Хичээлийн шинэ жил эхэлж гурав дахь долоо хоногтойгоо золгож буй энэ үед нийслэлийн гурван цэцэрлэг хүүхдээ хүлээж аваагүй л байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 86, 77, 95 дугаар цэцэрлэгүүд юм. Тендэрийн ажил удааширсан гэх шалтгаанаар дээрх гурван цэцэрлэгийн засварын ажил хойшилсноор өдгөөг хүртэл хүүхдээ аваагүй байгаа аж.
Албаныхны мэдээлснээр энэ сарын 15 буюу маргааш гэхэд гурван цэцэрлэгийн засвар дуусч, хүүхдээ хүлээж авна гэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар 86, 95 дугаар цэцэрлэгийн л засвар дуусчээ. Харин 77 дугаар цэцэрлэгийн засвар хараахан дуусаагүй байна. Энэ долоо хоногтоо засвар дууссан хоёр сургуулийг улсын комисст хүлээлгэж өгөх юм. Ингээд ирэх нэг дэх өдрөөс хүүхдээ хүлээж авахад бэлэн болно гэж нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай мэдээллээ.
Энэ жилийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 86, 88, 89 дүгээр цэцэрлэгийг зассан. Харин сайдын багцаас дөрвөн цэцэрлэгийг засахаар тооцоолжээ.
Харин сургуулиудын хувьд засварын ажил бүрэн дуусч, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн байна.
Үүнээс гадна нийслэлийн хөрөнгөөр 16 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж байгаа. Энэ онд зургаан цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь есдүгээр сарын 1-нд нээлтээ хийжээ. Тухайлбал, Хан Уул дүүргийн Өлзийт хороолол, Сонгинохайрхан дүүргийн 24, Баянзүрх дүүргийн 22, 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулж, нээлтийг нь хийсэн байна. Цогцолборуудын хувьд 180 хүүхдийн багтаамжтай бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэх юм.
Б.ЗАЯА