Монголын төрийг гадныхан санхүүжүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Монголын төрийг гадныхан санхүүжүүлэхгүй

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн төсвийн тодотгол хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тодотгосон төсөв маань яг ямар болчихов?

-2016 оны төсвийн орлого нь 1.7 их наяд орчим төгрөгөөр буурч, төсвийн зардал 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн, оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсөв 4-5 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай байсан учраас төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлага тулгарсан. Нөгөөтэйгүүр 2012 оноос хойш Монгол Улс дөрөв, таван төсөвтэй явж ирсэн. 2015 оны төсвийн гүйцэтгэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байсан бол энэ тоо 2016 онд бараг 4 дахин өссөн. Үүнд, ялангуяа төсөв батлагдсаны дараа буюу төсвийн гадуур нийт 1.4 их наяд төгрөг зарцуулах хууль, тогтоомж, концесс, вексел их нөлөөлсөн. Төсвийн алдагдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ний 4 хувь байх ёстой бол 20.6 хувьд хүрэхээр байсныг төсөвт тодотгол хийж буурууллаа. Төсвийн орлогыг 1.7 орчим их наяд төгрөгөөр бууруулж, 5.3 их наяд төгрөг болголоо. Төсвийн зарлагыг бол 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Ингээд төсвийн зарлагыг 9.7 их наяд төгрөг байхаар нэгдсэн төсвийн алдагдлыг 4.3 их наяд төгрөг буюу ДНБ-ний 18.0 хувьтай тэнцэхээр тодотгол хийсэн.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх биш бууруулсан гэж үү. Яг ямар салбаруудаас орлогыг бууруулсан бол?

-2016 оны төсвийн орлогыг төсөөлөхдөө нэлээн өөдрөгөөр төсөөлсөн байсан. Хэд хэдэн томоохон төслүүдийг урагшлуулна гэж тооцсон. Жишээ нь, Гацууртын төсөл. Мөн навигацийн орлогыг 2015 оныхоос 30 хувиар нэмэгдүүлээд тавьсан байсан. Дээрээс нь томоохон төрийн өмчит ХК-уудыг хувьчилна гэж төсөвт тусгасан. Харамсалтай нь энэ бүхэн янз янзын шалтгаанаас болоод хэрэгжээгүй. Энэ мэт өөдрөг төсөөллүүд бүтээгүй учир төсвийн орлогыг бодит хэрэгжэхүйц хэмжээнд бууруулж тооцохоос аргагүйд хүрсэн.

-Зарлагын тухайд яаж бууруулав, алба агентуудынхаа зардлыг танасан уу. Танасан зардал хөрөнгө оруулалтынх байсан уу эсвэл урсгал зардал юм уу. Яг юуг хассан бэ?

-Зарлага бууруулах чиглэлээр бид цөөнгүй санал боловсруулсан. Өнөөдөр манай улсын төсвийн томоохон бүрэлдэхүүн хэсэг нь цалин хөлс байдаг. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулъя гэсэн саналыг гаргасан. Эдийн засаг хүнд үед хүмүүсийн амьдралд шууд нөлөөлөх цалинг багасгах нь зөв шийдэл биш гэж УИХ, Засгийн газар үзсэн. Мөн төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад төрөөс олгодог 36 сарын тэтгэмжийг ажилласан жилтэй нь уялдуулан 1-12, хүчний байгууллагуунхны тэтгэвэрт гаргахад олгох тэтгэмжийн хэмжээг 24 сараар олгож байя гэсэн санал оруулсан. УИХ эдийн засаг хүнд үед энэхүү нэг удаагийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Тэвчиж болох бүхий л зардлыг бууруулахаар төсөвт суулгалаа. Тиймээс бензин шатахуун, шуудан холбооны зардлыг 50 орчим хувиар бууруулсан. Хурал, зөвлөгөөн зохион байгуулдаг зардлыг ч ихээхэн багасгасан.

Зарим төрлийн нийгмийн халамжийг болиулах, тодорхой зорилтот бүлэгт нь өгөх саналыг санаандгүй гаргасан хэрэг биш. Хүүхдийн мөнгө 21 мянган төгрөгийг 2016 оны улсын төсөвт зөвхөн зорилтот бүлэгт олгохоор тусгасан байсан хэдий ч төсөв батлагдсаны дараа хүүхэд бүрд олгохоор УИХ-аас шийдвэрлэсэн. Мөн олгоогүй байсан 2015 оны 12-р сарын хүүхдийн мөнгийг 2016 оны төсвөөс нөхөн олгосон зэргээс үүдэн бүтэн жилийн хугацаанд төсөвлөсөн 144 тэрбум төгрөг нь энэ оны эхний зургаан сард дууссан. Тиймээс 7-р сараас олгогдох эх үүсвэргүй болсон байсанг сая тодотголд тусгалаа.

-Тодотголоор хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор шийдсэн бил үү?

-Хүүхдийн мөнгийг 2016 он дуустал олгоно. Гэхдээ зорилтот бүлгийн хүүхдүүд буюу нийт хүүхдүүдийн 60 орчим хувьд нь бэлнээр өгөөд үлдсэн 40 хувьд нь нэрийнх нь дансанд хуримтлал болгон байршуулна гэсэн үг. Нэрийн дансан дахь мөнгөө хүүхдүүд 2019 оноос бэлнээр авах боломжтой болно.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн хэрэгжих хугацааг тодорхой хэмжээгээр хойшлууллаа. Хамтын тэтгэвэрт олгох 50 гаруй тэрбум төгрөг өнөөдөр нийгмийн даатгалын санд байхгүй байна.

36 сарын тэтгэмжийг хэвээр үлдээсэн хэрэг үү. Зарим эх сурвалж цэргийн албан хаагчдынх 36 сараар үлдээд бусад нь 1-12 сар болсон гэж тайлбарлаж байсан?

-Төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг бууруулаагүй хэвээр байгаа.

-Оюутнуудад сар тутам олгодог 70 мянган төгрөгийг он дуустал олгоно гэж ойлгож байгаа зөв үү?

-Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийг 2016 оныг дуустал олгохоор болсон. Гэхдээ өмнө нь тавьж байсан шаардлагыг биелүүлж байж авна гэсэн үг.

-Ингээд тоочоод байхаар яригдаж байсан зүйлүүд бүгд хуучнаараа хэрэгжих юм байна. Тэгэхээр зарлагыг хэрхэн бууруулсан хэрэг вэ. Шуудан холбоо, гадаад томилгоо, бензинээс хэдий хэрийн хэмнэлт гарах бол. Орлого талаасаа асуух зүйл бас байна. Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжээд далд эдийн засаг ил боллоо гэж байсан. Мөн НӨАТ-ын шинэ хуулийн үр гарч байна уу?

-Энэ удаагийн ил тод байдлын тухай хуулиар огт бүртгэлгүй юмнуудыг гаргаад ирчихсэн гэж ойлгож болохгүй. Тодорхой зарим хэсгийн далд байсан ашиг орлогыг нь оруулж ирсэн хэдий ч эдийн засаг бүхэлдээ хямарсан учраас орлого буурсаар л байна. Импортын орлого л гэхэд өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар багассан байна. Мэдээж НӨАТ-ын шинэ хууль далд эдийн засгийг ил гаргахад нөлөөлж байна. Гэхдээ эдийн засаг тэр чигээрээ хямарсан үед далд эдийн засгийг ил болгоод ч татвар шууд ихээр нэмэгдэхгүй.

Монголын эдийн засаг, төсвийг эрүүлжүүлэхэд хийх ёстой алхмуудыг бид эхлүүлэх гэж оролдсон. Эртнээс эхлүүлэхгүй бол оройтно. Нийгмийн даатгалын сан л гэхэд өнөөдөр 400-500 тэрбум төгрөгийн татаас улсаас авдаг. Дөрвөн жилийн дараагаар нэг их наяд орчим төгрөгийн татаас авахаар ийм хүнд байдалд аль хэдийн хүрсэн байна. Тэгэхээр энэ бүгдийг бодолцоод эдийн засгийг эрүүлжүүлье гэвэл зарим бүтэц, тогтолцооны өөрчлөлтийг зориглон хийх нь зүйтэй юм.

-Ерөнхий сайд аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа татвар нэмнэ гэснээсээ бид нар буцахгүй. УИХ дахь МАН-ын бүлгээс улс төрийн шийдвэр гаргасан учраас бид нар хүлээж авсан байгаа гэж хэлсэн л дээ. Тэгэхээр алсдаа бол татвар нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Яг одоо бид янз бүрийн хувилбар дээр сууж байна. Сангийн яам, Засгийн газраас өргөн барьсан зарим татвар нэмэгдүүлэх санал нь жирийн иргэдэд төдийлөн нөлөөлөхгүй. Татвар төлөгчдийн нэг хоёр хувьд л нөлөөлөх юм. Монголын ихэнх хүмүүс өнөөдөр алтны орд эзэмшдэггүй, 150 метр квадратаас дээш байранд амьдардаггүй, сард 2.5 саяас дээш цалинтай биш, архи, тамхины бизнес эрхэлдэггүй шүү дээ.

Бид олон улсын жишигт нийцэх алхамыг хийж нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх, нэгэнт үүсчихээд байгаа баян ядуугийн ялгааг арилгахын тулд шатлалтай татварыг бий болгох нь зүйтэй юм. Магад орлогын татварын шатлал 2.5 сая төгрөг гэдгийг 4 сая ч гэдэг юм уу нэмэгдүүлэх зэрэг тооцоолол дээр зарим өөрчлөлт, нарийвчлал хийх нь зүйтэй байж болох юм. Нэг хүнд ногдох ДНБ нь манайхтай адилхан улс оронд хүн амын орлогын татвар нь 5-35 хувиар таван шатлалтай байдаг. 

-Эдийн засгийн хүндрэлтэй үед татвар нэмэх биш бууруулах арга хэмжээг дэлхийн бусад улс орнууд авдаг юм байна. Нийгмийн хэдэн хувьд үйлчлэхээс үл хамааран татварын нэмэгдэл сөрөг үр дагавар авчирна гэж нийгэм буруушааж байгаа. Автомашины импортын татварыг нэмснээр ачаалал нь импортлогчдод биш хэрэглэгчдэд л бууна шүү дээ?

-Эдийн засгийн хүндрэлтэй үед татвар нэмэх биш бууруулах арга хэмжээ авч хүндрэлээ даван туулсан улс орнууд бий. Жишээ нь, АНУ-ын хувьд Ерөнхийлөгч Рейгений үед зарим татварыг буулгаж, татвар төлөгчдийнхөө баазыг нэмж, 1980 онд -0.3% байсан эдийн засгаа 1988 онд 4.1% болгон өсгөсөн. Гэвч энэ жишгээр татвараа багасгасан улсууд манайх шиг бага татвартай биш эсрэгээ хэт өндөр татвартай, ойлгоход хэцүү татварын системтэйгээсээ болж татвар төлөлт муу байна гэж судалгаагаар нь гарч байсан байна. Тухайн үед Ерөнхийлөгч Рейген ХАОАТ-ын дээд хэмжээ 50% байсанг 28% болгож, доод хэмжээ 11% байсанг 15% болгож нэмсэн. Татвар 15 шатлалтай байсанг 5 шатлалтай болгосон байдаг. 1990-ээд оны эхэн үед Монгол Улс олон шатлалтай татвартай байсан. 2007 онд одоогийн татварын системийг баталж, ихэнх татварыг нэгэн жигд 10 хувь болгосон. Тухайн үед Монгол улсын эдийн засаг одоогийнхтой харьцуулбал хамаагүй бага байж. Татвар хураах, татварт хяналт тавих систем ч муу байсан. Мөн Монголчууд 2000 оны сүүл үеэс хуримтлал үүсгэж, дотоодын ААН-үүд маань хөлөө олж байсан үед татвараа багасгах нь зөв бодлого байсан.

-Татвар нэмснээр аж ахуйн нэгжүүд задрах, бутрах, буцаад жижигрэх тал бий. Хууль чангарахаар хулгайчийн арга нарийсдаг гэдэг бил үү?

-Ямар ч хууль батлагдахад түүнийг тойрч гарах алхмуудыг хувь хүн ч, ААН ч хайж байдаг. Тэрхүү эрсдлийг ч гэсэн бид тооцдог. Мэдээж өнөөдөр боломж бололцоо нь байсан бол МАН 65 суудал авчихаад, кабинетаа дангаар бүрдүүлчихээд, орон нутгийн сонгуулийн өмнөхөн хүмүүст ийм таагүй мэдээ, ийм хүнд төсвийн бодлого дуулгахыг хүсэхгүй. Ямар ч хамаагүй үнээр хамаагүй гаднаас зээл авч амьдрал сайхан юм шиг явсаар байгаад дөрвөн жилийг өнгөрөөх эрх бидэнд байхгүй. Монголын ирээдүйгээр дэнчин тавьж эх орноо, ард түмнээ хуурч мэхлэх гэж оролдвол юу болдогийг энэ зуны сонгуулийн үр дүн тод харууллаа. Монголын эдийн засаг үнэхээр хүнд байгаа. 2017, 2018 онд Монгол Улс нэг ч хүний цалин тавихгүй, нэг ч сургууль цэцэрлэгийн урсгал зардлыг санхүүжүүлэхгүйгээр төсвийн бүх мөнгөө зээлийн үндсэн төлбөр, хүүнд төлөөд ч хүрэлцэхгүй хасах зааж байна. Өөрөөр хэлбэл, бид нэг айл өрх гэж үзвэл ирэх жил 500,000 төгрөгний орлоготой байж 600,000 төгрөгний өр зээл төлөх болчихоод байгаа. Ар гэр, амьдрал, хүүхдүүдийнхээ хоол ундыг бид бас залгуулах үүрэгтэй. Ойрын болон дунд хугацаандаа энэ хүндрэлээс гарах амаргүй.

-Дэд сайдын сандал суудлын талаарх шүүмжлэлийг та хэрхэн хүлээн авч байгаа вэ. Үнэхээр хэцүү байгаа бол дэд сайдын орон тоог бий болгох шаардлага байсан уу?

-МАН яамдын тоог цөөлж, тэвчиж болох зардлыг хасаж, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах бодлого барьсан. Бүх салбар хямралд орсон энэ үед асуудал, өргөдөл гомдлыг хурдан шийдвэрлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах удирдлага зохион байгуулалттай байх нь 13 хүний цалинг хэмнэхээс илүү чухал. Гэтэл сайд бүх зүйлд ганцаар зүтгээд хүрэлцэхгүй үе их бий. Ялангуяа УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа сайд нар маш их ачаалалтай ажилладаг. Гадаад улс орнуудад нэг яаманд чиглэл чиглэл хариуцсан олон дэд сайд байдаг. Мэдээж энэ бол Монгол улсад төсөв мөнгө хүнд үед хэрэгжих боломжгүй.

-Томоохон төслүүд хэзээ урагшлах ?

-Том хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах тухай яриа хэлэлцээр энэ намартаа хийгдэнэ. Өмнө нь УИХ-аар батлуулчихсан төсөлөө хүртэл буцаасан тохиолдол бий. Үүнээс болж хөрөнгө оруулагч нар Монголын төрд итгэхгүй болчихоод байна. Тиймээс тэдний итгэлийг сэргээж, Оюутолгойн хоёр дахь шатны төсөл, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн төмөр зам, Гацууртын төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулна.

-Хойшдоо Олон улсын валютын сангийн Стандбай хөтөлбөрт орох нь гарцаагүй гэсэн үг үү. Өмнө нь манай улс энэ хөтөлбөрийг даван туулж байсан?

-Манай улс 2009 онд Стандбай хөтөлбөрт орж байсан. Гэвч тэр үед Монголын эдийн засаг харьцангуй бага байсан. Өнөөдрийн 20 гаруй тэрбум ам.долларын өр зээл тухайн үед байсангүй. Тиймээс 2009 оных шиг хурдан, амжилттай хэрэгжүүлэхэд хүнд. Монгол Улс, монголчуудын хэрэглээ асар их тэлсэн. Түүнийг хязгаарлана гэдэг амар биш. Ялангуяа сүүлийн 4 жил Монгол улсын засаг, төр маань хязгаараасаа давсан тансаг хэрэглээнээс болж ирээдүйгээсээ зээлээд идчихсэн, гайгүй дээ үр хүүхдүүд маань төлчихнө гээд та биднийг ийм их дарамт, хямралд хүргэсэн байна.

Монголын төрийг гадаадын улс орон, хэн нэг сайхан сэтгэлтэн санхүүжүүлэхгүй. Монголын ард түмэн, монголын ААН-үүд л Монголын төрөө гэж, төр нь ард түмнээ гэж ажиллах ёстой. Айлаас эрэхээр авдраа уудал гэж ардын үг бий. Бид аминдаа авдраа уудлах л гэж үзсэн хэрэг.

Д.ЦЭЭПИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж