Англи улсын иргэнийг хөнөөсөн этгээдийг цагдаагийн байгууллагынхан өчигдөр баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар дөнгөж сая /2016.09.14/ цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээллийг хийлээ.
Англи улсын иргэн 53 настай Стив Нэш нас барсан байдалтай олдсон тухай дуудлага есдүгээр сарын 1-ний 02.40 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар аймгийн Цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гараад ажилласны дүнд өчигдөр орой энэ хэргийг үйлдсэн Г гэгч этгээдийг баривчилжээ. Улмаар талийгаачаас алдсан эд зүйлийг хулгайлж нуусан газрыг олж илрүүлэн хурааж авсан байна.
Архангай аймгийн иргэн 31 настай Г гэгч этгээд Английн иргэний аминд хүрсэн нь тогтоогджээ. Албаныхны мэдээлж буйгаар Г нь 2016 онд тэнсэн авч байсан байна. Тэнсэнтэй байх хугацаандаа Английн иргэний аминд хүрсэн бөгөөд гадаадын иргэнийг хөнөөснийхөө дараа хохирогчийн бичиг баримт болон онгоцны тийзийг нь устгах гэж байсан аж.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн хэлснээр шүүхийн задлан шинжилгээний анхны дүгнэлтээр Англи улсын иргэн нь гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна. Одоогоор энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэлээ.
Дашрамд дуулгахад, Английн иргэн Стивен Нэш нь 53 настай, парапланы туршлагатай нисэгч байжээ. Тэрээр өнгөрсөн сард Монгол Улсын Хангай нурууны оргилд гарахаар хамтрагчийн хамтаар ирсэн аж. Гэвч наймдугаар сарын 31-нд Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт дээрэмдүүлэн, цээжиндээ хурц үзүүртэй юмаар хатгуулж, бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон юм.
Б.ЗАЯА