Баталсан хуулийг баллуурдсаны балаг

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Баталсан хуулийг баллуурдсаны балаг

-Есдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-аас буцаасан. 2004 оны хуулийг хэрэгжих хугацаа шинэ хууль батлагдсанаар дуусгавар болсон. Ийм л цоорхой дунд бид оршиж байгаа-

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/ 20 жилийн хугацаанд 19700 хүнд үйлчилжээ. Тус төвөөр үйлчлүүлэгсдийн 98 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, үлдсэн хоёр хувь нь ахмад настнууд байдаг байна. Эрчүүд бол тэнд хандах нь бараг үгүй. Ахмад настай өвөө нар болон асран хамгаалагчдынхаа, гэр бүлийн гишүүдийн дарамтад орсон хөвгүүд л тэнд очдог гэнэ. Өвөө нарын хувьд үр хүүхдүүдтэйгээ таарамж муутайгаас, эсвэл эдийн засгийн дарамтад орсны улмаас ХЭҮТ-ийг зорьдог байна. Ахмад настнуудын хувьд үр хүүхдүүд нь тэтгэврийг нь олон сараар урьдчилж авах, хашаа байшин, байр, орон сууцыг нь барьцаалахыг шаардах зэргээр дарамт учруулдаг ажээ.

Дээрх тоон үзүүлэлтээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөвхөн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль юм шиг өрөөсгөл ойлголт нийгэмд амь бөхтэй байсаар байна. Анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барихад “Авгайгаа ганц алгадсаны төлөө яах гэж ийм хууль гаргаж байгаа юм бэ” хэмээн асууж байсан улстөрч ч бий. Гэтэл гэр бүл дэх хүчирхийлэл улстөрчдийн төсөөллөөс аль хэдийнэ давсныг дараах тоон үзүүлэлтээс харж болно. Сүүлийн зургаан жилд 95 хохирогч гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан бол 2016 он гарснаас хойш найман хохирогч ойр дотны хүнийхээ гарт амиа алдсан байна. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2016 оны эхний зургаан сард гэр бүлийн хүчирхийллийн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30,4 хувиар өссөн байна. Гуравхан сая хүн амтай улсад жилд 24-26 хүн гэртээ хүчирхийллийн улмаас өөд болж байна. Гэтэл яг одоогоор гэр бүл дэх хүчирхийллийг халахад чиглэсэн хууль, эрхзүйн зохицуулалт байхгүй болчихоод байна гэвэл хилсдэхгүй. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан хуулийг УИХ-аас буцаасан. 2004 оны хуулийг хэрэгжих хугацаа шинэ хууль батлагдсанаар дуусгавар болсон. Ийм л цоорхой дунд бид оршиж байгаа.

Хүний амь нас, эрүүл мэндэд шууд халддаг хэрнээ гэр бүл дэх хүчирхийлэл нь өнөөдрийг хүртэл гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш маргаанд тооцогдсоор байгаад хамаг учир оршиж буй юм. Түүнчлэн шүүгч, прокурор, цагдаа, өмгөөлөгч нарын өдөр тутам мөрдөж ажилладаг хуулиудыг гэр бүлийн хүчирхийллийн хуультай уялдуулаагүйгээс өнөөг хүртэл хохирогчоо хамгаалж чадалгүй эрүүл мэнд, амь насаар нь дэнчин тавьсаар ирсэн шүү дээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах шийдвэр гаргасан. Тэрхүү тогтоолд Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьсан хэдий ч УИХ хүлээж аваагүй. УИХ-ын 26 дугаар тогтоол дөрвөн үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд иргэн Д.Оросоо, Н.Ариунболд нар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм.

Таван багц хууль хэмээн нэрлээд байгаа дээрх хуулиудаас хамгийн түрүүн хэрэгжүүлэх ёстой хууль бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэж олон нийтийн зүгээс эсэргүүцэл үзүүлсний хүчинд уг хуулийг Засгийн газар буцаагаад УИХ-д өргөн барьчихаад байна. Тэгэхээр ирэх сарын 1-нээс хуралдаж эхлэх УИХ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэж батална. Батална гэж, уг нь аль хэзээний батлагдчихсан хууль л даа. Ингэж нэг хуулийг хоёр удаа баталж байсан түүх парламентат тогтолцооны 26 жилд тохиогоогүй ч бушуухан албан ёсоор батлагдах нь хамгаас чухал байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг багц хуультай уялдуулан батлах шаардлага амьдралаас урган гарсан гэж болно. Хүний амь нас, эрүүл мэндэд шууд халддаг хэрнээ гэр бүл дэх хүчирхийлэл нь өнөөдрийг хүртэл гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш маргаанд тооцогдсоор байгаад хамаг учир оршиж буй юм. Түүнчлэн шүүгч, прокурор, цагдаа, өмгөөлөгч нарын өдөр тутам мөрдөж ажилладаг хуулиудыг гэр бүлийн хүчирхийллийн хуультай уялдуулаагүйгээс өнөөг хүртэл хохирогчоо хамгаалж чадалгүй эрүүл мэнд, амь насаар нь дэнчин тавьсаар ирсэн байна. Чухам тиймээс л Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсруулжээ.

Гэтэл уг хуулийг “орчуулгын хууль” гэсэн гооч үг зарим хүний амнаас гарчээ. Угтаа бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн мянга мянган хүний зовлон, бэрхшээлд үндэслэж, хаана очоод ямар хаалга мөргөж байгааг биечлэн мэдэрсэн хүмүүс уг хуулийг боловсруулсан байна. Хохирогчийг хамгаалах нарийн процессийг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулиудад суулгаж багтаахгүй бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дангаараа ямар ч хүчгүйдсээр ирсэн байна. Таван багц хууль цогцоороо батлагдсан бол дуудлагаар очсон цагдаа нар асуудалд үзэмжээр хандахаа больж, хүчирхийлэгчийн хэрэглэсэн галт зэвсэг буу шийдмийг хураах эрх үүсэх байлаа. Гэтэл өнөөдөр хууль хяналт, шүүхийн байгууллагын шийдвэрийг хүлээсээр, иргэд хохирсоор байна шүү дээ. Гэр бүл цуцлах шийдвэрээ хүлээж байхдаа нөхрийнхөө гарт өөд болсон эмэгтэйн гашуун түүх давтагдахгүй гэх баталгаа яг одоогоор алга байна.

Нөгөөтэйгүүр хүчирхийлэгч ч тухайн гэр бүлийн гишүүн. Тэр анх гэр бүл болохдоо арслан барс шиг байгаагүй нь мэдээж. Гэр бүлд хүчирхийлэл даамжирснаар хэн хождоггүй. Тиймээс хүчирхийлэл үйлдэж буй хүнийг бага дээр нь засч залруулах, сургалтад хамруулах зүйл заалт ч шинэ хуульд багтсан гэнэ. Хүчирхийллээс хожих хүн нэгээхэн ч үгүй учраас гэр бүлийг эн мэт заалтыг оруулсан бөгөөд уг хуулийг эр эм хочрыг эвдрэлцүүлэх бус гэр бүлийг эвлэлдүүлэх хууль ч гэж мэргэжилтнүүд нэрлэж байна. Тиймээс УИХ алдаагаа засч, баллуурдсан хуулиа бушуухан батлах ёстой юм биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж