“Хайр хүслийн чандмань
Таван мэдрэхүйг сэрээж
Хачин төгс эгшигэнд
Уусан шингэж одно” хэмээн шүлэглэх “Монгол камасутра” зураачдын хамтарсан үзэсгэлэнг өчигдөр /2016.09.15/ Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.
Эротик урлагаар уран бүтээлээ бүтээх хүсэлтэй зураачдыг “Бидний соёл” төрийн бус байгууллагын санаачлага, дэмжлэгээр тэдэнд уран бүтээл хийх боломжийг олгон, ивээн тэтгэж “Аглаг”-ийн хийдэд 10 хоног зуруулсан байна.
Ийн зураачид Камасутрагаас сэдэл авч, өөр өөрийн таашаал сонирхлоор бүтээлээ бүтээсэн нь олон янзын арга ажиллагаа, ур чадвараа харуулсан өвөрмөц сэтгэлгээ бүхий урлагийн бүтээл болжээ.
Үзэсгэлэнд “Сэрэл”, “Камасутра”, “Чи минийх-Би чинийх”, “Цангаа”, “Сарны сонат”, “Бүлээн давалгаа” зэрэг 21 зураачийн 24 уран бүтээлийг толилуулжээ. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан энэхүү үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болох юм байна.
А.СҮРЭН