Дуучин А.Хишигдалай, С.Зоригт нарын хамтран анхны тоглолтоо хийх гэж байгаа тухай бид мэдээлсэн. Анхны хамтарсан тоглолтынхоо талаар дуучид өнөөдөр /2016.09.14/ хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Хайртай хүндээ” тоглолт энэ сарын 16-ны өдөр Crocus event hall-д 19:00 цагаас болох юм. Одоогоор тоглолтын бэлтгэл ажил 90 хувьтай явагдаж байгаа бөгөөд тоглолтонд 26 дуугаа амьд хөгжимтэйгээр хүргэнэ гэж тэд мэдээллээ. Тоглолтын билет 10000 төгрөгний үнэтэйгээр ticket.mn-ээр зарагдаж байгаа юм байна. Мөн univision, ddish сувгаар тоглолтыг шууд цацах ажээ. Ийн шууд цацаж байгаа нь хөдөө орон нутагт байгаа залуучуудад тоглолтыг шууд хүргэх зорилготой гэдгийг тэд тодотгов.
Тоглолтын найруулгыг үе үеийн залуусын тоглолтыг зохион байгуулж байсан туршлагатай рок Р.Мөнхсайхан зохион байгуулж, тоглолтын хөтлөгчөөр “Авьяаслаг Монголчууд” шоуны хөтлөгч Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нар ажиллахаар болсон байна. Тоглолтын нууцаас задлахад дуучин А.Хишигдалайтай хамтран ажилладаг гоо сайхны салоны хамт олон тоглолтонд ирсэн эмэгтэйчүүдэд бяцхан сюрприз бэлдсэн гэнэ. Тоглолтонд lumino хамтлаг, реппер NMN, дуучин Б.Маралжингоо, реппер Энэрэл, Дандий, Цэцээ, бүжгийн Aim4r production, dj tse нар оролцохоор болсон байна.
Э.СОСОРБУРАМ