Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаатай Рио де Жанейро хотноо зохиогдож буй Паралимпийн үеэр ярилцлаа. Паралимпод оролцож байгаа Монголын баг тамирчидтай Элчин сайд Ч.Сосормаа есдүгээр сарын 12-ны өдөр уулзсан юм.
–Паралимпийн наадам өндөрлөх дөхөж байна. Та Олимпийн тосгонд баг тамирчидтайгаа уулзсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би үнэхээр баяртай байна. Паралимпийн наадамд найман тамирчин, таван дасгалжуулагч болон албаны хүмүүстэй нийлээд 20 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Хэдийгээр баг тамирчдын оролцоо бага байгаа ч амжилтыг сайхан эхлүүлж байна. Ажлын шаардлагаар Рио хотод нэг хоног саатах болсон. Гэхдээ их сэтгэл өндөр байна. Яагаад гэхээр би баг тамирчидтайгаа уулзаад их сайхан эрч хүчийг авлаа. Мөн миний үзсэн пауэрлифтингийн тэмцээн үнэхээр өрсөлдөөнтэй болсон. Э.Содномпилжээгийн ялалтын тэр агшныг харах сайхан байлаа. Тамирчнаа дэмжээд үзэгчийн суудалд сууж байхад их догдолж байсан. Гэтэл эцсийн дүнд манай тамирчин медалийн тавцанд зогсож, тэр сайхан мөчийг хамт хуваалцсандаа баяртай байна.
–Та Бразил улс олимп болон паралимпийн наадмыг хэрхэн зохион байгуулж байна гэж үзэж байна вэ?
-Бразил улс олимп болон паралимпийн наадмыг амжилттай зохион байгуулж байна. Хэдийгээр зургаан сая хүн амтай Рио-де-Жанейро хотноо энэхүү наадам болж байгаа ч гэлээ Бразил хүн бүрийн сэтгэл зүрх шингэсэн. Зика вирусын асуудал гараад эхэлсэн. Гэтэл энд тэнд террористийн халдлага гээд санаа зовоосон зүйл олон байлаа. Харин энэ бүгдэд бүх ард иргэдийнхээ оролцоотойгоор Бразил улс амжилттай наадмыг зохион байгуулж байна. Олон сая ард иргэдээ дайчлан бүхий л хүчээр ажиллаж байгаа. Бразилийн Засгийн газраас том бодлого баримталж, бүх хүчээ дайчлан амжилттай зохион байгуулж байна. Ард иргэд нь энэ бүгдэд сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан.
–Олимпийн наадмын үеэр Монголын баг бэлтгэлийн баазтай байсан. Элчин сайдын яамнаас ихээхэн дэмжлэгийг өгч байсан шүү дээ?
-Зуны XXXI олимпийн наадмын үеэр Монголоос томоохон бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Мэдээж өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл хийх баазыг олох, холбож өгөх гээд яамны зүгээс тусалсан зүйл их бий. Гол нь энд ирсэн ард иргэдийнхээ аюулгүй байдалд гол анхаарлыг хандуулж байна.
–Бразил улс хөдөө аж ахуй дээрээ түшиглэн эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх бодлогыг баримталж байгаа гэсэн. Таны хувьд үүнд ямар дүгнэлтийг өгөх вэ?
-Бразил улс АНУ, Европын холбооны дараа орох хэмжээнд үндэсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Хөдөө аж ахуйн салбартаа ихээхэн анхаарлаа хандуулж байгаа. Бразил улс махаа 150 гаруй оронд экспортолж эхэллээ. Төмрийн хүдэр байна. Мөн кофе, жүржийн шүүс гээд дэлхийд алдартай брэндүүд энд бий. Манай улсын хөрш болох Хятад, ОХУ бол Бразилийн худалдааны томоохон түншүүд. Эндээс суралцах зүйл их байгаа. Тус улсын Засгийн газрын зүгээс Хөдөө аж ахуй дээрээ түшиглэн эдийн засгаа сайжруулахаа мэдэгдээд байна.
–Монголчуудын хувьд юуг илүү эндээс суралцах вэ?
-Мэдээж мах байна. Махны тенологи бол энд маш өндөр түвшинд хөгжсөн. Мөн спортын салбараас хөлбөмбөгийн амжилтаас суралцах гээд сурах юм их байна даа.
–Монгол, Бразил улсын хооронд ойрын үед хийх ямар ажлууд байна вэ?
-Ирэх долоо хоногт Улаанбаатарт Бразил-Монголын худалдааны төвийн нээлт болж, хоёр орны худалдааны төлөөлөгчдийн анхдугаар уулзалт болно. Эндээс төлөөлөгчид явах байгаа. Хоёр орны хооронд зорчиход виз чөлөөлөгдсөн байгаа. Цаашид Аргентин, Чили, Уругвайн улсуудтай виз чөлөөлөх асуудал яригдаж байна.
–Бразил улсад монголын хичнээн иргэн амьдарч байна вэ?
-Бразил улсад 20 орчим монгол иргэн байгаа. Ихэнх нь циркийн тамирчид байдаг.
–Олимп болон паралимпийн наадмын үеэр сэтгэлд тод үлдсэн агшнаасаа хуваалцахгүй юу?
-Мэдээж олимпийн наадмын дараа паралимпийн наадам болж байна. Бид бүхэн олимпийн наадмаас мөнгө, хүрэлтэй буцсан. Тухайн үед би олон хоногийн хугацаатай Рио хотод ирж таарсан. Тэр үед олон сайхан үйл явдлын гэрч боллоо. Олимпийн болон паралимпийн наадмын медаль хүртэх агшин гайхалтай юм билээ. Би паралимпийн багтай уулзаад маргааш нь2016.09.13 сайхан тэмцээн үзлээ. Дээр хэлсэнчлэн Содномпилжээгийн тэмцээн үнэхээр сайхан байсан. Бид үзэгчийн танхимд цөөхүүлээ дэмжиж суусан ч гэсэн их тод үлдсэн агшин байлаа. Паралимпийн аварга, дэлхийн медальтнууд бүр рекорд эзэмшигч тамирчдын дундаас гарч медалийн тавцанд зогсоно гэдэг бол гайхалтай юм билээ. Мөн паралимпийн наадамд байт харвааны төрөлд 40 орон оролцсоноос шилдэг дөрөвт багтсан Монголын холимог баг сайхан амжилтыг үзүүлжээ. Харин надад Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, паралимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа Б.Оюун-Эрдэнэ нарт IV байрын өргөмжлөлийг гардуулах сайхан агшин тохиолоо. Ингээд Монголын паралимпийн хорооны баг тамирчдадаа улам их амжилтыг хүсье. Та бүхэндээ баярлалаа.