“Одод болохын хүслэн” биелсэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

“Одод болохын хүслэн” биелсэн үү?

Хү ха хү…Хэзээ ч хувиршгүй миний анхны хайр

Хэзээ ч мөхөшгүй миний хайрын гал

Чин үнэнч хайрын чин үнэнч дурлал

Чин үнэнч амьдралын амтлаагүй анхны минь хайр” хэмээн “Лаава” хамтлаг тайзнаа дуулна.

Энэ бүхэн 1994 онд Нийслэлийн хүүхэд, залуучуудын соёлын төвд болж буй “Ирээдүйн одод” тэмцээнээс эхлэлтэй. Тус тэмцээнд одоогийн “Камертон”, “Номин талст” бүр охидын “Spike” хамтлагийнхан бэлтгэл хийж байв. Тэр дунд “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн толгойнхоо “Яг энэ хэсэгт соёмбо шивүүлнэ ” хэмээн хамтлагийнхантайгаа ярилцаж байх юм. Араб алчуур, турк цамц, өргөн жийнсэн өмдөөр гангарсан эдгээр залуусын төлөөлөл бол “Лаава” хамтлагийнхан. Магадгүй энэ дүр төрх таны зургийн цомогт дурсамж, түүх болон хадгалагдаж байгааг үгүйсгэхгүй.

Ийнхүү өнгөрсөн баасан гаригт дуулиан шуугиантайгаар нээлтээ хийсэн “Одод болохын хүслэн” инээдмийн уран сайхны кино үзэгчдийн дурсамжийг сэдрээж эхэллээ. “Мөрөөдлийн театр”-ын дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох тус киноны гол дүрд жүжигчин Г.Алтаншагай /Ганжи /, Г.Эрхэмбаяр /Тогтох/, Д.Баттөмөр /Сүхбаатар / нар тогложээ. Харин уг киноны зохиолыг “Аав” киноны зохиолч М.Энхдалай бичсэн бол найруулагчаар “Содура” киноны найруулагч Б.Жаргалсайхан нар ажилласан байна. Мөн киноны туслах дүрд жүжигчин Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар тоглосон байв.

2012 онд “Мөрөөдлийн театр”-ын дэлгэцийн анхны уран бүтээл “Ээжийн дайсан” инээдмийн кино хадам ээжийг диссэлж, үзэгчдийг байлдан дагуулсан. Харин энэ удаа тэд 1990-ээд оны залуусыг онилсон байна. Кино хэд хэдэн хэсэгт үзэгчдийн элгийг хөшөөх үйл явдал гарч байсан бол зарим хэсгүүдэд ч үзэгчдийн нүдний нулимсыг бөмбөрүүлэх шиг болж байлаа. Амьдралын эрхээр салаа замаар салсан ч эргэн нийлж, хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тэдэнд юу тохиолдох бол. Ийн арван жилийн гурван найзын адал явдал 20 жилийн дараа хэрхэн инээд хөөр бэлэглэж, ухаарал хайрлахыг та өөрөө үзэж, мэдэрсэн нь дээр биз ээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж