Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдахаар товлосон боловч орон нутгийн сонгуулиар шалтаглан дахиад л тодорхойгүй хугацаагаар хойшлогдов. Уг нь АН-ынхан ҮЗХ-ны хурлаараа намын даргаа томилох цаашлаад намын шинэчлэлийнхээ талаар ярилцана гэсэн хүлээлттэй байлаа. Хэдийгээр ҮЗХ-ны хурал хойшлогдсон ч тус хорооны хурлаар юу хэлэлцэх, ямар үр дүн хүлээж буй талаар АН-ын зарим гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Миний бодлоор үндсэн дүрмээ яаралтай шинэчлэх ёстой. Хоёрдугаарт шинэчлэлт хийх гэж байгаа бол үнэт зүйлээ зөв тодорхойлж үзэл баримтлал дээр тулгуурлан бодлогын нам болж шинэчлэгдэх ёстой.
АН-ын гишүүн Л.Гантөмөр: -ҮЗХ-оор хэлэлцэх хамгийн чухал асуудал бол Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг батлах, намын үндсэн дүрмийг шинэчлэх ажлын хэсгийг батлах явдал юм.
АН-ын гишүүн Р.Амаржаргал: -Хурлаас хүлээж байгаа хамгийн чухал асуудал бол намын дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулах явдал юм. Мөн дээр нь, Их хуралд бэлдэх комисс байгуулах нь нэн чухал. Энэ хоёр ажлын хэсэгт чанартай, чадварлаг хүмүүс байгаасай гэж бодож байна. ҮЗХ-аар хэлэлцэх бусад асуудлыг би төдийлөн сонирхохгүй байна.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин: -Нам бол лидерүүдээ бэлтгэдэг, манлайлагчдаа бойжуулдаг энкүбатор. Гэтэл лидерүүдээ бэлтгэх биш, харин ч бүх лидерүүдээ цохиж унагаадаг бүтэц болж хувирсан. Одоо үүнийгээ буцаагаад эрүүл саруулаар харах хэрэгтэй. Эрх мэдэл, мөнгөн дээр бөөгнөрөх биш юм байна. Үнэт зүйл, зарчим, үзэл бодол дээр бөөгнөрч зогсох хэрэгтэй юм байна гэдэг годрил руугаа орох ёстой. Үүн дээр нэгдэж байгаа бол арванхоёрдугаар сарын 6-нд АН-ын шинэ лидерийг гаргаж ирэх, тэр өрсөлдөөнийг шударгаар зохион байгуулах, намын шинэчлэлийн үүд хаалгыг нээж өгөх хүн намын түр дарга болоод явах ёстой.
АН-ын гишүүн Л.Эрхэмбаяр: -Энэ удаагийн хурлаар намын шинэ даргаа батламжлах асуудал хамгийн чухал юм. Түүнчлэн Их хуралдаа бэлтгэх, намын үндсэн дүрмээ шинэчлэх асуудал яригдана. ҮЗХ-ны ирц хангалттай бүрдэх байх гэж бодож байна. Одоогийн байдлаар нэлээд олон гишүүн хөдөө орон нутгаас ирээд байна.
АН-ын гишүүн Д.Батцогт: -Намын дүрмийг шинэчлэх болоод Их хуралд бэлтгэх ажлын хэсгүүд байгуулах нь хамгийн чухал. Хоёрдугаарт, намын даргыг Их хурлаас тодруулах уу бүх гишүүдээс тодруулах уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Миний бодлоор бүх гишүүдийн саналаар сонгох нь зүйтэй.
АН-ын гишүүн А.Бакей: -ҮЗХ-оор хэлэлцэхээр төлөвлөсөн тав зургаан асуудал бий. Үүнээс хамгийн чухал нь намын үндсэн дүрмээ шинэчлэх ажлын хэсэг, Их хуралд бэлдэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах явдал юм. Мөн АН Их хурлаа хуралдуулах хүртэл даргагүй явж болохгүй. Тиймээс одоо бол хоёр хувилбар яригдаж байна. Нэгдүгээрт, ҮЗХ-оор АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилоод, дараа нь Их хурлаар намын даргын асуудлаа шийдэх. Хоёрдугаарт, ҮЗХ-оор намын даргаа томилох гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Би хувьд ҮЗХ-оор түр орлон гүйцэтгэгчийг томилоод дараа нь Их хурлаар шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа.