байжээ.
Японы олон арал бүхий далай тэнгисийг “галын цагираг” хэмээн нэрлэдэг бөгөөд нийт 100 гаруй галт уул байдаг. Жил бүр жижиг хэмжээний галын цог гардаг бөгөөд хамгийн сүүлийнх нь өнгөрөгч хоёрдугаар сард гарчээ.
Японы холбогдох албаныхан галт уулуудад ойр ойрхон хяналт, шинжилгээ хийдэг бөгөөд аюулын төвшнөөрөө 3-5-д жагссан галт уулын ойролцоо хүмүүсийг очихгүй байхыг анхааруулсан байна.
Сакуражимо галт уул дэлбэрснээс хойш хэдийнэ 100 жил өнгөрсөн байна. Дараагийн хамгийн том хэмжээний дэлбэрэлт болоход 30 хүрэхгүй жил үлдсэн хэмээн Киото Их Сургуулийн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх судалгааны байгууллагын доктор, профессор Харухиса Накамичи хэлсэн байна. Кагосима хотын захиргаа хотын оршин суугчдыг шинээр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулаад амжжээ.
Г.Анударь
Эх сурвалж: BBC