Гадна талбайдаа өнгө өнгийн цэцэгс алаглуулсан “Хүүхэд харах үйлчилгээ” гэсэн хаягтай төв нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт бий болоод хоёр жил болж байна. Энэ төвийг О.Ганзориг, Б.Болормаа гэх гэр бүлийн хоёр эрхлэн ажиллуулдаг.
Өнгөрсөн онд УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдахад санаа шулуудан, өнгөрсөн дөрөвдүгээр сард 80 мянган төгрөг төлөн тав хоногийн сургалтад суусан байна. Гэрийн эзэн О.Ганзориг барилгын салбарт 20-иод жил ажилласан нэгэн. Барилгын салбарынхан өвлийн улиралд ажилгүй шахам байдаг учраас өөрийнхөө хүүхдийг харангаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр шийдсэн гэдгээ учирлаж байв.
Гэр бүлийн хоёр өөрийн дөрвөн настай охиноос гадна цэцэрлэгийн насны найман хүүхэд хардаг. Нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд улсаас хоёр хүүхдийн хувьсах зардлаар тооцон олгодог. Тиймээс тэд нийт 10 хүүхдийн хувьсах зардлыг улсаас авдаг аж. Үүнээс гадна нэг хүүхдийн 50 мянгаар тооцон эцэг, эхчүүдээс төлбөр авдаг. Улсаас олгож буй хувьсах зардлын 36 мянгыг хүүхдүүдийн хоолонд, 70 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт зарцуулдаг байна.
“Хүүхдүүдийн маань хамгийн бага нь нэг ой найман сартай бяцхан охин бий. Надаас салахгүй ээ. Би яг л аав шиг л байдаг юм” хэмээн О.Ганзориг инээмсэглэн өгүүлнэ.
Улсын цэцэрлэгүүд өглөө 08.00 цагт үүдээ нээж, хүүхдүүдийн шуугианд дарагддаг бол энэ төвийн эхний хүүхэд 09.00 цагт ирдэг гэнэ. 10.00 цаг хавьцаа бүгд цугларч, өглөөний цайгаа ууж, тоглоцгооно. Харин өдрийн цайгаа 13.00 цагт уудаг гэнэ.
Биднийг очиход гэрийн эзэгтэй өдрийн цайнд өгөх ороомог жигнэж байлаа.
“Хүүхдүүдийн маань эцэг, эх оройн 17.00 цагаас ирж хүүхдээ авцгаадаг. Зарим өдөр 20.00 цаг хүртэл харах тохиолдол гардаг. Мэдээж илүү цагийн мөнгө гэж ганц хоёр мянган төгрөг авдаг ч эцэг, эхчүүдээ гуйхаар нь ойлгоод өнгөрүүлэх тохиолдол ч бий. Гэр хороололд амьдарч буй иргэдийн амьдрал хэцүү байна. Улсын цэцэрлэгт олон хоног дугаарлаад цэцэрлэгт хамрагдсангүй л гэдэг. Яг үнэндээ улсын цэцэрлэгт хамрагдах боломжтой айл цөөн байгаа” хэмээн Б.Болормаа хэлж байна.
Өнгөрсөн жил тэд өөрсдийн амьдарч байсан байшиндаа хүүхэд авсан аж. Харин энэ жил хувь хүнээс таван сая төгрөг зээлэн шинэ байр барьж хүүхдүүдээ авчээ. “Манай энэ хавьд ийм цэцэгтэй газар лав байхгүй. Тавдугаар сар гарч дулаармагц бид барилгын ажлаа эхэлсэн. Зээлсэн мөнгөнөөс гадна 10 хүүхдийн хувьсах зардал болох 1.160.000 мянган төгрөгийг мөн байрандаа зарцуулсан. Мөн УИХ-ын сонгуулийн өмнө тараасан 1072 хувьцааныхаа 30 хувь болох 300, 300 мянган төгрөгөө нэмэрлэлээ. Одоо ариун цэврийн өрөө, гал тогоогоо засварлаж, ашиглалтад оруулна” хэмээн О.Ганзориг хэллээ.
Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага өндөр хэмээн тэд үзэж байна. Тэдгээр стандартыг хангана гэвэл чамгүй өндөр зардал хэрэгтэй учраас тэд ингэж үзэж байгаа аж. “Уг нь энэ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн санаа нь зөв санагддаг. Хүүхэд харж, харуулж байгаа хэн хэн нь ажилтай болж байна. Гэтэл сүүлийн үед энэ үйлчилгээг зогсооно гэх мэдээлэл гарах юм. Жирийн ард иргэдийн амьдралыг дэмжсэн энэ мэт хуулиа зогсоолгүй хэрэгжүүлээсэй гэж хүсч байна” хэмээн тэд санал бодлоо хуваалцсан юм.