Ц.Оюунгэрэл: Манайх Азид байгаа цорын ганц бүрэн эрх чөлөөтэй орон гэж би бардам хэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: Манайх Азид байгаа цорын ганц бүрэн эрх чөлөөтэй орон гэж би бардам хэлнэ

-Манайд өлсөхгүйгээр учраа ололцох арга зөндөө байна. Ерээд онд  өлсгөлөн зарлахаас аргагүй байдалд байсан. Үнэхээр өнөөгийн Киргиз шиг амьсгалах агаар давчуу байсан. Одоо иргэдэд хүсэл саналаа илэрхийлэх түмэн гарц байна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, хүний эрхийн зөвлөх асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Түүнтэй танилцаад 20 шахам жил өнгөрчээ. Ц.Оюунгэрэлийг өнгөрсөн хугацаанд дандаа л эрч хүчтэй, байнгын завгүй гялалзаж явсныг мэдэх юм. Харин сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө гуйсныг сонсоод гайхав. Түүнтэй уулзахаар очиход эрчтэй хэвээрээ байсан ч хоёр гарынхаа шууг чангалж боосноос үзэхэд үнэхээр нэг юм болжээ. Харин хэдхэн хоногийн дараа шинэ номынхоо нээлтийг хийнэ гэчихсэн, боолтоо тайлчихсан гүйж явав. Ингээд уйгагүй хөдөлмөрч түүнтэй яриа өрнүүллээ.

-Үргэлж бөөн ажилтай бужигнуулж явдаг хүн яагаад гэнэт ажлаасаа чөлөө хүсчихэв ээ?

-Цэвэр эрүүл мэндийн шалтгаанаар, эмчийн зөвлөгөөгөөр ажлаа өглөө л дөө. Эмчийн үгийг дагахаас аргагүй болсон. Өнгөрсөн намар, өвөл А, В хүрээний гээд айхтар томуу дэгдлээ шүү дээ. Тэрний үр дагавар над дээр тусчихлаа. Ядаргаатай хавсраад захын мэдрэлд нөлөөлдөг юм байна. Тэгээд нэлээд удаан хугацааны амралт хэрэгтэй болсон. Компьютер дээр ажиллах юм бол эргээд аягүй хурдан сэдэрнэ шүү гэж эмч анхааруулсан. Дор хаяж нэг жил амар гэлээ. Нэгэнт тийм болсон хүн чинь ажлын орон тоо дэмий бөглөх хэрэггүй гэж бодсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрөвхөн жил. Тэр хугацаанд асар их ажил хийх шаардлагатай. Гэтэл бүтэн нэг жилийг нь эмнэлгээр яваад алдчихалтай биш. Тэгээд л дараагийн зөвлөхийг нь томилуулж ажлыг нь урагшлуулъя гэж бодоод хүсэлтээрээ чөлөөлөгдчихлөө.

-Ерөнхийлөгчийн зөвлөх гэж яг ямар ажил байх юм. Зав муутай ажил уу. Ялангуяа хүний эрхийн зөвлөх гэж өмнөх Ерөнхийлөгч нарт байгаагүй. Өнгөрсөн нэг жилд юу амжуулав?
-Их л завгүй ажилласан. Тэрний нөлөө ч эрүүл мэндэд туссан байх. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүний эрхийн зөвлөх гэж байгаагүй болохоор иргэд маш их ханддаг байсан. Эрх нь зөрчигдсөн иргэд, хүний эрхэд санаа тавьдаг олон улсын байгууллагын төлөөлөгчид, энэ талаар Монголын төрд тусалж дэмжихийг хүсдэг ивээн тэтгэгчид гээд харилцдаг хүн олонтой байлаа. Бас техник ажиллагаа, бичиг цаас ихтэй. Хүний эрх бол Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн гол үндсэн хэсэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг үндсэн үүрэг бол Үндсэн хуулиа сахиулах явдал. Тиймдээ ч хүний эрхэд голлон анхаарч тийм чиглэлийн зөвлөхтэй болсон анхны Ерөнхийлөгч нь манай дарга /Ц.Элбэгдорж/ болсон л доо. Миний хувьд өнгөрсөн нэг жилд асар олон хүнтэй уулзаж санаа бодлыг нь сонссон.

-Зөвлөх гэж Ерөнхийлөгчийг хуулийн төсөл боловсруулах, гадагш дотогш айлчлах, хүнтэй уулзахад нь санаа чиглэл өгдөг ажил гэж ойлгож болох уу?

-Бодлогын баримт бичиг гаргахад нь судалгаа бэлтгэж өгнө. Бодлогын мэдэгдэл хийхийнх нь өмнө судалгаа, тандалтууд хийнэ. Нийгмийн бүлгүүдтэй уулзана. Сэтгүүлчдэд дөт ганц жишээ татъя л даа. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл боловсруулсан юм. Тэгэхэд хэвлэл, мэдээллийн бүх байгууллагын төлөөлөл, эзэд, эрхлэгчид, сэтгүүлчид, тэдэнтэй харилцдаг, тэтгэж дэмждэг гол байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж байлаа. Тэр бүү хэл сэтгүүлчдэд гомдсон хүмүүстэй, маргааныг шийддэг хуульчидтай уулзах жишээтэй. Тэдэнтэй уулзаад байх цаг Ерөнхийлөгчид байхгүй шүү дээ. Ерөнхийлөгч бол зөвлөхүүдийнхээ бичээд боловсруулаад ирсэн бодлого дээр ажиллаж, авах эсэхээ өөрөө шийднэ. Бодлого томъёолох хүртэл хийдэг асар их ажил байдаг юм. Түүнийг зөвлөх хүн нугалдаг юм л даа. Харахад ганц баримт бичигтэй зууралдаад байгаа юм шиг мөртлөө цаана нь асар их ажил байдаг. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл л гэхэд Иргэний танхимаар хэлэлцүүлсэн анхны хуулийн төсөл болсон. Сонирхлын бүлгүүдийн саналыг авахаас гадна нээлттэй хэлэлцүүлэгт оруулж иргэдээс чөлөөтэй санал авсан анхны хуулийн төсөл болсноороо онцлог. Гэхдээ энэ төслөө би дуусгаж чадсангүй. Миний дараагийн зөвлөх, бас ажлын хэсэгт хамгийн идэвхтэй ажиллаж байгаа зөвлөх А.Ганбаатар цааш нь авч явах байх.

-Одоо хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ?

-Хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ хэрэгжүүлэгч сэтгүүлчдийнхээ байр суурийг нэгтгэх шатандаа яваа. Хэвлэл мэдээлийнхэн юунд хамгийн их санаа зовж байсан бэ гэвэл Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага гэж хуульд шинээр оруулж байгаа байгууллага бий. Тэр талаар нэгдсэн саналд хүрэх гэж нэлээд цаг зарсан. Ер нь зөвшилцөлд хүрч болох саналыг дэвшүүлчихээд байгаа. Тэр зарчмыг төр хуулиар зохицуулж өгөх нь сайн, муу хоёр талтай гэсэн маргаан байсан юм. Зөв томъёоллоо олчихвол хуулийн төсөл гацаанаас гарахад ойртчихсон байгаа. Явц нь их дөхчихсөн. Одоо бол Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байгаа.

-Тэр төсөлд таны санаачилсан зарим заалтыг бусад нь дэмжээгүй, унагасан гэсэн яриа байсан?

-Тэр бол ердийн үзэгдэл шүү дээ. Ц.Оюунгэрэл гэдэг хүнд цаасан дээр ноорог гарга гэсэн үүрэг Ерөнхийлөгч өгсөн. Ноорог дээр зөв ч юм бичиж болно, буруу ч юм бичиж болно. Би бол алдаж онодог хүн юм чинь. Түүн дээр зөвлөж ярих, хасах, засах, гүйцээх зөндөө юм байгаа. Нэг л хүн нэг юмны автор байж болохгүй шүү дээ. Аль болохоор намайг их няцаадаг, шүүмжилдэг, дорвитой чанга санал хэлдэг байр суурьтай хүмүүсийг сонсох нь чухал байдаг. Сайн засч залруулах тусмаа Ерөнхийлөгчид хуулийн төсөл очихдоо үнэ цэнэтэй болж хүрнэ. Тэрнээс биш Ц.Оюунгэрэл гэдэг мундаг хүн хэнээр ч шүүмжлүүлэлгүй том төсөл хийгээд очихдоо гол нь биш.

-Энэ мэтийн санал зөрөлдөөн таны ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болчихов уу гэсэн хардлага дуулдаж байсан юм л даа…

-Уучлаарай, тийм юм ёстой байхгүй. Харин ч намайг няцаахгүй бол  ажиллах урам зориг төрөхгүй шүү дээ. Тал талын байр суурь, шүүмж орсон төсөл үнэхээр хариуцлагатай болж гараас гардаг байхгүй юү. Хариуцлагатай бичиг баримт гаргая л гэж бодож байгаа бол маш олон хүнээр шүүмжлүүлэх ёстой. Энэ чинь цаашдаа олон хүн мөрдөх ёстой удирдамж шүү дээ. Шүүмжид эмзэглэх бүү хэл би харин ч баярлаж хүлээж авдаг. Тал талаасаа ярьж шүүмжилж байж л бодлогын баримт бичиг гарвал зөв болдог. Энэ тал дээрээ манай зөвлөхүүд сайн хамт олон. Долоо хоногтоо нэг удаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжавын өрөөнд цуглаад тал талаасаа шүүмж өрнүүлнэ шүү дээ. Номхон суугаад дуугаа хураагаарай, энэ хүн муу төсөл хийвэл хийг гэсэн дүрэм манайд байхгүй.

-Өмнө нь Төрийн ордны Ерөнхийлөгчийн талын жигүүр нам гүм, хаагдмал, ажилтнууд нь аяархан гишгэж, шивнэж ярьдаг, хоорондоо бие биеэ хардсан тиймэрхүү орчин байсан. Одоогийн Ерөнхийлөгчийн багийн ажиллах нөхцөл ямар байдаг бол?

-Манай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн өөрийн характер бол хүнийг их нээлттэй байлгадаг хүн шүү дээ. Бүтээгдэхүүнээ л сайн гарга гэдэг, өөр хориг тавьдаггүй. Аль болох чөлөөтэй ажиллуулах зарчим барьдаг, хүн бужигнуулах дуртай хүн. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан одоо тийм л байгаа. Маш нээлттэй ажилладаг. Таалагдсан, таалагдаагүй зүйлээ шууд л нүүрэн дээрээ хэлэлцдэг. Гэхдээ оноо авах гэж биш, нөхөр ёсоор, сэтгэлээсээ хэлдэг. Гэтэж, шивнэж явах шаардлага үнэндээ байхгүй. Харин хуучин багаас үлдсэн хүмүүс тийм ч нээлттэй болж чадаагүй л байна. Даргынхаа дэргэд дуугүй байх дүрэмтэй гэж санадаг ч юм уу. Хэлэх юмгүй ч байж болно л доо.

-Дараагийн зөвлөх Ч.Сосормааг яаж сонгосон бэ, өөрөө санал болгосон уу, цаанаас судалж авсан юм уу?
-Аль аль нь л байсан. Ардчилсан намын гишүүн бөгөөд хүний эрхээр ажилладаг дадлагатай хүн хайсан байх. Миний хувьд хүний эрхийн салбарт ажилласан туршлагатай хүмүүсийн анкетийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгч тэдний дундаас ч Ч.Сосормааг сонгосон байж болно, Ардчилсан намын санал ч байсан байж болно. Ер нь магадлал сайтай нэр дэвшигч байсан. Манай намын ҮЗХ-ны гишүүн, хүний эрхийн салбарт олон жил ажилласан тийм хүн.

-Таны хувьд Иргэний танхим байгуулалцсан анхны хүн. Энэ ажлыг А-гаас эхлэхэд ямар байв?
-Анхны санааг Ерөнхийлөгч гаргаж Иргэний танхим гэдэг нэрийг өгсөн. Тэгээд яаралтай байгуулах үүргийг надад хүлээлгэсэн. Хаана байгуулах вэ, хэдэн ширээ сандал тавих вэ, сайн муу тал нь юу байх вэ гээд олон удаа хоорондоо хэлэлцсэн. Бараг гурван сар Иргэний танхим байгуулах техник ажил дээр суусан гээд иймэрхүү чимхлүүр ажил ихтэй байсан. Өрөө олох гэж бас сар гаруй болсон юм байна. Тэгж яваад огт ашиглаагүй нэг өрөө Төрийн ордонд байсныг олсон.

-Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нарын албан өрөөний өргөтгөл шүү дээ. Сул байсан гэж үү?

-Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Төрийн ордныг өргөтгөх үед бариад Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед ашиглаагүй тийм өрөө л дөө. Хов хоосон өрөө байж байсан. Гэтэл Иргэний танхим болгоё гэхээр жирийн хүн хуучин Ерөнхийлөгчийн тэр олон давхар хаалгаар нэвтэрч танхимд орох болоод байдаг. Ордог процедурыг нь яаж олох вэ гээд дараагийн асуудлууд гарч ирсэн. Тэр санаа анх манай Төрийн ордны зохион байгуулалт хариуцдаг ажилтнуудад  огт төсөөлөгдөхгүй байсан л даа.

-Жирийн иргэд Төрийн ордонд, тэр тусмаа Ерөнхийлөгч нарын сууж байсан өрөөгөөр нэвтэрч үгээ хэлдэг болох нь дээд хүрээнийхэнд ойлгомжгүй л байсан байх даа?
-Яахаараа очиж очиж энд иргэд орж байдаг юм гээд л. Бараг л гудамжны нөхөд Төрийн тэргүүний сууж байсан өрөөг коридор болгоод цаашаа ордог нь юу вэ л гэж байгаа юм чинь. Хэдэн давхар хаалга ч байсан иргэд тэнд орж болох юм гэдгийг Төрийн ордны зохион байгуулагчдад эхлээд ойлгуулах гэж бөөн юм болсон. Сэтгэл зүйг нь засах ажил хийсэн л дээ. Яаж гаднаас орох иргэдийг хянах вэ, яаж хамжааргатай үг хэлүүлэх вэ л гэдэг сэтгэгдэл тэдэнд байсан. Миний хувьд өөрийгөө их л айхтар ардчилагч гэж бодоод байсан чинь миний боловсруулсан төслийг Ерөнхийлөгч үзээд “Өө, Ц.Оюунгэрэл ээ, чи ямар аймаар коммунист юм бэ” гэж хэлж байсан. Хүнд сурталтай нийгэмд өссөний балаг хүний сэтгэлд байж л байдаг юм билээ.

-Ямар коммунист үзэл гаргав, жишээ нь?
-Төрийн ордонд оруулах хүмүүст тусгай зөвшөөрөл олгоно энэ тэр гээд. Гэтэл ерөөсөө л хэлэлцэх асуудал, танхимын багтаамж, цаг хугацаа гурав хангалттай дэг болох байсан юм билээ. Танхимынхаа суудалд таарсан тооны хүн цуглаад, сэдэвтээ баригдаад, цагтаа багтаад ярина гэдэг чинь л өөрөө хязгаарлалт байсан байхгүй юү. “Түүн дээр өөр ямар цензур нэмэх гээд байгаа юм бэ” гэж Ерөнхийлөгч асууж байсан. Бүр иргэдийг орж ирэхэд хуулийн төслийг дэмжиж, эсвэл эсэргүүцэж үг хэлэх нь хэн бэ гээд ялгаж бичих төсөл хийсэн байсан шүү би. Тэр заалт одоо хэрэгждэггүй юм. Ерөнхийлөгчид анхнаасаа ч ерөөсөө таалагдаагүй. Яваандаа журмаас хасна биз дээ. Тэгж явж Иргэний танхимын дүрэм журмаа баталсан. Одоо бол тэнд хэлэлцүүлэг явж байна. Иргэд ирж үгээ хэлж байна. Өөр өөрийнхөө санааг хэлж байна. Хэдхэн сарын дотор ердийн үзэгдэл болчихсон. Сургуулийн сурагчид хүртэл үгээ хэлдэг боллоо шүү дээ тэнд.

-Долдугаар сарын 1-ний хохирогчдыг төр, засгийн дээд хүрээнийхэн хайхраагүй. Хүний эрхийн байгууллагууд ч эргэж тойроогүй. Харин та амиа алдагсдын ар гэрийнхэн болох Төрийн ордны гадаа өлсгөлөн зарласан хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгсөн анхны хүн байсан. Бас буудуулж шархадсан залуусыг БНСУ явуулсан байх аа?
-Долдугаар сарын 1-нд буудуулж шархадсан хоёр хохирогчийг гэр бүлийнхэнтэй нь БНСУ явуулж эмчлүүлэх, зардлыг нь гаргуулах, виз гаргуулах, хүлээж авах эмнэлгийн бэлтгэлийг хангуулах гээд нэлээд ажил хийсэн. Цаг их ордог юм билээ. Ер нь хүний эрхийн хохирогч нар хуулийн зөвлөгөөг ямар чиглэлд авах вэ гэдгээ мэдэх нь чухал байдаг. Түүнийгээ эрт мэдэхгүй бол цаг алдаж, хуулийн хугацаа өнгөрөөд боломжоо алдах аюултай. Гэтэл долдугаар сарын 1-ний хохирогчид цаг хугацаа маш их алдсан, давчуу болчихсон, үйл явдал болоод бүтэн жил өнгөрчихсөн байсан учраас би гарч өлсгөлөн зарласан Ж.Энхбаяр гуай нартай уулзсан.  Хохирогчдын ар гэрт төрөөс олгох мөнгө бага байна. Эмчилгээ хийлгэхэд хүрэлцэхгүй байна. Нэмэлт арга хэмжээ авч өг гэсэн шаардлага тавьсан хүмүүс байсан. Тэдэнтэй ярилцаж байхад үнэхээр гүнзгий судалж үзмээр санагдсан. УИХ-аас гаргасан хуулийн дагуу шархадсан хүмүүсийн ар гэрт өгөхөөр болсон мөнгө үнэхээр эмчилгээнд хүрэхгүй байсан уу үгүй юү, эмчилгээ нь хэр зардалтай байх вэ гэдгийг нягтлахад мэргэжлийн эмч нарын туслалцаа хэрэгтэй болсон. “Сонгдо” эмнэлгийнхний гаргаж өгсөн судалгаагаар шархадсан хоёр хүний гадагш явж эмчлүүлэх зардал 100 гаруй сая төгрөг болсон. Улсаас гаргаж өгсөн мөнгө үнэхээр хаана ч хүрэхгүй нь ойлгомжтой байсан. Тэгээд нэмэлт зардлыг нь олохоор биечлэн хөөцөлдсөн. Явуулах бэлтгэлийг нь хангахад л бараг хоёр сарын хугацаа зарсан. Байдлыг нь солонгос эмч нарт ойлгуулах, бичиг баримтыг нь англи хэл дээр бэлтгэх, хөрөнгө мөнгө босгох гээд удсан. Солонгосчууд нэлээд тусалсан. Тэгээд хоёр залуу маань БНСУ-д эмчлүүлэхээр өнгөрсөн оны аравдугаар сард явсан. Их л хоцорч явсан даа. Буудуулаад жил гурван сарын дараа явна гэдэг их оройтсон байна шүү гэж эмч нар нь хэлж байсан. Яг одоо тэд эв эрүүл сав саруул болоод хөл дээрээ боссон эсэхийг нь хараагүй байна. Эргэж ирсэн үү, үгүй юү уулзаж амжаагүй байна. Нэг нь ирж байгаа, нөгөө нь удахгүй ирнэ гэсэн сураг сонссон.

-Явснаас нь хойш холбоо бариагүй юү?
-Очоод хоёр хагалгаанд орсных нь дараа утсаар ярихад сэтгэл санаа нь маш өндөр, “Баярлалаа. Хүний эрхийн төлөө санаа тавьдаг Ерөнхийлөгчтэй болсонд  баярлаж байна гэж дамжуулж өгөөрэй” гэж байсан. Түүнээс хойш холбогдож чадаагүй.

-Долоон сарын 1 гэснээс хүний эрх судалдаг хүний хувьд нэг зүйл асууя. Манайд хэсэг хүн УИХ-аа тараахаар өлсгөлөн зарлаад байж байна. Киргизид бөөн бужигнаан болж Ерөнхийлөгчөө хөөгөөд явуулчихлаа. Монгол, Киргиз хоёр адилхан л урьд нь социалист системтэй байсан улс.  Энэ өлсгөлөн бужигнааны хооронд ялгаа байна уу, эсвэл ижил үү?

-Асар их ялгаа байлгүй яахав. Ямар хүмүүс ингээд байгаагийн ялгааг хэлье л дээ. Киргизид эрх чөлөөгүй орны дарангуйлагдсан иргэд босч байна. Бичье гэхэд чөлөөт сонингүй, хэлье гэхэд чөлөөт телевизгүй, бүх сөрөг хэвлэл, мэдээллийг хаасан. Иргэний хөдөлгөөн байгуулахад тэмцье гэхээр бүх төрийн бус байгууллагаа хориглочихсон. Чөлөөт үйлдвэрлэл явуулъя гэхэд үйлдвэрлэл хэдхэн монополийн гарт орчихсон. Өрсөлдөх орон зай байхгүй. Иргэний танхим мэтийн иргэдийн шууд оролцооны байгууллагыг бүр мөрөөдөөд ч хэрэггүй. Төр, засагтаа нөлөөлөх ямар ч гарцгүй болчихсон эрх чөлөөгүй иргэд аргаа бараад тэмцэл хийж Ерөнхийлөгчөө хөөж явууллаа.
Манайд өлсөхгүйгээр учраа ололцох арга зөндөө байна. Ерээд онд өлсгөлөн зарлахаас аргагүй байдалд байсан. Үнэхээр өнөөгийн Киргиз шиг амьсгалах агаар давчуу байсан.
Одоо иргэдэд хүсэл саналаа илэрхийлэх түмэн гарц байна. Чөлөөт ардчилалтай оронд байдаг ямар л гарц байна, манайд бүгд бий болсон. Чөлөөт хэвлэл мэдээлэл, эвлэлдэн нэгдэх эрх, ямар л бол ямар шашинд орох эрх чөлөө, төрийн бус дурын байгууллагаа байгуулах эрх, төр, засагт дуу хоолойгоо хүргэх иргэний нийгмийн байгууллагууд бүгд байна. Хэний ч захидал харилцааг онгичиж, хэнийг ч төр, засгийн эсрэг дуугарлаа гэж ар гэрийг нь дарамтлахгүй байна. Ийм чөлөөт нийгэмд хүн хамгийн бүтээлчээр төр, засагтаа нөлөөлөх ёстой. Мэдээж төр, засагт алдаа бий. Хэлэх хэрэгтэй. Манайх бол Азид байгаа цорын ганц бүрэн эрх чөлөөтэй орон гэж би бардам хэлнэ. Түүнийгээ мэдрэхийн тулд гадагшаа жаахан явж үзэх хэрэгтэй. Хуучин коммунист дэглэм ямар байсныг үзье гэвэл Хойд Солонгос, эмэгтэйчүүд яаж дарлагдаж байгааг харъя гэвэл Афганистан, хэвлэл, мэдээлэл нь хаагдаж, төрийн бус байгууллагууд боогдвол яадгийг мэдье гэвэл дундад Азийн пост коммунист орнуудыг үзэх хэрэгтэй.  Ядахдаа гадаад мэдээ сайн үзэх хэрэгтэй. Наад зах нь Хятадад интернэтэд дураараа орох эрхгүй байна шүү дээ. Монголд өлсгөлөн зарлахаас өөр хийх ажил мөн их байна даа. Өөр арга олж чадахгүй байгаад нь харамсч байна.

-Одоо цаашдаа юу хийх вэ. Зүгээр сууж чаддаггүй хүн шүү дээ өөрөө. Мэдээж төлөвлөсөн зөндөө ажил бий байх?
-Манай гэрийнхэн харин бас яг тэгж хэлээд л байгаа. “Зүгээр сууж чи чаддаггүй шүү, дахиад битгий ядарчихаарай” гээд. Эмч маань бүр юу гэсэн гээч. “Зүгээр суу. Тэгэхгүй бол наад ядаргаа чинь даамжирна шүү” гэсэн. Аяллаар их яв, агаарт гар, амар, биеийн тамир хий, өөр юм зөвшөөрөхгүй гээд байгаа. Хөдөлгөөн дутаад бас ядарсан юм шиг байна. Яаж зүгээр суух вэ гээд нэг ажил гаргаад авсан.

-Бас ямар ажил вэ?

-Монгол бичиг сурч байгаа. Гуч, гучин минут сууж хичээллэж байна. Илүү чадахгүй байна. Эхлээд минутад найман үг уншдаг байсан юм. Одоо бол 25 үг болсон. Ирэх наадмаар, амжихгүй бол есдүгээр сарын 1 гэхэд 100 үг болгох санаатай. Гараараа компьютер дээр нэг жил юм бичихийг хориглосон. Тэгэхээр энэ завсар монгол бичгээр сайн уншиж сураад “Ногоон нүдэн лам” номынхоо хоёрдугаар дэвтрийг бичих судалгаа хийнэ. Монгол бичгээр бичсэн түүхийн ховор материалуудыг судлах гэж үнэхээр хорхойсч байна.

-“Ногоон нүдэн лам” үнэхээр олон уншигчтай шүү. “Реклам хэрэггүй ном” гэсэн нэр авсан байна лээ. Үргэлжлэлийг нь хүлээсэн хүн манай сонинд гэхэд хэд хэд байна. Өнгөрсөн зун Хөвсгөлөөр явж байхад хуудас дутуу ч хамаагүй олж өгөөч гэсэн уншигч олон тааралдсан. Тэд дэд дэвтрийг удаан хүлээж тэсэх болов уу?
-Өмнөх шиг ачаалалтай сууж чадахгүй. Гэхдээ тааруулж ажиллаад “Ногоон нүдэн лам”-аа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Бичмээр санагдвал туслах хүнтэй болоод хэлж өгч ч хамаагүй бичүүлнэ дээ.

-Гурван шинэ номынхоо нээлтийг сая хийлээ шүү дээ. Нэг амиар гурвын гурван ном нээдэг хүн ховор байх. Зургаан зуу гаруй хуудас номыг 19-хөн хоногт орчуулсан гэж сонсоод үнэхээр толгой эргэх шиг болсон. Энэ их ажил ядаргаанд нөлөөлсөн байх даа?

– “Байгаль орчны иргэний нөхөрлөлийн гарын авлага”, хүүхэд, залууст зориулсан “Ажил мэргэжлийн лавлах толь”, “Миний ажлын ноу хау” гэсэн гурван номынхоо нээлтийг хийж найз нөхдөөсөө, уншигчдаасаа урмынүг сонслоо. Одоо нэг хэсэгтээ тэгж ажиллахгүй ээ.  Жинхэнээсээ хэсэг сайхан амарч эрч хүчээ сэлбэе гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа номын ажилд орж таарна л даа.
-За сайн амраарай. Эрүүл мэндээ бодоорой.
-Баярлалаа
                                Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж