Долдугаар сарын 7. Энэ өдөр “Маргааш аялалдаа гарна” гэхээс ажлаа ч тогтож хийж чадахгүй догдлолоор дүүрэн өнгөрлөө. Өглөөний хурлаас эхлээд л аяллын уур амьсгал орчихсон байсан юм чинь арга ч үгүй биз ээ. Уг нь ч өглөөний хурал яг л ёс журмаараа эхэлсэн л дээ. Өмнөх өдөр нь гарсан сониныхоо алдаа, оноог ярьсныхаа дараа маргааш гаргах сониныхоо “хар зурга”-ийг гаргасан юм. Харин дараа нь аяллын талаарх яриа өрнөлөө. Хэдийгээр маргааш явахаа мэдэж байсан хэдий ч “Маргааш эрт хөдөлнө шүү. Хувийн бэлтгэлээ сайн хангаарай” гэсэн эрхлэгчийн хэдхэн үг биднийг ямар нэгэн мөрөөдлийн гэмээр ертөнц рүү хөтлөөд орчих шиг болсон. Бид ажлаа эртхэн дуусгаж, аян замд хэрэглэхэд шаардлагатай бүрдүүлэхээр дор бүрнээ яарч байлаа. Манайхан нийт дөрвөн багт хуваагдсан учир хэдхэн минутын зав гарав уу, үгүй юү нэг харахад л хаа нэгтээ баг багаараа “толгой холбож, хошуугаа нийлүүлчихсэн” байх дүр зураг өдөржингөө л нүднээ илхэн байв. “Манай багт ийм ч зүйл дутуу байгаа. Эднийх тийм “юм” бэлтгэсэн байна билээ. Би тагнуул хийсэн” гэх мэт үгс дуулдах нь инээдтэй ч юм шиг хэрнээ энэ аяллыг хэчнээн их хүлээж байсныг маань илтгэх мэт. Бүгд л яарахын амтанд орчихсон байсан болохоор ч тэр үү. Долдугаар сарын 8-ны дугаар ядах юмгүй бэлэн боллоо. Ажлаа эрт дуусгасан багийнхан нь дэлгүүрийн зүг гүйх шахам гарч одно. Арай амжаагүй хоцорч үлдсэнүүд нь багийнхнаа хүлээн эрт гарсан бусад багийнхандаа битүүхэн атаархан сууж байх шиг харагдсан шүү. Түрүүлж гарсан багийнхан үлдсэн багийнхандаа хандан “За, тэгээд дэлгүүрт бүгд таарав даа” хэмээн хэлж байсан нь битүүхэн атаархсаныг нь гэрчлэх буй за. Гэтэл яасан гэж санана. Үнэхээр ч бид тус, тусдаа явсан хэрнээ дэлгүүрт таарч, ажил дээрээ хамт ирцгээсэн юм. Ингээд ажил дээрээ орой бүгд цуглахдаа маргаашийг тэсэн ядан хүлээж байгаа тухайгаа хөөрөлдөж байлаа. Дараа нь сонсох нь ээ, манайхан бүгд л тэр шөнө бараг унтаагүй гэсэн.
Хүсэн хүлээсэн өдөр маань ирлээ. Өглөөний 8.30 цагт ажлын байранд цуглах ёстой байсан ч шөнөжин догдолсондоо ч тэр үү. Зарим маань цагаасаа нэлээд хоцорч ирэв. Уван цуван ирсээр 9.30 цаг гэхэд манайхан цугларлаа. Унаандаа тухалцгааж, нийт 1200 гаруй километр замыг туулсан юм. Аяллын чиглэл маань бүхэлдээ л Чингис хаантай холбоотой газрууд байлаа. Хамгийн түрүүнд “Цонжин болдог” хөшөөт цогцолбор буюу Чингис хааны ташуур олсон гэгдэх газарт очих байв. Замдаа дуулж, хуурдаж явсан учир нэг л мэдэхэд “Цонжин болдог”-т ирчихсэн алхаж явна. Энд гадаадын жуулчдаас гадна монголчууд олон байлаа. Хэдхэн жилийн дараа гэхэд Эрх чөлөөний хөшөө, Эйфелийн цамхаг, Таж махал, Египетийн Пирамид шиг алдартай болох энэхүү цогцолборын хамрах хүрээ урьд нь ирж байснаас их болжээ. Ойролцоогоор ойр орчмынх нь 10 гаруй километр газрыг хашаалжээ. Тэгэхээр тун удахгүй хөшөөн дээр нь гараад хараа бэлчээхэд гүйцэхээргүй асар том байгууламж болох дог шүү. Хөшөөт цогцолбор руу ороход монгол хүн 5000 төгрөгийн тасалбар авна. Хамгийн түрүүнд та Чингис хааны олсон гэгдэх ташуурыг бэлгэдэж хийсэн асар том ташуур болон мөн л тийм хэмжээтэй монгол гутлыг гол танхимд байрлуулсан байхтай таарна. Энд эрчүүд баатар эрсийн хуяг, дуулгыг агсаж зургаа авахуулж болно. Харин эмэгтэйчүүд хатдын болон эртний дээл хувцас өмсөх боломжтой аж. Харин доод давхарт нь хүрэл зэвсгийн үеийн музей байсан нь энэхүү цогцолборыг улам ч чимж байлаа. Цахилгаан шатаар нэлээд удаан явсны эцэст сая нэг Чингисийн морин дэл дээр гарах нь тэр. Гэхдээ бид дээшээ алхаж хүрсэн юм. Аварга том морины дэл дээр гарч, Чингис хаантай хамт зурганд мөнхрөх гэсэн хүмүүсийн дараалал энд Улаанбаатарын замын түгжрэлтэй адил байх нь хэвийн үзэгдэл. Зарим нь бүр “Хүлээж цаг алдаж байхаар зургаа хамт авахуулчихъя” гэх нь ч энүүхэнд гээд бод доо. Монголчууд ийм л яаруу хүмүүс. Харин жуулчид биднийг зургаа хэрхэн авахуулахыг ажиглаж, хүлээж байсан. Үүний эцэст гэнэт л бөөнөөрөө орж ирсэн монголчууд яаж орж ирсэн шигээ л гэнэт алга болно. Тэгээд л жуулчид тайван гэгч нь зургаа авахуулна даа. Энэ хүрэх замд үзвэрийн танхим бий. Энд энэхүү хөшөөт цогцолбор цаашид хэрхэн өргөжих талаар үзүүлдэг юм. Цаг нэлээд саатсан учир бид энэхүү үзвэрийн танхимыг алгасч, мөн л цахилгаан шатыг хүлээлгүйгээр шатаар уруудахад хөгжилтэй байлаа. Аяллын эхний өртөөнд ийнхүү бууснаар бидний дараагийн буудаллах газар Аварга тосон сувиллын газар болж хувирсан юм.
Замд таарсан овоонд идээ өргөж явсаар Хэрлэнгийн гүүрийг давж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орж ирлээ. Аварга тосон руу хүрэхийн тулд засмал замаас гарч, 70 гаруй километр газрыг шороон замаар туулав. Эндэхийн шороон зам нь Улаанбаатарын засмал замаас дээр санагдсан нь хачирхалтай ч үнэн шүү. Нүд алдам цэлийх ногоон тал, цэнхэр тэнгэртэй айлсахыг харахад үнэхээр дуу алдахгүй байхын аргагүй. Хаяанд нь 1000 айлын өвөлжөө байдаг гэгдэх нөмөр нөөлөгтэй Хэрлэнбаян-Улаан ууланд үүлэн хөшиг татсан нь нүд алдам цэлийх ногоон тал цэлмэг тэнгэрийн хооронд ямар нэгэн зааг байгааг илтгэнэ. Бид Цэнхэрийн голыг туулж, зорьсон газраа хүрэх ёстой байсан ч харамсалтай нь Цэнхэрийн гол ширгэсэн байлаа. Энэ гол энд урсаж байсан гэдгийг жижигхэн хуурай сайраас өөр гэрчлэх зүйл байсангүй. Одоо Цэнхэрийн гол “Цэнхэрийн голоор нутагтай” хэмээх дууны шүлэг болон мэддэг цөөхөн хүнийхээ ой тойнд л үлдэж дээ. Бид лав харж чадаагүй юм. Харамсалтай л санагдсан. Ийнхүү замд таарах байгалийн сонин хачныг харж, бахархаж, харамсаж дуу алдаж явсаар Аварга тосонд бид хүрэв. Хар, цагаан хоёр нуурын дунд орших Аварга тосон хэмээх сувиллын газар гэхээс илүүтэй жуулчны бааз уу, ямар нэгэн хотхон уу гэмээр санагдсан. Замбараагүй барьсан гэр, жижигхэн байшингууд нь ингэж хэлэхэд хүргэсэн юм. “Урьдын цагт Аварга тосон гэж ийм ч газар байгаагүй юм” хэмээн тэндэхийн хүмүүс шүүрс алдацгааж байсан. Урьд нь энд үлгэр жишээ сувиллын газар ажиллаж, хар нуурынх нь захаас л хануур хорхой барьдаг байсан юм билээ. Харин одоо хар нуурынх нь хануур хорхой бараг дуусч байгаа гэнэ. Харин цагаан нуурынх нь эрэг дээр бурхан залж, мөргөлийн тавцан бүтээсэн байлаа. Бид цаашаа Хэрлэнгийн хөдөө арал орж, “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулж босгосон Чингисийн хөшөөн дээр очицгоосон юм.
Энэхүү хөшөөг 1990 онд энд босгож байсан бөгөөд тухайн үед улсын баяр наадмаас дутахааргүй наадам хийж байсныг нутгийнхан нь одоо ч гэсэн дурсан Чингис хаанаараа бахархсаар байдаг юм билээ. Эртний бичээс бүхий энэхүү хөшөөний голд Чингис хааны дүрсийг товойлгон сийлжээ. Сахлаа имэрч буй гарт нь нутгийн ардууд болон ирсэн гийчид шар тос түрхсэн байсан учир хөшөө бүхэлдээ тос даасан байв. Хөшөөг Аураг хотын туурийн дээхнэ байрлуулжээ. Монгол Японы хамтарсан төслийн шугамаар Аураг хотын туурийг хашаалсан байсан учир хамаагүй ойртож болохгүй байсан ч энэхүү тууриас археологийн асар их олдвор олдсон, Чингис хааны гэр хот байсан тухай тэндэхийнхэн хуучилсан юм. Сэнгүр горхи, Хэрлэн голын дунд байрлах Хэрлэнгийн хөдөө арлыг зорих бас нэг шалтгаан нь эндэхийн рашаан аж. Хэрлэнгийн хөдөө арал хэмээх нэрийн учрыг “Хэзээ нэгэн цагт энэ хэсэг газар арал байсан байж таарна. Учир нь тэр үед Сэнгүр горхи, Хэрлэн гол одоогийнх шиг жижигхэн байгаагүй нь лавтай. Гол нь мөрөн, горхи нь голын дайтай байсан учир энэ хэсэг газрыг арал гэхээс өөрөөр юу гэх байсан билээ” хэмээдэг юм билээ. Эргэн тойрон улаан хүрэн жижигхэн хадтай энэхүү рашаанд хүрэх гэж Сэнгүр горхины нэгээхэн хэсгийг туулдаг ёстой аж. Харин одоо бол хүмүүс машинтайгаа туулаад, дэргэд нь очдог болсон байна. Хүхэр амтагдсан энэхүү рашаан газар доороос ундардаг байсан ч саяхнаас судлыг нь дагуулж хоолой тавьж, крантаар гоожуулан мөнгөөр худалддаг болсон юм байна. Рашааныг тойруулж хашаа барьж, хамгаалалтад авсан нь сайн боловч крантаар гоожуулдаг болсонд нь энд ирж дассан иргэд нэлээд дурамжхан байсан. Рашаан уух гэсэн хүмүүс мотоцикль хөлөглөн ирэх хүнийг ирэхээс нааш аяга, саваа дүүргэнэ гэж үгүй. Тэр хүн ирж байж л крант онгойж, рашаан гоожино. Хашааны нэг буланд крантаар гоожихгүй рашаан байсан ч хүмүүс түүнээс уух нь тун ховор аж. Учир нь тэнд зэв, замаг бургилдаг юм билээ. Бид рашаанаас уусныхаа дараа гол, горхиноос зайдуу, Аураг хотын туурийн хажууханд хээрийн унд зооглов. “Чингис хаан ч бидэнтэй адил яг энд хоол, цай зооглож байсан даа” гэж бодох тоолонд зүрхнээс нэг зүйл огшиж, монгол хүн болж төрсөндөө, Монгол орон, Чингис хаанаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Хээрийн хоол, цайндаа яриа хөөрөөгөөрөө хачир нэмсэн бид Хэрлэнгийн хөдөө арлаас Өндөрхааны зүг хүлгийн жолоо залцгаалаа.
Буцахдаа яг л ирсэн шигээ байгалийн сайхныг биширч, ирсэн замаараа 70 гаруй километр явж, засмал замд оров. Биднийг засмал замд ороход хэдийнэ гэгээ тасарчээ. Очих ёстой амралтын газрынхан маань цагаасаа хоцорч байгаад санаа зовинон байн байн утас цохино. Ийнхүү хэлхээтэй дөрвөн машин цуварсаар Өндөрхааны бараа харагдах газарт засмал замаас гарч, “Өндөрхааны жуулчны бааз” хэмээх амралтын газарт очив. Нэлээд оройтсон учир хорхогоо маргааш болтол хойшлуулж, хонины шинэ шөлөндөө будаа чанаж, гэдэс идээд хонов. Хонов ч гэж дээ. Үүний дараа зөндөө юм болсон. Эмэгтэйчүүд хоёр байшинд хуваагдаж, эрчүүд нь гурван гэрт хуваагдаж унтахаар болов. Унтахын өмнөхөн адал явдалтай зүйл ярьж, гадаа цэцэрлэгт сууж байтал манай программист залуугийн нүүр хувхай цайчихсан гүйж ирлээ. Тэрбээр чөтгөртэй таарсан гэнэ. Бид анх итгэхгүй “Аан, дамшиглаж байна уу” гээд тоохгүй байсан ч түүний найз охин нь үүнийг гэрчилж, үнэхээр ч энэ хавь сүнстэй байж магадгүй болоод явчихлаа. Бүгд л айж, сандралдаж эхлэв. Шөнөжин айж хоносны эцэст сая нэг үүр цайж бүгд байрлах нь тэр. Хэдийгээр өглөө болсон ч айдас жихүүдэс биднийг нөмөрсөн хэвээр л байв. Шөнийн айдсаас салах гэж үс, гэзгээ угааж сэргэв. Ингэж байтал хорхог бэлэн болжээ. Баг багаас хачраа гаргаж, сайхан хоололцгоолоо. Гэтэл нөгөө чөтгөр гээд байсан маань эндэхийн мэдрэл муутай хүн байсныг бидэнд үйлчилж байсан жуулчны баазын эгч хэлсэн юм. Тэр хүн хааяа чармай шалдан гүйж, гэрүүдээр ордог байж. Тэр ховор тохиолдолтой бид таарч, шөнөжингөө айж хоносноо мэдээд нэг нэгнээ шоолж, сэтгэл тайвширсан ч “Цаашид хээр олон удаа хононо. Тэр үед үнэхээр чөтгөр таарвал яана” гэсэн яриа нэг хэсэгтээ л газар авсан юм. Шөнө ирсэн болоод ч тэр үү. Ойр хавийнхаа сайхныг мэдрээгүй байсан бид сая нэг тайвшрахдаа ямар сайхан байгальтай, тансаг тохижилттой газарт ирснээ мэдэрч дуу алдацгааж байсан нь хөгтэй. Хараа гүйцэхгүй талд баян бүрд аятай орших энэ жуулчны бааз Чингисийн үеийн нэг отгийг санагдуулам аж. Цэцэрлэгт хүрээлэнг тойрсон саравч, саравчийг тойрсон гэрүүд, хажууханд нь байрлах жижигхэн, дүнзэн байшингууд үнэхээр өвөрмөц харагдаж байлаа. Энэ бүхнийг тойруулж зассан замуудыг дагасан гэрэл эртний үеийг орчин үетэй хослуулжээ. Зочны өргөө хэмээх том сийлбэртэй гэрт бид мөн ч их зураг авахуулсан даа. Чингисийн өргөө гэлтэй энэхүү гэрийн хананд эртний бөө мөргөлийн багуудыг өрсөн нь хараа булааж байлаа. Мөн хаан, хатан хоёрын суудал, сандал ширээ нь уран сийлбэрчний ид хавийг гайхуулж байсан сан. Ингээд болоогүй цэрэг эрсийн хуяг, дуулгууд нь ч бүхний анхаарлын төвд байсан юм. Зураг авахуулах цаг өндөрлөж, явах байсан ч бүжгийн цагаар энд байх хугацааг түр сунгав. Усаар байлдангаа бүжгийн талбай дээр нь хэд эргээд бид эндээс Дадал сумыг зорин хурдаллаа.
Үргэлжлэл бий
"Улс төрийн тойм" сонин
