Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг маргааш зарлагдсан ч одоогоор цаг тодорхойгүй байна. Үдээс хойш буюу 14.00 цагт эхлэх аж. ҮЗХ-ны хуралдаан Нийслэлийн иргэний танхимд болно.
УИХ-ын сонгуулийн ялагдлын шалтгаанаа дүгнэхээр, намын дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр тус намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа долдугаар сард хийсэн ч төлөвлөсөн асуудлаа гүйцэд хэлэлцэж чадалгүй завсарласан юм. Иймээс маргааш болох ҮЗХ-ны хуралдаан нь дээрх хуралдааны үргэлжлэл болох аж. Өөрөөр хэлбэл, гишүүдийн ирц бүрдэхгүйгээс шалтгаалж ҮЗХ-ны хуралдаан хойшлогдох асуудал гарахгүй юм байна.
УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын дарга асан З.Энхболд албан тушаалаасаа огцорч, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат томилогдсон юм. Түүнийг Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээс татгалзсан гэх мэдээлэл цацагдаад байгаа ч эх сурвалж үгүйсгэлээ.
Өнгөрсөн өдрүүдэд Ардчилсан намын фракцын удирдлагуудад уулзаж, ҮЗХ-ны хуралдааны талаар ярилцахдаа ирэх арванхоёрдугаар сард болох Их хурал хүртэл Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилж, орон нутгийн сонгуульд намаа удирдан зангидаж амжилттай оролцуулах, намын дүрмийн шинэчлэлээ бүхий л гишүүдээрээ хэлэлцүүлж, санал бодлыг нь сонсох Их хуралд бэлтгэх зэрэг үүрэг даалгаврыг өгөх зэрэг асуудлыг хөндсөн тухай мэдээлэл бий.
Г.ДАРЬ