Тавхан жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж, олон улсын шинжээчдийн дурдах дуртай сайн жишээ болж байсан Монголын эдийн засаг эдүгээ эсрэгээрээ улстөрчдийн бодлогын алдаа эдийн засгийг хэрхэн богино хугацаанд нурааж болдогийн жишээ болох болжээ. Гадаадын олон хэвлэл таван жилийн өмнө сэтгүүлчдээ Монголд томилон ирүүлж байсан бол өнөөдөр монголчууд өрөндөө баригдаж, ард иргэдийнх нь амьдрал хэрхэн доройтож байгаа талаар сурвалжлан нийтлэх болжээ.
Financial Times сонин энэ оны есдүгээр сарын 12-ны дугаартаа Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийтлэл хэвлэжээ. “Өрөөс өрийн хооронд амьдарч байна” гарчигтай уг нийтлэлд Монголын эдийн засгийн цаашдын төлөв байдлын талаарх дэлхийн санхүүгийн байгууллагуудын гаргасан график зургуудыг хавсаргажээ. Нийтлэлийн гарчгийг Нарантуул зах дээр наймаа хийдэг худалдаачны “өрөөс өрний хооронд амьдарч байна” гэсэн үгээр гарчигласан аж.
Нийтлэлд хавсаргасан график зургууд монголчууд бидний амьдрал ойрын хэдэн жилдээ сайжрахгүйг харуулж байгаа юм.
Олон улсын валютын сангаас гаргасан энэхүү графикаас харахад 2012 онд 17.5 хувь хүрч байсан эдийн өсөлт энэ онд хамгийн доод цэгтээ байхаар байна. Ирэх оноос бага зэрэг сайжрах төлөв байгаа ч халамжийн мөнгөөр туйлж байсан үе рүүгээ ойрын таван жилд л лав буцаж очихгүй нь.
Мөн Монголын экспортын нэг гол бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээлийн ханш энэ онд уналтын цэгтээ хүрээд байгааг Bloomberg-ийн эх сурвалж бүхий графикаас харж болох нь.