Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

Дэлхий нийт терроризм гэдэг шинэ дайсантай болоод удаж байна. Гэм зэмгүй олон хүний амь сүйдэж байна. Хүний амиас гадна эдийн засгийн хохирол нь асар их юм.

Есдүгээр сарын 11-ний үйл явдал дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлсөн

Аль-Каидагийн хэт даврагч бүлгийн АНУ-ын Нью-Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон террорист халдлага АНУ-ын эдийн засагт шууд нөлөөлсөн. Одоо ч энэ үр дагавар нь мэдэгдсээр байна гэж америкчууд ярьдаг. Энэ халдлагаар 2977 хүн амь үрэгдэж, 6300 хүн шархадсан.

Эдийн засгийн үр дагавар нь өнөөг хүртэл хүн төрөлхтөний түүхэн дэх том хохиролд тооцогдсоор байна. Санхүүгийн зах зээлийн индексүүд нь ёроолгүй ангал руу унасан мэт, энэ халдлагаас өмнө эхэлчихсэн байсан эдийн засгийн зогсонги байдал улам эрчимжсэн. Энэ хэрэг явдлаас үүдэн АНУ-ын түүхэн дэх хамгийн их зарлагатай хөтөлбөр болох Терроризмтай тэмцэх хөтөлбөрийг АНУ хэрэгжүүлж эхэлжээ.

Тэр дороо мэдэгдсэн хохирол

Даатгалын компаниудын хохирол нь 40 тэрбум ам.доллар хүрсэн. Томоохон даатгуулагчдын хувьцаа 7-8 хувиар унасан юм. Халдлагын дараагийн гурав хоногт санхүүгийн хямралыг гаргуулахгүйн үүднээс Холбооны нөөцийн систем (ХНС) өдөр бүр 100 тэрбум ам.долларыг гаргаж байлаа. Алтны үнэ 30 хувиар нэмэгдэн унцийн үнэ нь 215,50 ам.доллараас 287 болж нэмэгдэв.

Халдлагын гол төв Нью-Йорк хот гурван сарын дотор 430 мянган ажлын байраа алдсан. Ам.долларын ханш нь евро, фунт, иентэй харьцуулахад эрс унасан юм. Есдүгээр сарын 12-ны өдөр Германы хөрөнгийн бирж 8,5 хувиар, Лондоны бирж 5,7 хувиар тус тус унасан.

Фото: © REUTERS/Brad Rickerby

АНУ-ын биржүүд халдлагаас хойш дөрөв хоногт хаалттай байлаа. Энэ бол их хямралын үеэс хойш анх удаа тохиолдсон хэрэг байлаа. Их хямралын үед ерөнхийлөгч Франклин Рузвельт 1933 оны гуравдугаар сард биржийг хоёр хоног хааж, хүмүүс мөнгөө татахаас сэргийлж байсан юм.

Хөрөнгийн бирж есдүгээр сарын 17-ны Даваа гаригт нээгдэхэд Dow Jones индекс шууд 7,13%-иар (-684,81 пункт) унасан юм. 

Тероризмтай хийсэн дайны зардал

Есдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч /бага/ Жорж Буш терроризмтай хийх дайныг зарлав. Аль-Каидагийн тэргүүн Осама бин Ладеныг баривчлан шүүх зорилготой “загалмайтны аян”-аа тэр Афганистанд эхлүүллээ. Афганистан дахь ажиллагааны зардал нь 20 тэрбум, дээр нь үндэсний аюулгүй байдлын зардал нь 13 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

2003 оны гуравдугаар сарын 21-нд Буш цэргээ Иракт оруулав. Тэрбээр Тагнуулын төв газар тэндээс үй олноор хөнөөх зэвсгийг илрүүлсэн, Иракийн удирдагч Саддам Хусейн Аль-Каидад тусалсан гэж мэдэгдэв. Иракийн дайн эхний жилдээ Афганистаны дайны зардлаас хоёр дахин даваад 50 тэрбум ам.доллар хүрсэн байв. Зардал нь нэмэгдээд л байлаа. Бушийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед терроризмтай хийсэн дайны зардал нь 864,82 тэрбум ам.доллар болсон байжээ. Үүнийг дагаад батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын зардал ч өсчээ.

Фото: © Flickr/The U.S. Army

Жорж Бушийн дараа сонгогдсон ерөнхийлөгч Обама энэ эргэлтийг хязгаарлах гэсэнгүй. Найман жилийн хугацаанд Обама терроризмтай хийх тэмцэлд 857 тэрбум ам.долларыг зарцуулжээ. АНУ-ын хилийн чанадад терроризмын эсрэг явуулсан ажиллагааны нийт зардал 1,8 их наяд ам.доллар болжээ.

Терроризмтай хийсэн цар хүрээтэй тэмцэл нь АНУ-ыг өрийн хямралд оруулсан билээ. Одоо Обамаг ажлаа өгөх үед АНУ-ын өр 20 их наядаар хэмжигдэнэ гэж тооцоолж байна.

Мадридийн үнэ 212 сая евро

Испанийн Мадрид хотын галт тэргэнд 2004 оны гуравдугаар сарын 11-ны өдөр болсон алан хядах халдлага Испанийн парламентын сонгуультай бараг давцсан юм. Испанийн санхүү, аж үйлдвэрийн судалгааны хүрээлэн энэ халдлагын хохирлыг 212 сая евро гэсэн нь Мадридын ДНБ-ий 0,16 хувь, Испанийн ДНБ-ий 0,03 хувьтай тэнцэж байлаа. Аль-Каида бүлэглэлийн дайчид 10 удаагийн цуврал дэлбэрэлт үйлдэж, нийтдээ 192 хүн амь үрэгдэж, 2000 орчим хүн шархадсан юм.

Фото: © wikipedia.org

Нийт 212 сая еврогийн хохирол амссаны дотор хохирогчдыг эрж хайн анхны тусламж үзүүлэхэд 2,2 сая евро, эмнэлгийн асрамж, эмчилгээнд таван сая евро, хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоход 134 сая евро, цалин хөлсний нөхвөрт 2,4 сая евро, эвдэрч сүйрсэн байр байшин, дэд бүтцийг сэргээн босгох болон хохирогчдын сэтгэл зүйн дэмжлэгт 57 сая еврог тус тус зарцуулжээ.

Харин Лондоны эдийн засаг өдөртөө сэргэсэн

Лондонд 2005 оны долдугаар сарын 7-ны өдөр болсон халдлагыг зарим үед 7/7 гэж нэрлэдэг. Тэр өдөр террористууд хотын төвийн метрог дэлбэлсэн юм. Энгийн 50 иргэн амиа алдаж, 700 хүн гэмтэж, шархадсан. Гэхдээ 7/7 нь Их Британийн эдийн засагт 9/11 шиг хүчтэй тусаагүй.

Фото: © wikipedia.org

Британийн фунт ам.доллартай харьцуулахад ханш нь 19 сарын дотор хамгийн доод хэмжээнд хүртэл унажээ. Хөрөнгийн индекс FTSE 100 нь эхний хоёр цагт 200 пунктаар доошлов. Бирж тусгай арга хэмжээ авсан байв. Арилжааны хаагдахын өмнө зах зээл бараг эргээд байрандаа очсон гэж болно.

Франц, Герман, Нидерланд, Испанийн арилжаа бирж дээр нэг хувиар доошилсон ба АНУ-ын зах зээл энэ халдлагын нөлөөг бараг мэдсэнгүй өнгөрөв. Лондоны бирж дээр дараагийн өдөр нь хөрөнгийн хувьцаа дахин нэмэгдэж эхэлсэн юм.

Парисийн “чөтгөрийн баасан гариг” 

Фото: © REUTERS/Kacper Pempel

Парисийн "Батаклан" шөнийн клубт 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд болсон халдлагаар 130 гаруй хүн амь үрэгдэж, 400 орчим хүн шархадсан билээ. Францын сан хөмрөгийн тайланд өгүүлснээр энэ хэрэг явдал эдийн засагт нь хоёр тэрбум еврогийн хохирол учруулжээ. Францын нийт эдийн засаг нь 2,1 их наяд евро бөгөөд халдлагын улмаас амссан хохирол ДНБ-ий 0,1 хувьтай тэнцэж байна.

Брюсселийн үр дагавар одоо мэдрэгдсээр

Энэ оны эхээр Брюсселийн нисэх онгоцны буудал болон метроны “Малбек” станцад болсон халдлаган улмаас 38 хүн амь үрэгдэж, 340 орчим хүн шархадсан. Бельгийн үндэсний банкны дарга Ян Сметс энэ халдлагын эдийн засагт үзүүлэх үр дагавар нь Парис, Лондоныхоос илүү гүнзгий хэмээн хэлсэн.

Фото: © REUTERS/Yves Herman

Бельгийн ДНБ оны эхний улиралд 0,2 хувиар нэмэгдсэн ч 0,1 хувь нь халдлагын улмаас ахин нэг хувийн өсөлтөө алджээ. Дэлхийн банкны мэдээгээр Бельгийн ДНБ 2015 онд 454 тэрбум доллар байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж