Ил хаадын түүх эл боллоо

Хуучирсан мэдээ: 2016.09.14-нд нийтлэгдсэн

Ил хаадын түүх эл боллоо

Монголын байлдан дагууллын үеэс Ил хаадын түүхийн судлал төдийлөн хөгжөөгүй, энэ талаар нарийн судалгааны бүтээл, туурвил ховор байсан билээ. Тэгвэл доктор, профессор Д.Баярсайханы уйгагүй хөдөлмөрөөр энэ чиглэлд үсрэлт гэж хэлж болохуйц судалгааны бүтээл олон нийтийн хүртээл болж байна.  Доктор, профессор Д.Баярсайхан Ил хаадын талаар хоёр ном туурвисан бөгөөд эхнийх нь “Хүлэгү хаанаас Абу Са-ид хүртэл-Ил-хаадын тухай өгүүллүүд” нэртэй юм. Энэхүү бүтээлдээ Ил-хаант улсын талаар өгүүлж, Ил-хаан бүр тухайн үеийн улс төр, гадаад, дотоод байдал, шашин соёлынх нь хүрээнд авч үзсэн бөгөөд 2004 онд Иран улсад хийсэн судалгаагаа багтаажээ. Харин хоёр дахь ном нь Ил-хаадын судлалаар ажиллаж байгаа, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 18 орны эрдэмтдийн олон улсын хэмжээнд хэлэлцүүлсэн өгүүллийн эмхэтгэлийг багтаасан аж.

Энэхүү бүтээл нь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үндэсний соёл, түүхийн чиглэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гурван төслийн нэг нь юм.

Харин үлдсэн хоёр төсөл нь МУ-ын Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү, туульч А.Балдандоржийн “Монгол алтайн магтаал” цомог юм. ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаал”-тад орсон монгол туулийг хамгаалах, цаашид хөгжих нөхцлийг бүрдүүлэх, таниулан сурталчилах үүднээс энэхүү цомгийг тусгайлан төсөл болгон хэрэгжүүлсэн аж.

Харин гурав дахь төсөл нь нэрт цуурч Паарайн Наранцогтын хүү, цуурч Б.Наранбатын “Монгол цуурын аялгуу” бие даасан цомог юм. Цуур хөгжим нь монголчууд Хүннүгийн үеэс хэрэглэж ирсэн монголын язгуур хөгжмийн зэмсэг юм.

Ийнхүү монголын язгуур урлаг, түүхэн ач холбогдол бүхий баримт, судалгааг хөгжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас судлаач, уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлсэн судалгаа, шинжилгээний бүтээлүүд өнөөдөр монголчуудын хүртээл болж байна.

Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж