- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар барилгын салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дангаараа хангаж чадахуйц байсан барилгын салбар доголдож, уналтад орсныг засч, урагшлуулна. Үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүдийн санал чухал” гэсэн юм.
- 26 орны 130 төлөөлөгч оролцсон “Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл” олон улсын байгууллагын 25 дугаар нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар төмөр зам Ази Европыг холбосон транзит тээврийн коридор болох хүсэлтээ ОХУ, БНХАУ-ын талд илэрхийлж, шаардлагатай бүтээн байгуулалт, татварын таатай нөхцлийг бий болгох саналтай буйгаа тодотгосон байна. ОХУ-ын тал Монгол Улсаар дамжсан дөт төмөр замаар өмнөд хөршийн далайн тээвэрт хүрэх саналтай. Харин БНХАУ-ын тал дээрх дөт замаар тээвэр хийхээд шаардагдах бүтээн байгуулалт, ачааг шилжүүлэн ачих нэгдсэн тээврийн логистик төвийг барихад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой буйгаа илэрхийлжээ.
- “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүд, АН болон Монголын ардчилсан холбооны үе үеийн гишүүдийн төлөөлөл Э.Бат-үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна хэмээн мэдэгдэл хийлээ.
- Хичээлийн шинэ жил эхэлж гурав дахь долоо хоногтойгоо золгож буй энэ үед нийслэлийн гурван цэцэрлэг хүүхдээ хүлээж аваагүй л байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 86, 77, 95 дугаар цэцэрлэгүүд юм. Тендэрийн ажил удааширсан гэх шалтгаанаар дээрх гурван цэцэрлэгийн засварын ажил хойшилсноор өдгөөг хүртэл хүүхдээ аваагүй байгаа аж. Энэ долоо хоногтоо засвар дууссан хоёр сургуулийг улсын комисст хүлээлгэж өгөх юм. Ингээд ирэх нэг дэх өдрөөс хүүхдээ хүлээж авахад бэлэн болно гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлжээ.
- Англи улсын иргэнийг хөнөөсөн этгээдийг цагдаагийн байгууллагынхан өнгөрөгч мягмар гаригт баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэргийг үйлдсэн Г гэгч этгээдийг баривчилжээ. Улмаар талийгаачаас алдсан эд зүйлийг хулгайлж нуусан газрыг олж илрүүлэн хурааж авсан байна.
- Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 5 төгрөг, үхрийн цул мах 35 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7999 төгрөг байна.
- “Хаппи Веритас” оношилгооны төвөөс В, С вирус тодорхойлох шинжилгээг өнөөдрөөс эхлээд ирэх сарын 15 хүртэл үнэ төлбөргүй хийх нэг сарын аян зарлаад байгаа юм байна. Үүнд 11 төрлийн шижилгээ багтаж байгаа бөгөөд хэрвээ тухайн иргэн аль нэг вирусын халдвар авсан бол үнэ төлбөргүй эмчилж, эмээр хангана гэдгээ мэдэгдээд байна. Шинжилгээнд хэдэн ч хүн хамрагдах боломжтой бөгөөд дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, хүчин чадлын хувьд хангалттай бэлтгэгдсэн байна.
- Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Их хурал өчигдөр МҮОХ-ны байранд болж, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг улируулан сонголоо.
МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, нарийн бичгийн дарга М.Бөхбат Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох болон дэд ерөнхийлөгчид, Улаанбаатар хот болон бүх аймгуудын жүдо бөхийн салбар, холбооны гишүүд, жүдо бөхийн клубын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцсон хурлын танхимаас ганцхан Х.Батттулгыг нэр дэвшүүлж, төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ.