Эргэж заавал ирнээ, эрхэмсэг Ханой баяртай

Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

Эргэж заавал ирнээ, эрхэмсэг Ханой баяртай

Yндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Вьетнамын төрийн VNA агентлагийн хамтран ажиллах протоколын дагуу жил бүр сэтгүүлч солилцдог уламжлалтай. Өнгөрсөн сарын сүүлээр миний бие гэрэл зурагчин Ц.Цэрэннямын хамт тус улсад очоод ирлээ.

Вьетнамын үндэсний мэдээллийн VNA агентлаг Ханой хотын төвд орчин үеийн 12 давхар байшинд байдаг. Биднийг агентлагийн Нарийн бичгийн ба мэдээллийн ерөнхий газрын захирал хатагтай Ву Вьет Чанг хүлээн авч уулзав. Тэрээр “Манай хоёр агентлагийн хооронд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсаны 15 жилийн ой энэ жил тохиож байгаад бид баяртай байна. Бид Ази,Номхон далайн мэдээллийн агентлагийн /ОАНА/ байгууллагын шугамаар МОНЦАМЭ агентлагийн мэдээ, мэдээллийг байнга хүлээн авдаг. Манай мэдээг ч МОНЦАМЭ агентлаг бас хүлээн авдаг уламжлалтай. Хамтын ажиллагааны протоколын хүрээнд бид жил бүр хоёр уран бүтээлч солилцдог. Энэ удаа манай төлөөлөгчид бас МОНЦАМЭ агентлагт айлчилж байгаа хэмээн ярив.

Хатагтай Чанг, 2011 онд Улаанбаатар хотноо болсон ОАНА-гийн их хуралд оролцжээ. Тэрбээр МОНЦАМЭ агентлаг ОАНА-гийн их хурлыг эх орондоо өндөр хэмжээнд сайхан зохион явуулсан. Мөн өнгөрсөн 7 –р сард Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын ХI их хурлыг Монгол улсын Засгийн газар амжилттай сайн зохион явуулсан. АСЕМ-ын их хуралд манай улсын ерөнхий сайд Нгуен Тан Зунга оролцсон” хэмээж байв. Мөн манай хоёр агентлагуудын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгааг тэмдэглээд, тус агентлагийн телевизийн сувгаар МОНЦАМЭ-гийн бэлтгэн ирүүлсэн Монголын тухай киног шинэчлэмээр байгаа тухай санал тавьсныг бид хүлээн авч, энэ тухай удирдлагадаа ирсэн даруйдаа уламжилсан.

Бид хатагтай Чанг болон Ерөнхий захирлын орлогч ноён Нго Ха Тхай, сэтгүүлч Нгуен Конг Там нарт МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойн тэмдэг, бэлэг дурсгалын зүйл гардуулав. Хатагтай Чан номыг үзэж байгаад ОАНА-гийн хурлын төлөөлөгчдийн дунд захирлынхаа хамт авахуулсан зургаа хараад их баярлаж байсан. Тэгтэл тэр зургийг надтай хамт явсан Ц.Цэрэнням авсан байсан нь бүр их сонин байсан шүү. Ерөнхий захирлын орлогч ноён Нго Ха Тхай олон жил Германд сурвалжлагчаар ажилласан, даруу төлөв их боловсролтой нэгэн байсан. Тэр биднийг оройн зоогт урьж, халуун дотно яриа өрнүүлж Ц.Цэрэнням бид хоерт өвөрмөц нэгэн сувдан сондор бэлэглэв .

Бид мэдээний ерөнхий редакциар зочилсон. Ерөнхий редакц бол аль ч агентлагийн гол судас байдаг. Энд хэлний өндөр мэдлэгтэй, ур чадвар сайтай сэтгүүлч, редакторууд ажилладаг бөгөөд дэлхийн мэдээг ТВ-ийн дэлгэцнээс харж, хянаж цаг алдалгүй шуурхай нийлүүлдэг. Энэ редакц вьетнамын 63 бүс нутаг болон гадаадын 37 оронд ажиллаж байгаа VNA-гийн сурвалжлах товчооны сэтгүүлчдийн шинэ мэдээ мэдээллийг 24 цагийн турш хүлээн авдаг ажээ. VNA агентлаг нийт 2500 ажилтантай, тэдгээрийн тэн хагас нь сэтгүүлч, сурвалжлагч юм. Бид агентлагийн хоёрдугаар давхарт байдаг ерөнхийлөгч Хошиминий хөшөөний дэргэд зураг авахуулж, уламжлалын танхимыг үзэв. Танхимын эрхлэгч залуу Фам Суан Куанг биднийг угтаж аваад музейн үзмэрүүдийг нэгд нэгэнгүй тайлбарласан. Ерөнхийлөгч Хошимины гар бичмэлүүд, уншдаг ном, хэрэглэж байсан эд зүйлс болон VNA-гийн сэтгүүлчдийн он цагийг элээсэн мэргэжлийн хэрэгслүүд гээд бусад олон зүйлс сонирхол татаж байв. Хамгийн эмгэнэлтэй болон сонирхол татахуйц нэгэн зүйл нь тус агентлагаас дайнд яваад эргэж ирээгүй сэтгүүлчдийн самбар байлаа. Тэдний хамгийн залуу нь дөнгөж 20 настай байжээ.Тэнд эх орон ард түмнийхээ ирээдүйн сайн сайхны төлөө амь насаа хайрлалгүй тэмцэж явсан 350 сэтгүүлчийн нэрийг жагсаасан байлаа.

Тийм нэг зальтай мөнгө гэхүү дээ, хэ хэ

БНСВУ 85 сая хүн амтай, нийслэл Ханойд нь таван сая гаруй хүн амьдардаг агаад хүн амынхаа тоогоор дэлхийд 13 дугаарт жагсдаг. Вьетнам нь зах зээлийн харилцаа бүхий төвлөрсөн эдийн засагтай. Сүүлийн жилүүдэд тус улс эрчимтэй хөгжиж байгаа орнуудын тоонд зүй ёсоор орж буй ажээ. Гадаадын хөрөнгө оруулалт тус улсын эдийн засагт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн онд тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд 115,1 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. Жишээ нь: 2015 онд Өмнөд Солонгос улс Вьетнамд оруулсан шууд хөрөнгө оруулалтаараа тэргүүлсэн бөгөөд нийт 45 тэрбум долларын хөрөнгө оруулж, 4900 төсөл хэрэгжүүлж буй гэнэ.

Вьетнам улс түүхий нефть, хувцас, арьсан гутал, далайн бүтээгдэхүүн, мебель, цахилгаан техникийн эд анги, цагаан будаа, кофе болон каучук зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолдог байна. Цагаан будаа, кофены тариалалтаар дэлхийд хоёрт ордог. Цай бол Вьетнамын экспортын бас нэгэн гол бүтээгдэхүүн. Вьетнамын 33 бүс нутагт 125 мянган га талбайд цай тариалдаг. Мөн манайхны идэх дуртай вьетнам самрыг /кешь/ 350 мянган га талбайд тариалдаг байна. Загасны ба далайн бүтээгдэхүүний аж ахуй идэвхтэй хөгжин жилдээ 3,5 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолдог. Эдгээр бүтээгдэхүүн нь маш хямд юм билээ. Вьетнамд олон төрлийн жимс ургадаг бөгөөд өмнөд нутгаар нь халуун орны бүх жимс ногоо ургадаг. Тэнд би кокос, ананас, банан, манго гээд л олон төрлийн жимсийг амтархан идэж, жимсний цэвэр жүүс ууж явлаа. Тэрхүү жимсний шүүс яг л халуун орны байгаль цаг уурт таарсан цангаа гаргаж, эрч хүч өгч, сэтгэлд нэг л таатай сайхан хөнгөн мэдрэмж төрүүлдэг юм билээ. Вьетнамын жимс их амттай. Би гадилыг нэг их амтархдаггүй хүн. Харин нэг удаа буудлын өрөөнд тавьсан жимснээс ганц банан аваад идтэл намайг басаад байл уу гэсэн шиг час хийсэн амттай байлаа. Одоо хэр нь аман дотор тэр л жижигхэн гадилын амт амтагдаж, арааны шүлс асгаран Вьетнам орныг санагалзуулна.

Вьетнамд гахай, шувуу, зөгий ихээр үржүүлдэг. Харж байхад тус улс 85 сая хүн хооллох хүнсний программаа гайхалтай шийджээ. Дулаан уур амьсгалтай нэг, хоёр улиралтай ийм оронд хүнсний хангамжийг нь шийдсэн байхад бусад нь юу байхав дээ гэж бодож явлаа. Манайхаас даруй 25 дахин илүү их хүн амтай улс шүү дээ.

Вьетнамын баатарлаг ард түмэн 20-р зуунд гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг хоёр дайнд нэрвэгдэж, олон жил шигүү ойд бүгэн, партизанчилж улс орон, ирээдүйн сайн сайхныхаа төлөө амь насаа үл хайрлан тууштай тэмцэж ирсэн. Биднийг 80-аад онд ЗХУ-д сурч байхад вьетнамын оюутнууд гэр рүүгээ явахдаа түмпэн сав, цахилгаан индүү, ахуйн хэрэглээний бүхий л бараа таваарыг зөөдөг байсансан. Өнөөдөр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн Вьетнамын “Мade in Vietnam“ шошготой брендийн хувцас, гутал, пүүз болон бусад олон төрлийн чанартай бараа таваарыг дэлхий дахинаараа мэдэх болжээ. Вьетнамд явж байхад нэг найз маань ФБ-ээр наана чинь “вьетнам машин засварын газар байна уу” гэж тоглоом шоглоомоор бичсэн байсан. Вьетнам гэхээр манайхан машин засвар гэж зүйрлэх болсон нь энэ улсын хөгжил дэвшлийг илтгэж буй юм. Тэгээд ч манай Улаанбаатарт вьетнам машин засвар нилээд хэдэн газар байдаг болохоор анд маань тэгж асуусан хэрэг. Тэд япон, солонгос, франц, оросын автомашин унадаг. Удахгуй Орост угсарсан машинууд орж ирэх гэж байгаа тухай бидний хөтөч Ань ярьж байсан. Вьетнамчуудын гол унаа мотоцикл юм билээ. Бээжинд унадаг дугуй түгээмэл бол тэнд хөнгөн оврын мотоцикл их дэлгэрчээ. Ханойн гудамжаар мотоциклтой хүмүүс үерийн ус шиг урсана. Мотоцикл нь улсын дугаартай, дүүрэг хотыг заасан үсэгтэй, барихын тулд заавал жолооны дамжаа төгсч эрх авдаг гэсэн. Нийтийн тээвэрт зөвхөн автобус, такси л үйлчилнэ. Бусад хэрэгсэл үгүй.

Вьетнамд ажилгүй сул, зүгээр сууж байгаа хүнийг нэг ч олж харсангүй. Гудамжинд нь хүүхэд, согтуу хүн харагдахгүй. Mагадгүй энэ нь цаг ууртай нь ч холбоотой байж магадгүй. Тэдний цагаан будааны архи хямд үнэтэй юм билээ. Гэтэл уудаг хүн байхгүйтэй адил. Ер нь архи уусан, тамхи татсан хүн байдаггүй бололтой. Айлчлалын хоёр дахь өдөр бид үдийн хоолоо “Элит” ресторанд идсэн. Гэтэл хажуугийн урт ширээнд 10 залуу бүсгүй найз хүүхнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байсан. Тэд найздаа дөрвөл хөгжмөөр “Happy Birthday” дууны аянд мэндчилгээ дэвшүүлж, томоо сагстай цэцэг, бэлэг өгч байсан.

Вьетнамд мөнгө солих тун бэрхшээлтэй санагдсан. Юун хэмээбээс, банкнаас өөр газар валют солихгүй, банк нь бямба, нам гаригт амардаг. Улсаас ч валютыг их хянадаг бололтой. Биднийг байхад нэг ам.доллар 22,260 донг байсан. 100 доллар солиход л хоёр сая хоер зуу мянга гаруй донгтой болчихно. Мөнгөн дэвсгэрт нь хамгийн доод тал нь 5000 тэгээд л цаашаа 500 000 хүртэл. Дэлгүүрт ороод юмны үнэ харахаар 17, 22 гээд бичсэн байдаг. Гэтэл хойно нь тэгүүдийг нь тавьдаггүй ч юм уу, мөнгө дорхноо дуусчихна. Тийм нэг зальтай мөнгө гэхүү дээ, хэ -хэ !

 Надтай махлаг тарган хүн тааралдсангүй. Байдаггүй ч юм уу бүү мэд. Тэд угийн шавилхан биетэйг хэлэх үү, тэгээд ч бас хоол хүнснээс болдог байх л даа, ер нь халуун газрын хүмүүс таргалдаггүй бололтой. Хүүхнүүд нь гоолиг бас ганган. Үндэснийхээ хувцсаа өмссөн вьетнам бүсгүйчүүд үлгэрийн дагина л гэсэн үг. Тэдний үндэсний хувцас биеийн галбирыг нь улам гоё харагдуулдаг болохыг би анзаарсан. Бас вьетнам хүүхнүүд овор багатай. Нас ахих тусам улам гоё харагддаг. Бидний орчуулагч Ань бол мэдлэг боловсролтой, бас их дур булаам сайхан бүсгүй. Түүний нөхөр эмнэлгийн байгуулагад менежер хийдэг гэсэн. Тэднийх хоер охинтой, саяхан зээтэй болсон гэнэ. Анийн эцэг Ломоносовын их сургуулийг төгсч, тэндээ эрдмийн зэрэг хамгаалсан агаад Вьетнамын мэдээллийн агентлагийн Москва дахь товчооныг тэргүүлж байсан ажээ. Ань эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн 2010-2013 онд Москва дахь VNA агентлагийн сурвалжлах товчоонд ажиллаж байсандаа их баяртай байдаг гэнэ. Анх би түүнийг онгоцны буудал дээр хараад 30 гаруй насны л хүн байна гэж бодсон. Тэгсэн том болсон охидтой, зээтэй гэж ярихад уулга алдсан шүү.

Вьетнамчууд хоолондоо их олон төрлийн ногоо, далайн бүтээгдэхүүн, загас, мах иднэ. Ширээ дүүрэн хоол өрж их олон төрлийн юм иднэ. Хамгийн сүүлд манго, алим, шийгуа иднэ. Хоолондоо цагаан гаа их хийнэ. Хоол болгон дээр самар, дарс тавина. Бид чинь байнга Чилийн улаан вино уудаг байв. Бидний хөтөч Там хаана очих, юу үзэх вэ, хэдэн цагт гарах бүгдийг зохицуулна. Маш нямбай, тэр үргэлж л биднийг яаж сайхан амраах вэ, юу үзүүлэх вэ, хаагуур явах вэ, ямар гоё хоол идүүлэх вэ гээд л хаана ямар үнэтэй, чанар сайтай бараа байдаг бүгдийг мэднэ, бүгдийг тохируулна. Бид өглөөний ундаа буудалдаа уугаад өдөр гадуур явж шинэ газар шинэ маягийн хоол иднэ шүү. Вьетнамын 54 ястны өөр өөрийн өвөрмөц амт чанар бүхий хоолыг амталж үзлээ. Амтархан идлээ.

Там бол VNA агентлагт 20 жил ажиллаж байгаа, англи хэлтэй, ерөнхий редакцын сэтгүүлч 50 эргэм настай, алиа хошин зантай, маш соёлч боловсон эр. Тэр VNA-гийн гаднаас ирсэн зочны үйлчилгээнд явна. Тэр бас төрийн айлчлалыг бичдэг аж. Путин, Медведев нарын айлчлалын тухай ярьж байсан. Намайг Орост байдаг болохоор Оросын хоёр даргаар жишээ авч ярьсан нь тэр байх. Там, Ань хоёр маань бидэнтэй бүтэн 7 хоног нэг гэр бүлийнхэн шиг хамт явлаа. Энэ хугацаанд тэд бидэнд олон сайхан юм үзүүлж, зураг хөрөг авч, дэлгүүр хоршоо, зах зээлээр дагуулж явж байв. Мөн жолооч Нгуен Куанг Хиэпийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр их царайлаг, нүдэнд дулаахан, бас тайван, цаг барихдаа яг л швейцарийн цаг л гэсэн үг. Машинаа маш гоё барина. Ханой зам сайтай ч жолоочийн ур чадвар их шаарддаг хөдөлгөөн ихтэй.

1990 оноос хойш бидэнд холын Америк хол биш болсон. Буурал Европоор нэг монголчууд. Эдүгээ дэлхий Ази руу эргэжээ. Вьетнам бол эрчимтэй хөгжиж байгаа орон. Вьетнамд үзэж харах юм дэндүү олон. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчин очдог.

Луу буусан Халонг

Ханойгоос гурван цаг гаруй давхиж Өмнөд-Хятадын тэнгисийн ногоон далай бүхий Халонгд хүрдэг. Ханойгоос Халонг хүрэх 150 км зайд гурван дүүрэг мөн суурин дундуур дайрах агаад цонхоор хүн ардын нь ахуй амьдрал, газар хагалан тариагаа тарих тариачид, үсгүй үхэр мал бэлчиж явахыг харж явав. Ананас, банан, цагаан будааны талбай талаар үргэлжилнэ. Ёотон шиг жижигхэн байшин бариад дараа нь түүнийгээ дээш нь давхарлан аав ээж, ах дүү, амраг садангаараа цугтаа амьдарна. Амьдрал нь дээшлэх тусам байшингаа өндөрлөөд хоёр, гурван давхар болгодог гэнэ. Тэрнээс дээш бараг байхгуй дээ. Газар үнэтэй, хүн ам олонтой болохоор багахан газар байшингаа давхарлан томсгодог бололтой. Замд бид зам засварын ажил хийж байгаатай таарсан. Тэдний тавьж байгаа замын зузаан нь лав 60-70 см зузаан харагдсан шүү. Вьетнамчуудаар зам тавиулмаар юм байна гэж бодож явлаа. Хотын захаар өндөр өндөр барилгатай шинэ хорооллууд босгожээ. Халонг орох замд гадаадын жуулчдад зориулсан зогсоолууд байдаг. Тэнд бэлэг дурсгал болон үнэт эдлэлийн дэлгүүр ажиллан, хүмүүс түр саатаж, бэлэг дурсгалын зүйл авч кофе уух боломжтой. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гараар хатгамал хатгаад сууж байдаг. Дэргэд нь тэдгээрийн бүтээлийг борлуулдаг дэлгүүр нь байна. Маш гоё хатгамал хийсэн байдаг. Яг л зурсан зураг шиг. Үнэ нь янз бүр. Гэхдээ. “hand made” гэхэд харин ч хямд үнэтэй юм билээ.

Халонг гэдэг нь усанд буусан луу хэмээсэн утгатай гэнэ. Тэнгэрт байдаг луу ус руу буутал усны түвшин ихэсч, олон жижиг арал үлдсэн гэдэг домогтой. Халонгийн буланд ойртох тусам далай үнэртэж, тэнгэрийн манан ойртоно. Энд бороо орох нь сонин, гэнэт асгараад л гэнэт зогсоно.

1994 онд ЮНЕСКО Халонгийн буланг дэлхийн өвд бүртгэн хамгаалтандаа авчээ. Эндхийн байгалийн онгон төрх гайхамшигтай. Халонг том жижиг нийлсэн 3000 гаруй аралтай. Тэдгээрийн заримыг музей болгон засч тохижуулжээ. Халонгд жилийн турш хэдэн зуун мянган гадаад, дотоодын жуулчин ирдэг. Тэдний Халонгийн тухай сэтгэгдэл үнэхээр өндөр. Эндхийн цаг уур өвлийн цагт аялахад ч тохиромжтой. Өрнөдийн хориг гарсны дараа Оросын жуулчид Вьетнамыг сонгох болсон нь ийм учиртай ажээ. Энд аюулгүй бас хямд зардлаар манай гаригийн гайхамшгийг үзэн сайхан амардаг. Тиймдээ ч жуулчид Халонгийг сонгож байна.

Зогсоол дээр хэдэн зуун том, жижиг усан онгоц, Түм түжигнэж, бум бужигнасан газар гэвч бүх юм тогтоосон ёс журам, хуулийн дагуу эмх замбараатай.

Өдрийн хагасаар онгоц түрээсэлж бид дөрөв далайд гарсан. Онгоц дээр үдийн хоол идэж, далайн шинэхэн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амттайг хэлэх үү жаргаж л явлаа. Нөгөө оросуудын ярьдгаар, Христийн нөмөрт амар тайван явлаа шүү дээ.

Онгоцонд 3 хүн ажиллана. Ахмад, тогооч-үйлчлэгч, туслах. Бидний далайд гарсан тэр өдөр тэнгэр сайхан, нартай, бороогүй, номин ногоон далайд уснаас ургаад гараад ирсэн гэлтэй нов ногоон арлуудыг сүлжин явахуй дор үлгэрийн хотхоны гүнж шиг л би эрхэмсэг агаад ихэмсэг, энэ газар ертөнцийн нэг диваажин юм даа гэж өөрийн эрхгүй бодогдмоор.

Там, Ань Халонгийн тухай зөндөө сайхан яриа дэлгэнэ. Яг одоо бидний явж байгаа усны гүн 13-15 м гэнэ. Бороо орохоор 20 м хүрдэг гэнэ. Биднийг далайд ороход дэргэдүүр зөндөө олон усан онгоц, завинууд зөрж байлаа. Олон завь байх юмаа. Нэг тийм завьтай ээж, хүү хоёр манай онгоцонд тулж ирж наймаа хийх л гээд байнаа. Тэд шинэхэн хавч, загас,далайн бүтээгдэхүүн зардаг бололтой, бас жимс тавьсан байсан . Манай тогооч харин нилээд юм худалдаж авч байгаа харагдсан. Ийм завьтай хүмүүс завин дээрээ амьдраад хааяа эрэг дээр очиж хэрэгтэй юмаа аваад буцдаг гэнэ.

Бид яг л Путин, Медведев хоёр шиг л явлаа. Учир юун хэмээбээс, Там энэ онгоцоор Путин, Медведев хоёр болон бас миний таних ТАСС-ын ерөнхий захирал Сергей Михайлов нарыг энэ маршрутаар явж байсан гэж ярьсан. Ханойд бидний буусан МELIA зочид буудлын хүндэт зочдын буланд энд ирж тухалж байсан ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон гээд дэлхийн нэр хүндтэй эрхмүүдийн зураг байдаг. Халонгийн буланд нийт 2 сая орчим хүн амьдардаг. Хуучин байшингуудыг буулгаж, орчин үеийн шинэ байшин барилга сүндэрлэсээр байна. Таван одтой зочид буудал, брендийн дэлгүүр, кино төатр, саун, бар ресторан, спам массажны газар гээд далайн эргийн том хотуудад тавтай амрахад зориулагдсан бүхий л үйлчилгээг бүрдүүлжээ. Энд энэ их ард түмний хүн ардынх нь найрсаг харилцаа, шудрага өрсөлдөөн, эх орноо дэлхийд таниулж, хурдацтай хөгжиж буй Вьетнам орны хичээл зүтгэл мэдрэгдэнэ. Би эртний орос заншлаар, эргээд ирэхийн эрхэм бэлгэдэл болгон Өмнөд-Хятадын ногоон далайн үзэсгэлэнт Халонгийн дөлгөөхөн усанд зоос шившин шидлээ. Эргэж заавал ирнээ, эрхэмсэг Ханой баяртай, ихэмсэг Халонг баяртай.

Сэтгүүлч А.Огторгуймаа

Ханой-Халонг-Улаанбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж