НИТХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Т.Батцогт, НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү нар оролцлоо.
Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь НИТХ дэгийн дагуу сар бүр хуралдах ёстой авч долоо, наймдугаар сард хуралдаагүй байна. Хэрэв ээлжит чуулган хойшлох шалтгаантай бол дараагийн хурлын товыг тогтоол гаргаж товлох ёстой байдаг байна. Гэтэл хэзээ хуралдах нь мэдэгдэхгүй байсаар удаж байгаа аж.
“НИТХ ардчиллын зарчмаас, нээлттэй үйл ажиллагаагаа явуулдаг зарчмаас ухарч байна. Тогтмол явуулах ёстой хурлаа хоёр удаа тасаллаа. Нийслэл Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын шинэчлэлтэй холбоотой асуудал, тусгай замын автобус, гэр хорооллыг дэд төв болгон хөгжүүлэх, хотын тохижилт, хог хаягдлын шинэ менежмент гэх мэт олон асуудлын эрчим суларч Улаанбаатар хот эзэнгүйдэж байна. Иймээс НИТХ-ын дарга Ц.Сандуйд шаардах бичиг хүргүүлнэ” гэж НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү хэллээ.
Энэхүү бичгээр дамжуулан НИТХ-ыг есдүгээр сард хуралдуулахыг шаардаж байгаа аж. Хэрэв хуралдвал НИТХ-ын бүтэц зохион байгуулалтын асуудлаа шийдэж, ажлын хороодоо байгуулах, НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох шаардлагатай байна гэж тэрээр нэмж хэллээ.
Нийслэлийн Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагуудад 2012 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсийн судалгаа мэдээллийг ирүүлэх үүрэг даалгавар өгсөн юм байна лээ. Энэ нь төрийн албан хаагчид ажлаа хийх боломж бололцоог хааж, сэтгэл санааны дарамт учруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агентлагаас 200 гаруй хүн чөлөөлөгдсөн. Ингэснээр төрийн албан хаагчид нам бус байх хууль тогтоомжийг зөрчиж байна гэж НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт хэлээ.
Өнгөрсөн 2012-2016 онд НИТХ нийтдээ 42 удаа хуралдаж 150 гаруй тогтоол шийдвэр гаргасан. Өнөөдөр НИТХ байгуулагдсан цагаас хойш ганцхан удаа хуралдаад Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга нарыг томилохоос өөр асуудал хэлэлцээгүй. Хоёрдугаарт нийслэлийн бүх шийдвэрийг шилэн тунгалаг болгож чадсан. Энэ хэрээр хотын иргэдтэй хамтарч аливаа асуудлыг шийдвэрлэдэг соёл нэвтрүүлсэн. Бид энэ бүх тогтолцооноос ухарч, өөрөөр хэлбэл 2012 оноос өмнөх хаалттай засаглал руу шилжих магадлалтай байна гэж НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа хэллээ.
Тэд ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
-Төрийн албанаас 200 гаруй хүнийг халсан гэлээ. Яг ямар байгууллагаас хүмүүс халагдсан бэ?
–НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү: Улаанбаатар хотод 30 гаруй агентлаг байдаг. Үүнээс 17 агентлагийн дарга нарыг сольсон. Энгийн жишээ хэлэхэд НИТХ-ын ажлын алба 40 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Гэтэл 35 хүнийг нь сольсон. Өнөөдөр төрийн алба мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Төрийн албан хаагчид нь тогтвортой ажиллах ёстой. Гэтэл энэ зарчмаас ухарч байна.
-Нийслэлийн төсвийн байдал ямар байна вэ?
–НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа: Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсвийн талаарх мэдээллийг бидэнд өгөөгүй. Цаашид Засаг дарга болон ЗДТГ-аас тогтмол мэдээлэл өгдөг байсан хэвийн урсгалыг тогтмол хангах шаардлагатай байгаа юм.
–НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү: Нийслэл хотын хэмжээнд 200 гаруй төсөл арга хэмжээ хэрэгжээд явж байгаа. Улсын төсвөөр 82 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 182,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээ хэрэгжээд явж байна. Дээр нь концессоор хэрэгжиж буй ажил ч бий. Харамсалтай нь зарим ажлын эрчим суларсан. Хийгдэх эсэх нь тодорхойгүй болчихоод байна.