Монголын багачууд “Курбан баяр”-ыг хуваалцлаа

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

Монголын багачууд “Курбан баяр”-ыг хуваалцлаа

Турк улсад энэ сарын 10-наас эхлэн дөрвөн хоног “Курбан баяр”-ын өдрүүд үргэлжилж байна. Энэхүү баяраар нэн тэргүүнд ядуусыг хооллох ёстой байдаг бөгөөд хамаатан саднаараа айлчилж, бэлэг бэлэглэдэг уламжлалтай ажээ.  Энэ баярыг лалын шашинтай үндэстэн бүр тэмдэглэдэг бөгөөд дэлхийн аль ч оронд байсан ёс болгон тэмдэглэдэг байна.  Тиймээс энэ жил анх удаа БНТУ-ын Туркиш Эйрлайны компанийн хамт олон нийгмийн хариуцлагын дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хоёр хүүхдийн асрамжийн төвд өчигдөр /2016.09.14/ хүнсний хэрэгцээний мах болон гарын бэлгээ гардууллаа.

Тэд Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв, болон Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн багачуудад баярын бэлгээ хуваалцсан юм.

Монгол дахь Туркиш Эйрлайны төлөөлөгчийн газрын дарга Али Оздэмир  хэлэхдээ “Манай ард түмний “Курбан баяр” тохиож байна. Энэ баярыг монгол ахан дүүстэйгээ хуваалцахыг хүссэн учраас монголын хоёр хүүхэд асран хамгаалах төвийг сонгон мах, хувцас, тоглоом бэлэглэлээ. Энэхүү баярыг ислам шашин үүссэнээс хойш 1400 жилийн турш тэмдэглэн ирсэн түүхтэй. Курбан баяраар мах худалдан авч чадахгүй байгаа ядуу хүмүүстээ махнаасаа хуваалцаж, бусдад аз жаргалаа хуваалцаж байгаа гэсэн утгатай юм” хэмээн тайлбарлав. 

Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв нь 1974 онд байгуулагдсан. Одоо 43 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Тус төвд одоогийн байдлаар нийт 173 хүүхэд амьдардаг бөгөөд үүний 43 хүүхэд нь цэцэрлэгийн насны багачууд юм байна. Мөн тус төвийн хүүхдүүдээс гадна 136 ажилчид ажилладаг өнөр бүл ажээ.

Ийнхүү тус төвийн ерөнхий захирал Б.Бурмаа хүрэлцэн ирсэн зочдыг хүлээн авч, баярласан сэтгэлээ илэрхийллээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж