Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам өндөрлөхөд гурван өдрийн тэмцээн үлдлээ. Энэ удаагийн наадамд 160 орны 4300 тамирчин спортын 23 төрөлд өрсөлдөж байгаагаас ихэнх медаль эзэддээ очоод байна. Мөн паралимпийн наадмын рекорд амжилтууд олноор шинэчлэгдэж, шинэ шинэ амжилтын эзэд тодорсоор байна.
Риод Монголын найман тамирчин спортын таван төрөлд өрсөлдөн жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ ХҮРЭЛ медаль хүртсэн бол хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл V байр эзэлж, Азийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Мөн байт харвааны холимог баг шилдэг дөрөвт үлдсэн амжилтыг үзүүллээ.
Зуны XV паралимпийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдын мэдээллийг хүргэж байна.
ПАРАЛИМПИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН МЕДАЛЬТАН Б.УУГАНХҮҮ
Зуны XV паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд 36 орны 129 тамирчин эрэгтэй 7, эмэгтэй 6 жинд өрсөлдлөө. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат нар эрхээ аван оролцсон юм. Манай жүдочид В3 буюу сул хараатай ангилалд багтдаг.
Паралимпийн наадмын тэмцээн уралдаан эхэлсэн өдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан. Мөн энэхүү наадамд оролцож байгаа Монголын багийн медалийн буухиаг эхлүүлсэн юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Бразил, БНСУ, Япон, Азарбайжан, Узбекстан, Укриан, Монгол зэрэг 12 орны жүдоч өрсөлдсөн.
Б.Ууганхүү эхний тойрогт Бразилийн бөх М.Раяфран 2 минут 57 секундэд цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Манай бөх удаах барилдаанаа Японы Х.Макототой хийхдээ юүко үнэлгээгээр хожиж явсан ч цаг дуусахаас 50 секундын өмнө цэвэр ялагдсан. Улмаар дагах барилдаанд БНСУ-ын Мин Жи Лийг 1 минут 24 секундэд цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Б.Ууганхүүгийн сүүлийн учраа паралимпийн алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Азарбайжаны бөх Ибрахимов Рамин байсан. Манай бөх Азарбайжаны бөхийг дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн хүрэл медалийн эзэн болж, түүхэн амжилтын эзэн болсон.
Паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Узбекстан улс 3 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилтаар 36 орныг тэргүүлсэн бол хоёр алтан медаль хүртсэн Япон, Мексикийн багууд удаалав. Монгол Улс нэг хүрэл медальтайгаар 17 байрыг эзэлсэн.
Б.Ууганхүү Монголын паралимпийн тамирчдаас паралимпийн хоёр дахь медалийг эх орондоо авчирсан юм. Анхны медалийн эзэн нь "Бээжин-2008" паралимпийн наадмаас байт харвааны төрөлд алтан медаль хүртсэн Д.Баатаржав билээ.
ПАУЭРЛИФТИНГИЙН ТӨРЛӨӨР АНХ УДАА ОРОЛЦСОН Э.СОДНОМПИЛЖЭЭ МОНГОЛЫН БАГИЙН ХОЁР ДАХЬ МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
Монголын баг хөнгөн атлетик, байт харваа, жүдо бөх, буудлага зэрэг төрлүүдэд паралимпийн эрхийг аван оролцож байсан түүхтэй. Тэгвэл “Рио 2016” паралимпийн наадамд пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д Э.Содномпилжээ анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн болсон. Түүний жинд БНХАУ, Иран, Египет, Бразил, Саудын Араб, Япон зэрэг 10 орны тамирчид өрсөлдсөн.
Манай тамирчин эхний оролдлогоороо 210 кг-ыг шахаж, удаах захиалгаа 217 болгосон. Тэрээр 217 кг-ыг хоёр удаа өргөсөн ч шүүгч тооцоогүй юм. Энэ жинд АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг-аар мөнгөн медаль хүртсэн. Манай тамирчин эзэн орны тамирчинтай адил өргөсөн ч жингийн илүүгээр хүрэл дээр буусан юм. Энэ жинд паралимпийн аварга, рекорд амжилтыг эзэмшигч Иран, БНХАУ-ын тамирчид захиалгаа 224, 225 кг-аар эхлүүлсэн ч гурван оролдлогоо амжилтгүй болгосон билээ.
БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН ТӨРЛӨӨР 40 ОРНООС ШИЛДЭГ ДӨРӨВТ ҮЛДЛЭЭ
“Сидней 2000” паралимпийн наадмаас эхлэн оролцож эхэлсэн пара байтын тамирчид тав дахь наадамдаа өрсөлдлөө. Гэхдээ байтын тамирчдаас анх удаа хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин эрхээ аван дэлхийн шилдгүүдтэй дахин өрсөлдлөө. “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга Д.Баатаржав дөрөв дэх удаагаа оролцлоо. Тэрбээр одоогоос найман жилийн өмнө урд хөршид болсон Зуны XIII паралимпийн наадмаас алтан медаль хүртэж, Монголын анхны паралимпийн медальтан болсон юм. “Бээжин 2008” паралимпийн наадамд Монгол Улс 147 орноос 51-р байранд жагсаж байсан түүхтэй. Тиймээс бид байт харвааны тамирчдад ихээхэн найдлагыг тавьж, хүлээлттэй байдаг. “Лондон 2012”-т Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдсөн бол “Рио 2016”-д гурван тамирчин өрсөлдлөө.
Мөн энэ удаагийн паралимпийн наадамд Монголын баг холимог багийн төрөлд оролцож, 40 орноос урьдчилсан харваагаар шилдэг 16-д үлдэж чадсан юм. Улмаар Герман, Польшийн багуудыг хожиж, БНХАУ, Италийн багт ялагдан IV байр эзэллээ. Энэ бол пара байтын тамирчдын хувьд түүхэн амжилт билээ. Багийн холимог харваанд Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдсөн.
Мөн манай харваачид хувийн харваанд шилдэг 16-д үлдсэн амжилтыг үзүүлсэн. Д.Баатаржав паралимпийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Лий Хон Гуг хожин Японы Ю.Томохирод дийлдсэн.
Анх удаа паралимпийн наадамд өрсөлдсөн А.Анхбаяр БНСУ-ын Ким Мин Суг 6-5-аар хожсон ч Польшийн тамирчин С.Пиотрод ялагдсан.
Эмэгтэй байтын харваачдаас хоёр дахь удаагаа оролцсон Б.Оюун-Эрдэнэ Их Британы тамирчинг хожсон ч БНХАУ-ын Ү Чүн Енд дийлдсэн. Хятадын тамирчин цааш явсаар мөнгөн медаль хүртсэн юм.
Г.ЦОГТГЭРЭЛ БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТЭЭР АЗИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“Рио 2016” Зуны XV паралимпийн наадамд оролцсон хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл Азийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Пара хөнгөн атлетикийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлагад оролцсон тэрээр бөөрөнцөг түлхэлтийн F57 ангилалд V байр эзлэхдээ Ираны тамирчны эзэмшиж байсан 8 метр 10 см-ыг 8.21, 8.59 болгон шинэчлэн тогтоосон юм.
Г.Цогтгэрэл паралимпийн наадамд анх удаа өрсөлдөхдөө шагналт V байрыг эзэлж, Азийн рекордыг шинэчлэн тогтоосон түүхэн амжилтын эзэн боллоо.
ЭРЭГТЭЙ БУУДАГЧДААС АНХ УДАА ӨРСӨЛДЛӨӨ
Пара буудлагын эрэгтэй тамирчдаас З.Ганбаатар анх удаа паралимпийн наадамд өрсөлдлөө. Дасгалжуулагч В.Ганцоожийн удирдлагад оролцсон тэрбээр Р1, P3, P4 буюу 10, 25, 50 метрийн гурван дасгалд өрсөлдсөн юм.
З.Ганбаатар 10 метрийн дасгалд 18-р байранд орсон нь хамгийн өндөр амжилт юм. Энэ дасгалд нийт 32 тамирчин өрсөлдлөө.
Ийнхүү Монголын паралимпийн хорооны найман тамирчин спортын таван төрөлд Риод өрсөлдсөнөөс жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар ХҮРЭЛ медаль хүртэж, байт харвааны холимог баг болох Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар IV байр эзэллээ. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж, Азийн рекорд амжилтыг тогтоосон гээд амжилт дүүрэн Риогийн наадмыг өндөрлүүллээ.